Зузаан түрийвчтэй ч оюун санааны хувьд гуйлгачин хэсгээ бид элит гэдэг.

“Аугаа эрин: Хөх илдний очис” роман тань уншигчдын төдийгүй мэргэжлийнхний ч анхаарлыг татаж байна. Энэ романаа бичих санаа хэзээ гарав?

2004 онд “Хубилайн сүйдсэн флот буюу Шулмын салхи” нэртэй түүх, уран сайхны нийтлэл бичсэн юм. АНУ-ын баруун эргийн Элээд амьдардаг танил маань тэр нийтлэлийг уншаад “Үүгээр кино хийвэл маш сайхан кино болох нь ээ.

Өнөөдөр Холливүүд сэдвийн өлсгөлөнд гүн орсон. Ойр хавийн хамаг сэдвүүдээ мөлжөөд дуусаж байна. Харин чи энэ нийтлэлээ кино зохиол болговол надад Холливүүдэд таньдаг найруулагч бий. Би үзүүлье. Бүтэж ч юу магад” гэсэн юм.

Тэгээд урам ороод кино зохиол бичих гэж тэр үед оролдсон. Бүр Холливүүдийн Кино зохиолчдын гарын авлага гэдэг хоёр хуруу зузаан номыг хүртэл олж аваад уншсан.

Гэвч би чадаагүй. Түүх, уран сайхны нийтлэл бичих нэг хэрэг, харин тэр том үйл явдлыг ул суурьтай, итгэл үнэмш бичнэ гэдэг тун амаргүй болохыг ойлгосон юм. Наад зах нь гэхэд тэр цагийн монгол далайчдын зэвсэглэл, хүнс юу байсан юм, ямар дохио зангаа хэрэглэдэг байсан бэ, япон дайчид яаж жагсдаг, солонгос хийгээд Сүн улсын дайчид ямар хувцастай байсан гэх мэтээс эхлээд Их Монгол улс, Япон, Солонгос, Хятадын Сүн гэх мэт зүүн болон зүүн өмнө Азийн улс орнуудын улс төр, цэргийн ажиллагаа ямар байсан гэх мэт маш олон зүйлийн талаар үнэхээр мэдлэг дутуу байгаагаа ухаарсан.

Зүгээр нэг юм бичээд гаргаж болно л доо. Гэхдээ л ийм том түүхэн үйл явдлын тухай тийм нимгэн мэдлэгээр, бас хөнгөн хуумгай бичнэ гэдэг бол тэр их түүхээ зүгээр л үл хүндэтгэсэн төдийгүй до ромжилж буйтай адилхан зүйл болно.

Тэгээд зогсохгүй Японд манай их цэ рэг дай ран орсон тэрхүү үйл явдал нь Юань гүрний гадаад бодлого төдийгүй XIII зуунд ялан мандсан Их Монгол гүрний язгуур үзэл санаатай гарцаагүй холбоотой болохыг ойлгосон. Тэгэхээр зөвхөн ганц тэр үйл явдлыг таслан үзүүлэхэд ч ихээхэн учир дутагдалтай болж байгаа юм. Тэгээд судалгаа хийж эхэлсэн.

10 гаруй жил өөрийн хэр хэмжээндээ судалж, сонирхож уншсаны үр дүнд ер нь Их Монгол гүрний мөн чанар нь нэг тийм юм байна, түүнийг харуулахын тулд бүр Хамаг Монголын үеэс буюу өнөөх “Одтой тэнгэр орчиж, Олон улс хямралдаж” байсан хүнд хэцүү цаг үеэс эхлүүлэх хэрэгтэй юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болсон юм.
Хэдий өнөө миний судалсан, уншсан маань чамлалтай ч одоо хойш тавилгүй, бас өөрийгөө гололгүй бичих цаг болсон гэж үзээд өнгөрсөн намар суусан даа.

Та яг романаа хэдэн сар, жил сууж бичив? Таныг 10 жил бичсэн гэж дуулсан.

Хэдий арав гаруй жил бодож, эрж хайж, төлөвлөж, янз бүрийн дүр цээжин цаанаа төсөөлж явсан ч яг бичих нь өнгөрсөн оны 10 сарын сүүлээр суугаад энэ оны 1 сарын сүүлээр дууссан. Гурван сар гаруй хугацаа юм уу даа. Түүнээс биш 2004 оноос хойш тасралтгүй бичээд байсан гэсэн үг биш шүү дээ.

Ер аливаа зохиол бүтээл гэдэг бол уран бүтээлчийн тэр зохиолыг бичих үе хүртэл хураасан мэдлэг, амьдралын туршлага, ур чадвар, өөр юу байдаг билээ, тэр бүхний үр жимс нь. Хэрвээ 10 орчимхон жилийн туршлага, мэдлэгээр бичиж буй бол харин ч бага хугацаа, олигтой ч бүтээл туурвил гарах нь юу л бол. Тэгээд ч энэ их үйл явдлын тухай тийм хөнгөн гоомой хандаж боломгүй дээ.

“Аугаа эрин” нэгдүгээр дэвтэр гэсэн байна лээ. Цаашдаа үргэлжилнэ гэсэн үг үү?

Үргэлжилнэ. Миний төсөөлж буйгаар 1170-аад оноос 1280-аад он хүртлэх 108 орчим жилийн хугацаанд Евразид өрнөсөн тэр их үйл явдлын тухай тодорхой хэмжээгээр илэрхийлэх учир нэг хоёр ботид багтах боломжгүй юм. Юутай ч 5 боть болох болов уу. Гэхдээ эхнийхээ ботид хичээгээд хичээгээд дөрөвхөн жилийн үйл явдлыг багтаав. Энэ янзаар бол 5 биш 20 гаруй боть болж ч мэднэ.

Тэгэхээр бид 20 боть роман уншиж магадгүй нь ээ?

Өө, надад бол тийм бодол огтхон ч алга. 20 боть роман бичнэ гэдэг миний хувьд боломжгүй, бас солиотой явдал. Яаж ийгээд 5 орчим ботид багтаахгүй бол болохгүй. Их сайндаа 8 боть болно. Нэг зохиол бичих гээд хамаг амьдралаа зориулчихна гэж юу байх вэ?

Надад өөр бичихээр сэдэв, санаа бишгүй байна. Бас дээр нь цаг хугацааны хувьд ч боломжгүй. Би роман бичих гээд 30 жил нухсан Гончаров биш шүү дээ… Надад тийм тэсвэр тэвчээр болоод боломж нөхцөл огтхон нь ч байхгүй.

Та дараагийнхаа ботиудыг хэдийд уншигчдын гар дээр тавихаар бодож байна вэ? Уншигчид нэлээд нэхэж, үгүйлж байгаа нь анзаарагддаг.

Бас л хэцүү асуулт байна. Уг нь би энэ наадмын өмнө 2-р ботио, шинэ жилээс өмнө 3-ыг нь, ирэх онд үлдсэн 2 ботийг нь биччихнэ гэсэн бодолтой байсан. Гэвч аж ахуйн ажилтай зууралдсаар байгаад 3, 4, 5 гэсэн гурван сарыг алдчихлаа. Ийн цаг хугацаа алдах хэрээр цээжин цаана байж ядсан харуусал халаглал төрж буйг мэдэрдэг. Гээд яахав. Юутай ч энэ ойр зуурын ахуй амьдралын жижиг сажиг асуудлыг цэгцэлж авахгүй бол бас тухтай бичиж чадахгүй шүү дээ. Гэхдээ хэдий 3 сар алдсан ч ямар нэгэн саад садаа л тохиолдохгүй бол энэ ондоо багтааж 2 болон 3-р ботиудыг биччихнэ гэсэн итгэл бол байна.

ҮНДЭСТЭН ОЙ САНАМЖАА АЛДАХ АЮУЛЫГ БИД АЛХАМ ТУТАМДАА САНАЖ БАЙХ ЁСТОЙ

Түүхэн уран сайхны бичлэгийн хөгжлийн эрин үе ирж байна гэж судлаачид ярих болов. Энэ талаарх таны бодол? Та ч бас тийм түүхэн нийтлэлүүд цөөнгүй бичсэн санагдана. “Бат, Сүбээдэй нар Дорнод Европт”, ”Айн-Жалудын домог” “Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн флот” зэрэг цөөнгүй нийтлэлүүдийг тань уншигчид сайн мэднэ.

Яах аргагүй түүхийг уран сайхны нийтлэл хэлбэрээр илэрхийлдэг туурвилзүйн хүчирхэг урсгал түрээд ороод ирлээ. Түүх дангаараа уншигчдад хүрэх нь бага, цөөхөн мэргэжлийнхэн л уншина. Харин түүхийн тэр олон баримт, логик, үзэл санааг уран сайхнаар, гэхдээ түүхэн гольдрилоос нь гаргалгүй, гажуулалгүй бичих аваас маш олон уншигчдад хүрч байна. Уншигчид ч дан уран зохиол, эсвэл дан түүх уншихаас илүүгээр тийм төрлийн бүтээлд татагдах болсон нь анзаарагддаг.

Ийм төрлийн нэг том төлөөлөл бол монголчууд бидний сайн мэдэх Жак Уэтерфорд байна. Хэдий түүх судалгаа талаасаа учиргүй өндөр түвшний биш ч жирийн уншигчдад түүхийг хүүрнэн хүргэж чадаж байгаа амжилтаараа маргашгүй юм.

Манай түүхчид, судлаачдаас Жек Уэтерфордын номонд шүүмжлэлтэй хандаж буй нь бас хааяа сонсогддог?
Түүхийн зарим гаргалгаатай нь санал нийлэхгүй тал бий. Гэхдээ монголчуудын хувьд Жак Уэтерфордод бидний түүхийг дэлхий дахинд хамгийн үр бүтээлтэй хүргэн эерэгээр сурталчилж чадсанд талархах ёстой. “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” ном нь л гэхэд 36 оронд, хэдэн сая хувиар хэвлэгдсэн. Энэ ном бүхний цаана монголын түүхийн сурталчилгаа, мэдлэг, мэдээлэл түгэж байгаа.

Хамгийн гол нь Жек монголын түүхийг маш эерэг талаас нь харж, тайлж, монгол хүний зүрх сэтгэлээр бичсэн. Манай түүхийн талаар бичсэн гадны эрдэмтэн судлаачдын үнэмлэхүй олонхид нь дутагддаг нэг зүйл бол Монголын түүхэнд их харь хөндий хандаж, бидний сэтгэлгээ, ахуй соёлын онцлог байдлыг огт үл анзааран өнгөрдөг явдал юм. Харин Жекийн хувьд эсрэгээрээ. Монголын төр ч түүний гавьяа зүтгэлийг үнэлж одонгоор шагнасан.

Түүхийг уран сайхны нийтлэл хэлбэрээр сонирхолтой бичих нь ямар их үр дүнтэй болохын тод жишээ энэ. Харин манай түүхчид эрж олсон арвин баялаг, нэн сонирхолтой баримтуудаа эгэл жирийн уншигчдад хүргэх талаар учир дутагдалтай. Гэтэл авьяастай сэтгүүлч, зохиолчдод нь түүхэн мэдлэг илэрхий дутдаг. Тэгэхээр би түүхчдэд Жекээс үлгэр аваасай, зохиолчдод түүхээ сайн судлаасай л гэмээр…

Манай түүхэн зохиол бичиж буй зохиолчдын түүхийн судалгаа хэр далайцтай байдаг вэ?

Далайцтай судалгаа хийж бичдэг зохиолчид манайд бий шүү дээ. Б.Ринчен гуайн “Заан Залуудай”-г уншихад л мэдэгдэнэ. Бид тэр чулуун зэвсгийн үед аялаад ирсэн мэт болно. Мөн “Зүрхний хилэн”, “Манан будан” зэрэг олон түүхэн роман бичсэн Ж.Пүрэв гуайн судалгаа нөр их болох нь анзаарагддаг. Т.Мандир ахын судалгаа ч бас нясуун, гайхаж алмайрмаар шүү.

Та уран зохиолын түүхэн танин мэдэхүйн ач холбогдлын тухайд юу хэлэх вэ?

Зарим тохиолдолд мэргэжлийн түүх бичлэгээс ч илүүгээр тухай цаг үеийг түүхэн зохиол тодорхойлох нь бий. Марксыг эдийн засгийн засаглалын мөн чанарыг нээсэн алдарт “Капитал”-аа бичихэд нь тухайн үеийн толгой эдийн засагч Прудоноос илүүгээр Бальзакийн нийгмийн романууд тус болсон тухай дурссан байдаг. Дундад зууны Европын сэтгэлгээний маш өвөрмөц онцлог, хандлагыг “Дон Кихот”-оос л харахаас биш ямар нэгэн түүхийн судалгааны бүтээлээс олж харахад бэрх.

Эртний Мисирийн түүхийг түүхийн сурах бичгээс илүүгээр Пруссын цуврал роман барим тавим өгүүлж магадгүй. Ромын хүчирхэг гүрэн м ө х ө н унасан шалтгааныг Синкевичийн роман илүү тодорхой харуулдаг, Парисийн коммуны гал бадарсан урианы цаана юу болсныг А.Франсын “Ундаассан бурхад”-аас, Туркийн эзэмшлийн үеийн Балканы хойгийн ард түмний амьдралын нарийн ширийнийг Иво Андричийн “Дарина голын гүүр”-ээс мэдэж болох шүү дээ. (Энд зөвхөн сонгодог зохиолуудын тухай яриа юм. Түүнээс биш түүхэн зохиол бүхэн танин мэдэхүйн хувьд ийм өндөр түвшинийх байдаггүй.

С. Молор-Эрдэнэ филисофич “Чингис хаан Монголд юу ч бүтээгээгүй…” гэлээ. Ер нь Монголын түүхийг гадаадад төдийгүй дотооддоо ч үгүйсгэх хүн байдаг?

С. Молор-Эрдэнэ докторын хувьд ямар санаагаар тэгж хэлснийг мэдэхгүй юм. Огт мэдэхгүйдээ тэгж хэлсэн гэдэгт эргэлзэж байна. Зориудаар өдөөж, цочоон сэрээх гэсэн ч байж магадгүй. Түүнээс тийм энгийн зүйлийг мэдэхгүй баймааргүй.

Ер нь Монголынхоо түүхийг үгүйсгэдэг, ерөөсөө түүх хэрэггүй гэж үздэг, зөвхөн эдүгээ цаг үеэс, өнөөдрөөс л маргааш эхэлнэ гэж ойлгодог харалган байдал манай залуучуудын дунд үзэгдэл хэмжээнд харагдаад байна. Бидний үндэстэн уг язгуураа онож мэдэхгүй бол хаана ч хүрэхгүй. Хөгжих ч үгүй.

Үүнийг хэрхэн яаж ойлгуулахыг би мэдэхгүй байна. Харалган мэдлэггүй байдал нь хөөргөн дэвэргэнтэй нийлэхээрээ жинхэнэ төөрөгдөл, туйлшрал болох юм. Зарим нь бүр зориудаар ч монголын түүх, өв соёл руу нулимж байна. Харамсалтай л…

Түүх өв соёлоо танин мэдэхийн ач холбогдлын талаар та залууст хандаж юу хэлэх вэ?

Олон учир шалтгаан бий. Юуны өмнө үндэстэн өөрийнхөө онцлогийг хадгалсан тусгаар улс байхын нэг тулгуур багана нь түүх соёл. Түүх соёл, өв үгүй бол бид нэг л мэдэхэд ха рийн соёлд автаж, харийн бод логын зол иос болж, үндэстэн м ө х н ө.

Тийм гашуун явдал дэлхийн түүхэнд цөөнгүй байсан. Бидэнд ч нэг бус удаа туршиж байв. Манж болоод хятадууд монголчуудын түүх, өв соёлыг ба ллуурдаж, түүхэн санамжыг нь у с т г а хын тулд хэдэн зууны туршид холын хараатай хо рон бодлого явуулж ирсэн байдаг. Өгөөдэй хааны цэцэглүүлсэн Хархорин хотыг хятадууд эзэлж аваад бүтэн тоосго ч үлдээгээгүй нураасан. Хархорины номын сан хэдэн сар шатсан юм гэнэ билээ. Мин улсын эхэн үед Монгол үсэгтэй ном бүхнийг шатааж байлаа.

Манжууд монголын айл өрх бүрээр явж, уг удам, түүх соёлын ном судрыг хураан авч, оронд нь бурхны шашны ном түгээсэн. Асар их зүйл хураасан гэдэг. Алтан ургийн өрх бүрд Монголын Нууц Товчоо байсан гэдэг. Тэгээд хураан авсныгаа шатаасан.

Энэ бүхний үр дүнд бид өнөө хүртэл Монгол бичгээрээ бичсэн Монголын Нууц Товчооны эхгүй сууж байгаа шүү дээ. Азаар хятад үсгээр галиглаад бичсэн тулдаа нэг эх бүрэн эхээрээ үлдэж. Сүйтгэгчид хятад бичгээр бичсэн тэр эхийг анзаараагүй хэрэг.

Хожимхон социалист үзэл суртлын дор ч манай өв соёлд их хэмжээгээр ха лдсан. Өнөөдөр ч ардчиллын далбаан дор харийн олон янзын соёл ямар ч хяналтгүйгээр орж ирж буй нь манай өв соёл, уламжлалт сэтгэлгээнд маш ноцтой гам шиг болж байна. Өнөөдөр мэдсэн мэдээгүй, санаатай санаагүйгээр “Монголын түүх гэж байхгүй”, “Өнгөрсөндөө битгий амьдар, зөвхөн ирээдүйгээ хар”, “Ирээдүйгүй хүмүүс л өнгөрсөнөө ярьдаг” гэх мэт тархи угаалтын илрэлүүд их сонсогдож байгаа нь тэр бүхний л үр дүн шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *