Монголын нутгаар хий дамжуулсны төлбөрт жилд ойролцоогоор 1 тэрбум ам.доллар төсөвт төвлөрүүлэх юм.

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас Хятад руу байгалийн хийн хоолойн трассыг 966.8 км урттай байхаар ТЭЗҮ боловсруулагдаж байгаа юм. Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаагийн хэлснээр, хийн хоолойн төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 60 хувьтай яваа бөгөөд энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж буй юм байна.

Байгалийн хийн хоолойн төслийн ажлын явцыг түргэтгэх асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2021.10.12) холбогдох албаныхантай уулзжээ. Энэ үеэр Тусгай зориулалтын компанийн гүйцэтгэх захирал Асеев Евгений Николаевич “Цаашид барилга угсралтын ажлын бэлтгэл хангах үүднээс инженерийн судалгааны ажил руу ороход бэлэн болсон тул Монгол Улсын Засгийн газраас бодлогын зарим туслалцаа дэмжлэг хэрэгтэй байна” гэжээ.

Тухайлбал, барилга угсралтын тусгай зөвшөөрөл олгох, ажиллах хүчний квот тогтоох, Тусгай зориулалтын компанийн ажиллах хүчний зөвшөөрлийг сунгах, гадаад ажиллах хүчний хураамжийг чөлөөлөх, хөнгөлөх гэх мэт асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлүүлэх туслалцаа дэмжлэг хэрэгтэй байгааг хэлсэн байна. Шадар сайд С.Амарсайхан энэ талаар анхаарч ажиллахаа илэрхийлжээ.

Энэ хүрээнд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ татах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Засгийн газрын хуралдаанд ойрын хугацаанд оруулж шийдүүлэхээр тогтсон байна.

Төлөвлөгөө ёсоор жилд 50 тэрбум м/куб хийг Монголын нутгаар дамжуулах бөгөөд хий дамжуулсны төлбөрт ойролцоогоор нэг тэрбум орчим ам.доллар төсөвт төвлөрүүлэх тооцоолол гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *