Супер од Деонтей Уайлдер дэлхийн тулаанд Монгол койныг сурталчлав.

Өнөөдөр АНУ-ын Невада мужийн Лас-Вегасын T-Mobile ордонд мэргэжлийн боксын хүнд жингийн супер тулаан боллоо.

Цыганы хаан хочит Тайсон Фьюри Хүрэл бөмбөгдөгч Деонтей Уайлдер нар гурав дахь удаагаа гар зөрүүлсэн нь энэ бөгөөд 2018 оны 12 дугаар сард болсон анхны тулаанд тэд тэнцсэн бол 2020 оны хоёрдугаар сард Тайсон Фьюри долоодугаар үед хүнд цохилтоор ялж, WBC холбооны аваргын бүсийг нь булаан авсан билээ.

Гурав дахь тулаан хоёр ч удаа хойшилсны эцэст өнөөдөр болж байгаа юм. Жин үзэлтээр Фьюри 125,6 кг байсан бол Уайлдер 18 кг хөнгөхөн буюу дөнгөж 107,9 кг татжээ.

Ингээд тулаан эхэллээ. WBC холбооны хүнд жингийн аваргын бүсийн төлөөх тулаан.

Фьюри Эртний Ромын гладиаторын хувцастай гарч ирсэн бол Уайлдер Нигерийн Эдо омгийн хувцас сонгожээ. Үүнд бас нэгэн онцлох зүйл байгаа нь Уайлдерийн шортны баруун талд IHC буюу инфляцийн эсрэг монгол койны лого харагдаж байлаа.

Энэ нь Монголын Их Бит ХХК-иас крипто зах зээлд гаргаж буй сурталчилгаа юм. Энэ компани койноо анхдагч зах зээлд наймдугаар сарын 25, хоёрдогч зах зээлд есдүгээр сарын 13-нд гаргасан билээ. Хэдий удаагүй байгаа ч дэлхийн хэмжээний супер тулаанд зар сурталчилгаагаа гаргана гэдэг тун шинэлэг зүйл боллоо. Дэлхийн олон сая хүн, Леброн Жеймс, Шидэт Жонсон, Кэван Дурант нарын одод үзэж суухад цэнхэр дэлгэцээр монгол койн гарч байлаа.

Хоёр тамирчин тулааныг тун эрчтэй эхлүүллээ. Бүтэн 12 үе тоглоно гэхэд ийм эрчтэй эхлэдэг тулаан ховор. Тэр тусмаа хүнд жингийнхэнд.

Эхний үеийг Уайлдер авсан. Хоёрдугаар үеэс аварга ажиллаж эхэлээ. Гэхдээ эхний хоёр үед америк залуу давамгайлсан. Гуравдугаар үеэс Фьюри ажиллаж эхлэн, хүнд цохилтоор унагалаа. НОКДАУН. Үе дуусаж байсан тул Уайлдерт сэргэх боломж олдсон юм. Ингээд л Тайсон удахгүй ялах нь гэж бодож байтал тавдугаар үед Уайлдерийн баруун цохилт байндаа тусаж, Фьюри унах нь тэр. Дуусахын алдад Фьюри дахин унасан. Хүнд цохилт биш байж болох ч шүүгч ямар ч гэсэн тоолсон билээ.

Уайлдер дайрч эхэллээ. Даанч хэт олон цохилт алдах аж. Энэ бол үнэхээр энэ жилийн шилдэгт тооцогдох тулаан байна.

Зургаадугаар үеэс америк боксчин сууж эхэллээ. Гэхдээ долоодугаар үед эн тэнцүү үзэлцсэн. Харин наймдугаар үеэс Тайсон ялах нь бараг ойлгомжтой болоод ирлээ. Эмч Уайлдерийг хянаж, тоглолтыг зогсооход бэлэн. Харин Уайлдер яаж тэсээд байгааг мэдэхгүй, үзэлцсээр л.

Тайсон хүнд цохилтоор ялах хүсэлтэй нь илт. Харин Уайлдер тэвчсээр. Арваннэгдүгээр үе хүртэл тулаан үргэлжилж, Тайсоны угсраа цохилтын дараа Уайлдер уналаа.

Сүүлийн хэдэн жил хүнд жинд харагдаагүй супер тулаан. Тайсон Фьюри анх удаагаа аваргын бүсээ хамгааллаа.

Тулааны дараа Фьюри хамгийн түрүүнд “Би Цыганы хаан” гэж хэллээ. Тиймээ, тэр үнэхээр хаан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *