Бензин шиг “УСНЫ XOМСДОЛД” орох цаг ойрхон байна.

Улаанбаатар хот хэзээ нэг өдөр усны хомсдолд орох эрсдэл бий юу?

Гэр хорооллын иргэд өдөрт 7-14 литр ус хэрэглэдэг бол орон сууцны оршин суугч 140-160 литр ус хэрэглэдэг. Өдрөөс өдөрт нэмэгдэж буй барилгажилт нэг талаараа агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чухал нэмэртэй боловч нөгөө талдаа усны эрэлтийг огцом нэмэгдүүлж байгаа юм.

Монгол орны нутаг дэвсгэр олон жилийн дунджаар жилд 608,300 сая шоомерт усны нөөцтэй. Гэтэл сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөнх цас, мөсөн голын зузаан нимгэрч, эзлэх талбай багассантай холбоотойгоор усны нөөц 564,800.0 сая шоометр болж багасжээ.

Усны нийт нөөцийн 34,600 сая шоометрийг гол, мөрөн, 500,000 сая шоометрийг нуур, 19,400 сая шоометрийг мөнх цас, мөсөн гол, 10,800 сая шоометрийг нь газрын доорх ус эзэлдэг байна. Усны нөөцийн 80 орчим хувь нь нийт нутаг дэвсгэрийн 30 хувьтай тэнцэх талбайд буюу хангайн бүсэд, томоохон голуудын хөндийд бүрэлдэж бий болдог.

Говийн бүсэд ашигт малтмалын олборлолт эрчимжиж, аж үйлдвэрлэлийн гол түшиц газар болгохоор төлөвлөж байгаа хэдий ч өсөн нэмэгдэх усны хэрэгцээг хангахуйц нөөцгүйн улмаас усны хомсдол нүүрлэх, улмаар үйлдвэрлэлийн хүчин чадлыг хязгаарлах нөхцөл байдал үүсэж болзошгүй байгаа аж.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Уг хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн төсөл болох Улаанбаатар хотын ус хангамжийг баруун эх үүсвэрээс нэмэгдүүлэх буюу Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн шинэ эх үүсвэрийн усны нөөцийг тогтоох ажлыг 2019 онд хийж гүйцэтгэжээ.

Баруун шинэ эх үүсвэрийн хайгуул судалгааны ажил болон туршилт шавхах ажлын үр дүнд газрын доорх усны нөөцийг Шувуун фабрикийн хэсэгт 885 л/с буюу 76 460 м.куб/хоног, Биокомбинатын хэсэгт 736 л/с буюу 63 590.0 м.куб/хоног, нийт 1 621.0 л/с буюу 140 050 м.куб/хоног байхаар баталсан байна. Ингэснээр Улаанбаатар хотын баруун хэсгийг ундны усны эх үүсвэрээр хангах боломж бүрджээ.

Харин улсын хэмжээнд ахуйн чанарын шаардлага хангахгүй ус хэрэглэж байгаа 30 гаруй сум, суурин байдаг. Иймд нэн тэргүүнд эдгээр сумыг чанарын шаардлага хангасан, баталгаатай ундны эх үүсвэрээр хангах, мөн зарим аймгийн төвүүдийн ус хангамжийн эх үүсвэрийн ашиглах хугацаа дуусаж байгаа учир дахин усны нөөц тогтоох ажлыг зохион байгуулах, гидрогеологийн хайгуул судалгааны ажилд шаардах зардал, хөрөнгийг шийдвэрлэж, жил бүрийн төсөвт тусгах шаардлага тулгарч байгааг салбарын сайд онцолж байв.

Хүн амын өсөлт, хотжилт, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн хөгжлийн хурдац, төлөвлөлтийг харгалзан гол ус хэрэглэгчдийн хэтийн төлөвийг тоймлон тооцож үзэхэд, 2030 онд ус хэрэглээ 3-4 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Мөн 2020 оны усны тооллогын дүнгээр 116 гол горхи, 381 булаг шанд, 180 нуур тойром, 5 рашаан ширгэсэн дүн гарсан.

Цаашид усны температур нэмэгдэж, ууршилт ихсэх, урсац буурах хандлагатай байгаа бөгөөд ялангуяа говь хээрийн бүс байгалийн аясаар хуурайшиж, усны нөөцийг ууршилтаар алдаж байгаа нь усны хомсдол бий болох нэг гол шалтгаан болж байна. Түүнчлэн хүн амын өсөлт, үйлдвэрлэлийн хэт төвлөрлийн улмаас Улаанбаатар хотын ус хангамжийн асуудал ч цаашдаа хүндрэх төлөвтэй байна.

Иймд усны нөөц бүхий бүс нутгаа түшиглэн хаягдал багатай дэвшилтэт технологи ашиглан боловсруулах үйлдвэрлэлийг төвлөрүүлж хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өндөр үр ашигтай зарим төслийн хувьд усны нөөцийг шилжүүлэн ашиглах төслийг хүрээлэн буй орчинд хохирол багатай байхаар төлөвлөн хэрэгжүүлэх боломж байна.

Энэ хүрээнд усны нөөцийг тогтмол байлгахад чиглэсэн ус хуримтлуулан зохицуулах чадавхыг бий болгох зорилгоор өндөр уулын бүсийн Сэлэнгэ, Орхон, Эг, Хэрлэн, Ховд зэрэг томоохон гол мөрөнд урсцын тохируулгатай, олон зориулалтын цуваа усан сангууд байгуулж, байнгын ус хэрэглээг хангах боломжийг бүрдүүлэх нь чухал гэж салбарын яам үзэж байгаа.

Мөн говь, хээрийн бүсэд газрын доорх усны ордын орчимд үерийн усыг тогтоон барих далан, шингээх худаг, нэвчүүлэх цөөрөм байгуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх арга технологи нэвтрүүлэх туршилт судалгааг эхлүүлж, газрын хэвлий дэх усны нөөцийг тогтоон барих замаар эмзэг экосистемийг хамгаалах шаардлагатай гэж үзэж буй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *