​Ажилгүй залуусыг нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургалтад хамруулж эхэлжээ.

Засгийн газар залуучуудын ажлын байрыг дэмжих буюу “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа. Тус хөтөлбөрийн хүрээнд сүүлийн гурван сар ажил хийгээгүй залуусыг 14 хоног сургалтад хамруулж, 14 хоногийн дадлага хийлгэх бөгөөд энэ хугацаанд залууст сая төгрөгийн тэтгэлэг олгох юм.

Мөн тус хөтөлбөрийн хүрээнд жил бүхэн 5000 мянган залууг сургалтад хамруулахаар төлөвлөөд байгаа бөгөөд энэ жил сургалтад хамрагдах 5000 залууг бүртгэж дууссан байна. Ирэх жилийн бүртгэлийг он гаргаад зарлана гэдгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Энэ жилийн анхны сургалт есдүгээр сарын 2-нд эхэлсэн бөгөөд 1211 залуу хамрагдаж, одоо ажлын байран дээр дадлага хийж байгаа аж. Харин хоёрдугаар ээлжийн танхимын сургалт эхлээд явж байгаа бөгөөд 726 залуу хамрагдаж байна.

Энэ жил шаардагдах 11 тэрбум 800 гаруй сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын батлагдсан төсвийн багцаас зохицуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан руу санхүүжүүлэх юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Манай улсад 15 ба түүнээс дээш насны 2.1 сая хүн бий. Тэдний 994 мянга эрэгтэй, 1.1 сая нь эмэгтэй байна. Ажилгүй иргэдийн 58 хувь нь хүнсний эрхийн бичиг авч байна. 15-39 насны буюу хөдөлмөр эрхлэх боломжтой атлаа ажил хийдэггүй иргэд олон байна. Сүүлийн жилүүдэд бид ядуурлын талаар их ярилаа.

Халамжаас хөдөлмөрт шилжиж л бид ядуурлаас гарна. Иймд 18-35 насны залуучуудыг нэг сарын вакуумжсан сургалтад суулгана. Тэднийг хөдөлмөрийн зах зээлд бэлдэнэ. Энэ сургалт тэтгэлэгтэй. Залуусын хандлагыг өөрчлөх нь бидний гол зорилт. 20-30 мянган ажлын байр эзнээ хүлээсээр л байна. Залуус тогтвор суурьшилтай ажиллахгүй байна гэж ажил олгогчид байнга хэлдэг.

Иймд залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Нийт 10 их наяд төгрөгийг зарцуулах хөтөлбөрийн нэг хэсэг болох юм” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *