Би ирэх зун Монголоор аялж, “The Hu” хамтлагийнхны шивээсийг хийсэн хүнээр шивээс хийлгэнэ.

Үндэсний урлагаа дэлхийд сурталчилж буй The Hu хамтлагийн аялан тоглолт АНУ-ын мужуудаар үргэлжилж байгаа билээ. Өчигдөр гэхэд тэд Техас мужийн Хьюстонд тоглолтоо хийсэн бол өнөөдөр Далласт тоглоно. The Hu хамтлагийн анхны цомог болох “Гэрэг” борлуулалтаараа биллбоардын жагсаалтыг тэргүүлж байсан удаатай.

“Чингис хаан” одонт Тhe Hu хамтлаг өдгөө уран бүтээлийн арвин амжилттай байхын хэрээр олон улсын фэнүүдийн тоо нь ч өсөж байна. Тэдний олон улсын фэн группын цахим хуудаст хамтлагийн зураг, бичлэг, сэтгэгдэл, талархлууд ар араасаа хөвөрнө.

Тэнд Аллисон Б.Уоллес бүсгүй “Би нэг жил хуримтлал үүсгээд, Монголд очиж The Hu хамтлагийнхны шивээсийг хийсэн Бандгагаар шивээс хийлгэхээр шийдлээ” хэмээх постыг бичжээ. Бид The Hu хамтлагийн фэн Аллисон Б.Уоллестэй цахимаар холбогдож, Монголд ирэх хүсэл, өөрийнх нь шивээс, хамтлагийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

“THE HU” ХАМТЛАГИЙН ДУУНУУД ЯГ Л ИД ШИД ШИГ, СҮНСЛЭГ МЭДРЭМЖИЙГ ТӨРҮҮЛДЭГ

Та хаана амьдардаг вэ?

Би АНУ-ын Пенсильвани мужид амьдардаг.

-Монголд ирж шивээсчин Бандгагаар үйлчлүүлэхээр шийдсэн талаарх таны пост анхаарлыг минь татлаа. Та хэзээ Монголд ирэхээр төлөвлөж байна вэ?

Ирэх жилийн зургаадугаар сард гэж найдаж байна. Дэлхий даяар цар тахлын нөхцөл байдал намжиж, эргээд бага зэрэг хэвийн нөхцөлдөө орох цагт очно доо. Би аль хэдийнэ олон шивээс хийлгэсэн, мөн эндээ хийлгэж болох ч өөр орноор аялангаа, тэндэхийн чадварлаг шивээсчнээр хийлгэх нь илүү сонирхолтой байх болно гэж бодож байна.

Энэхүү адал явдалт галзуу санааныхаа талаар бодохоо больж чадахгүй байгаа. /инээв/ Болдог бол би одоо ч Монгол явахыг хүсэж байна. Энэ нь шивээс хийлгэх хүслээс гадна амралт, аяллын нэг төлөвлөгөө юм уу даа.

Та хэзээнээс The Hu хамтлагийн фэн болсон бэ?

2020 оны хоёрдугаар сараас хойш. Мэдээж тийм урт хугацаа шиг сонсогдохгүй байгаа байх л даа. Гэхдээ аливаа хөгжимд дурлахад цаг хугацаа хамаагүй гэж боддог. Тэдний дуунуудыг сонсохоо больж чадахгүй байгаа мэт л байна. Анх санамсаргүй байдлаар буюу “Оддын дайн” видео тоглоомын “Jedi: Fallen Order” дууг нь сонссоноор тэднийг мэддэг болсон. Бас сайн ч видео тоглоом болсон шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *