БИЧЛЭГ: Дорнод аймагт хар ялааны нүүдэл үргэлжилж байна.

Дорнод аймагт хар ялааны нүүдэл болж буй талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Тодруулбал, сүүлийн жилүүдэд хавар, намрын улиралд хар ялааны нүүдэл болдог тухай иргэд цахим хуудастаа бичжээ.

Хар ялаа нь зөвхөн тус аймагт дэгдээгүй, тал хээрийн бүсийн бутлаг ургамал, өвс болон зарим нэг модонд үүссэн бөгөөд бусад аймаг, сумдад ч их хэмжээгээр тарж байгаа аж. Албаны хүмүүсийн ажиглалтаар нүүдэллэж буй хар ялааны гол замд Чойбалсан хот оршиж буй юм байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өнгөрсөн жилүүдэд хар ялааны дээжийг “Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн” рүү явуулсан бөгөөд дүгнэлтээр энэхүү хар ялаа нь урын бөөс буюу хайлаас модны үндсэн гол хортон шавж болох нь тогтоогдсон байна.

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хар ялаа ycтгах зөвлөмж өгсний дагуу хавар, намрын улиралд хар ялааны хорыг хайлаас мод болон бусад цэгүүдэд цацдаг аж. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллах ёстой учир шөнийн цагаар хор цацаж буй юм байна.

Хар ялаа нүүдэллэж байгаа учир хор цацаад ч хурдан хугацаанд алга болохгүй, байгалийн давагдашгүй хүчин зүйл хэмээн албаны хүмүүс үзэж байна. Тэд “Одоогийн байдлаар хар ялааны нүүдлийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй байна” гэсэн юм.

Хүмүүсийн хэлж байгаагаар, экологийн тэнцвэрт байдал алдагдаж, хүний зүй бус үйлдлийн улмаас амьтад олноор үхэж үрэгдэн, шавж хорхой байгалийн дайсангүй болсны улмаас хэт үрждэг. Үүний нэг илрэл нь энэхүү хар ялааны нүүдэл. Дорнод аймгийн хувьд уул уурхайн зохисгүй хэрэглээнээс болж экологийн тэнцвэр хамгийн ихээр алдагдсан хэмээн үзэх талтай юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *