Х.Нямбаатар: Эрээний боомтын үйл ажиллагааг түр зогсоосон. Экспорт, Импорт нам зогслоо.

Covid-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас БНХАУ-ын Эрээн хот өнөөдөр (2021.10.14)-өөс эхлэн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Замын-Үүд Эрээний боомт хаагдсан тухай манай сайт мэдээлсэн.

Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын Шалган нэвтрүүлэх албаны хошууч н.Мөнхцогоос тодруулахад “Одоогийн байдлаар Замын-Үүд Эрээний авто замын боомт хаагдаагүй. Зөвхөн Хятадын тал хөдөлгөөн авахыг хориглоод байна” гэсэн хариулт өглөө.

Улсын хэмжээнд нийт байнгын ажиллагаатай 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь ажиллаж буй бөгөөд Чингис хаан боомтоос бусад боомтын зорчигч хөдөлгөөн хаалттай, зөвхөн ачаа тээврийн хөдөлгөөн нээлттэй байна.

Засгийн газрын 2020 оны 39 дүгээр тогтоол дагуу Баян, Сүмбэр, Байтаг, Хавирга боомтуудын үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс түр хугацаагаар хаасан бол Засгийн газрын 2020 оны 172 дугаар тогтоол дагуу Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав боомтуудын үйл ажиллагааг 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс түр хугацаагаар хаасан билээ.

Боомтын үйл ажиллагааг хаах тохиолдолд хоёр улс харилцан мэдээлэл солилцдог. Яг одоогийн байдлаар Гадаад харилцааны яам Хятад улсын Гадаад харилцааны яамд хооронд мэдээлэл солилцон ажиллаж буй ч Эрээнд тогтоосон хөл хорионы улмаас хилийн боомт хэд хоногийн хугацаатай хаагдах талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэхдээ, БНХАУ-ын Эрээн хотод дотоодод нь халдвар гарсан. Тиймээс Эрээн хотын 30 гаруй мянган оршин суугчаа өнөөдөр бүгдийг нь шинжилгээнд хамруулах асуудал тавигдсан учраас боомтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо гэж Монгол Улсын хилийн байгууллагад мэдэгдсэн.

Манай улсын тээвэрчид хятад иргэнтэй ямар нэгэн байдлаар холбогдох боломжгүй дэглэм сахиулсаар ирсэн. Тухайлбал, монгол жолооч хилийн 0 цэг дээр машинаа үлдээдэг. Тухайн цэг дээр Эрээнд тусгаарлалтад байгаа жолооч ирж, машиныг нь аваад өөрсдийн гааль дээр хүргэж өгдөг. Гаалийн хашаанаас цааш өөр нэгэн хятад жолооч агуулах руу явж, ачааг ачиж, буцаад гаалийн хашаанд хүргэх өгөх байдлаар сүүлийн хэдэн сар явж байна. Өөрөөр хэлбэл, манай талаас халдвар хамгааллын дэглэм зөрчсөн, ариутгалын функт эвдэрсэн тухай мэдээлэл байхгүй гэв.

Монгол Улсын экспорт, импортын гол хаалга болсон тус боомтын үйл ажиллагааг хэдий хугацаанд нээж, хаах шийдвэр гарсан талаар мэдээлэл өгөхийг Монголын талаас хүсчээ.

БНХАУ-ын Эрээн хотод суугаа консул Т.Мөнхгэрэлийн мэдээлснээр, Эрээнд албан ёсоор хөл хорьсон гэж хэлэхэд учир дутагдалтай байгаа аж. Учир нь дүүрэг дүүргээр нь түр хаасан байдалтай байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар сургууль цэцэрлэг, албан байгууллагууд ажиллаагүй, 12:00 цагаас эхлэн бүх иргэнээс PCR шинжилгээ авч, эхний ээлжийн шинжилгээний хариу гарсны дараа хөл хориог хэд хоногоор тогтоох тухай албан ёсны шийдвэр гарах аж. Мөн өнөөдөр тус хилийн боомтоор ачаа тээврийг оруулж, гаргахгүй юм байна.

Эрээний онцгой комисс өнгөрсөн шөнө хуралдаж, хөл хорьж, шинжилгээ авах шийдвэр гаргасан ч Монголын консулын газарт энэ талаар урьдчилж хэлээгүй аж. Хамгийн сүүлд авсан мэдээллээр, Эрээний гааль дээр ажиллаж буй бүх ажилчныг шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *