Приус машины ашиглалтаас гарсан батарейг $100 буюу 280,000₮-өөр худалдаж авна.

Агаарын бохирдол, ир­гэдийн эрүүл мэндэд хортой асуудлыг зөвхөн утаагаар хязгаарлаж, хамгийн аймшигт хор утаа мэт ойлгох нь дэндүү өрөөсгөл. Гэтэл түүнээс хэдэн арав дахин хортой, таны эрүүл мэндэд удам дамжин аюул учруулдаг автомашины батарей, аккумуляторын хор хөнөөлийг ойшоодоггүй нь харамсалтай.

Бид энгийн нэг ахуйн хэрэглээ мэт гэр орон, ойр орчимдоо ил задгай байлгаад байдаг аккумулятор, тэр тусмаа автомашины батарей нь найрлагандаа хүний удмын санд нөлөөлж, сэтгэхүйн болон дотор эрхтэнүүдийн хямрал үүсгэдэг хүнд метал­луу­дыг агуулж байдаг аж. Түүгээр ч үл барам сүүлийн үед монголчуудын өвч­лө­лийг тэргүүлээд буй тө­рөл бүрийн х о р т хавдрын эх үүсвэр болдог гэдгийг “Аюул­тай хог хаягдлын үндэсний холбоо”-ны Нарийн бичгийн дарга, эрдэм шин­жил­гээний ажилтан П.Буянхишиг мэ­дээллээ.

Тэгвэл нийс­лэл­чүү­дийн ихэнх нь бензин бага зарцуулдагийг нь бодож приус машин унадаг. Бидний өргөн хэрэглээ болсон “приус” маркын авто машины нэгэнд нь л гэхэд багадаа 40 ширхэг батарей байдаг гэнэ. Мэдээж хэ­рэг­лээгээ дагаж приус засварын газрууд ч 200 метр тутамд бий гэхэд хэтий­дэхгүй. Гэтэл энэ олон засварын газрууд, приусны сольсон батарейгаа хаана хаяж, хэрхэн хадгалдаг юм бол.

Энэ талаар сурвалжлахаар авто засварын газруудаар орлоо. Бидний очсон эхний приус засварын газар Сонгино­хайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах тодорхой нэргүй “Приус засвар” гэх том хаяг бүхий газар байлаа. Хотын зах болоод ч тэр үү биднийг очиход тус газраар үйлчлүүлэх автомашинууд дараалал үүсгэсэн байв.

Ачаалал ихтэй учраас бидэнд мэдээлэл өгөх завтай засварчин байсангүй. Засварчдын нэгний зөвлөснөөр засварын газрын эзэн Т.Энх-Оргилыг ирэхийг хүлээж, түүнээс приусны сольсон батарейнуудыг хаана хадгалдагийг нь тодрууллаа.

Түүний хэлснээр тус засварын газар долоо хоногт хамгийн ихдээ 50-60 батарей сольдог гэнэ. Зарим өдөр нэг ч батарей солихгүй байх тохиолдол ч олон аж. Тэрбээр сольсон батарейнуудыг тусдаа өрөөнд хадгалдаг гэсэн боловч тус газрын ойр орчим, хаалганы хажууд, ойролцоох замын дэргэд гээд энд тэнд сольсон батарейнууд харагдаж байв.

Эдгээр ил задгай хэвтэж байгаа батарейг яагаад тусгай өрөөндөө оруулаагүй байгааг лавлахад “Биднийг ямар их ачаалалтай ажиллаж байгааг харж байгаа биз дээ. Бидний гол ажил иргэдийн авто машиныг засварлаж өгөх болохоос биш хог хаягдал түүж, цуглуулах биш. Бид ажлаа дууссаны дараа бүгдийг нь цуглуулж, батарей хадгалдаг өрөөндөө хийдэг” хэмээн тайлбарлав.

Хугацаа нь дууссан ганцхан ширхэг батарей л гэхэд хүний у д м ы н санд нөлөөлөх, х о р т хавдар үүсгэх бодисыг ялгаруулж байдгийг мэргэжлийн судлаач хэлж байна. Гэтэл засварын газрын ойр орчимд хор ялгаруулагч эдгээр батарей болон аккумулятор, ашигласан тос, масло халуун наранд ээгдэн энд тэнд хэвтэх. Эдгээр хор уршгийн талаар засварын газрын эзэнд хэлэхэд ойшоох нь бүү хэл ажилд саад болоод байна хэмээн уцаарлаж байх аж.

Бидний очсон дараагийн засварын газар бол нэлээд томд тооцогдох бөгөөд төрөлжсөн үйл ажиллагаа явуулдаг газар байлаа. Энд приус засварлахаас гадна, машин угаалга, сэлбэгийн худалдаа зэрэг үйл ажиллагаа явуулж байв.

Тус засварын газрын засвар­чин М.Бат-Ирээдүйн хэлснээр тэдний­хээр өдөрт багадаа 10 гаруй жолооч үйлчлүүлдэг аж. Энд мөн л мөнөөх аймшигт х о р ялгаруулагч хаягдал батарейнууд хаа сайгүй ил задгай хэвтэх аж.

Тэд сольсон батарейнуудыг мөн л тусдаа өрөөнд хадгалж, түүнийг нь ирж авахыг хүлээдэг байна. Тэд өнгөрсөн долоо хоногт хоёр жилийн турш хадгалсан 900 гаруй батарейг тушаажээ. Хаана тушаадгийг нь тодруулахад, засварчин залуу энэ талаар сайн мэдэхгүй гэлээ.

Ямартай ч өнгөрсөн долоо хоногт тэдний хоёр жил хадгалсан батарейнуудыг ачааны машинтай хэдэн хүн ирээд ачаад явсан гэв. Сурвалжилбал, тэдний батарейг ачаад явсан хүмүүс нь “Имай Амка” гэх компанийн ажилчид аж. Одоогоос хоёр жилийн өмнө ирээд явсан тус компанийнхан өнгөрсөн долоо хоногт ирж, ийнхүү цугларсан батарейг нь аваад явсан нь энэ байж.

Улсын хэмжээнд хаягдал батарей худалдан авч, хадгалдаг ганцхан компани байна Бидний нэрлэж заншсанаар 32-ын тойргоос уруудаад приус засварын газрууд эгнэж буусан айлууд шиг гудамж үүсгэжээ. Хамгийн эхний засвараар ороход хашаанд нь дөрвөн приус үйлчилгээ авахаар дугаарласан байв. Дотогш орвол хоёр приус 20 маркийн авто машин засварт орж байлаа.

Нэг нь батарей солиулах, нөгөө нь оношилгоо хийлгэж байгаа аж. Энэ хавийн засварын ажилчид хаягдал батарейг худалдаж авдаг систем нэгдсэн зохион байгуулалтад орж, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага нэмэгдэхийг хамгийн их хүлээж байгаа гэнэ. Яагаад гэвэл зориулалтын дагуу хадгалж чаддаггүйн дээр хадгалах байр дутмаг байдгаас засварын газрынхаа ханаар өрдөг байна.

Бидний орсон дараагийн засварын газар өмнөх орсон газрууд­ын мэдээлснээс хэд дахин их тоог хэлж байв. Тухайлбал, сүүл­ийн хоёр сарын дотор приус 20, 30-ын батарей мянга гаруй ширхгийг буюу ойролцоогоор 40 орчим авто машиныхыг бүрэн сольжээ. Үүн дээр нэмээд приус 10 машины 200 орчим хаягдал баттарейг нийлүүлж, нийт 1600 орчим хаягдал батарейг засварын газартаа хадгалж байгаа аж.

Уг нь өмнө дурьдсан “Имай Амка” гэх компани ширхгийг нь 200-300 төгрөгөөр худалдаж авдаг хэдий ч сүүлийн жил гаруй хугацаанд ирээгүй аж. Приусны батарей солих үйлчилгээ үзүүлдэг хүмүүст аюулгүйн зааварчилгаа, хадгалах стандарт огт байдаггүйгээс зүгээр л засварын төвийнхөө ханыг дагуулан өрж орхисон байна.

Тэр хавийн хэд хэдэн приус засварын төвийн байдал бүгд ижилхэн нөхцөл байдалтай байлаа. Хаягдал батарейг эхэн үедээ шил, лааз түүдэг хүмүүс дотроос нь тугалга хайж хагалж, цоолдог тухай мэдээлэл ч эндээс дуулдлаа. Харин ихэнх элемент нь шингэн хэлбэрээр агуулагддаг учраас элдэв хүчилд хордсоны дээр зараад мөнгө болгочих олигтой юм олоогүй учир сүүлдээ тоохоо больсон гэнэ.

Приус засварынхан бүгд хаягдал батарей худалдаж авдаг “Имай Амка” компанийнхныг хүлээн өнөөх х о р той эдээ үйлчилгээнийхээ талбайд хадгалсаар байна. Засварчдын хэлж буйгаар “Имай Амка” компаниас өөр хаягдал батарей худалдаж авдаг газар байдаггүй аж.

Хаягдал батарейг хилээр гаргах хууль эрхзүйн орчин дутмаг байна

Бид “Имай Амка” компанийн холбогдох утсыг интернетээс олж, н.Тамир гэх хүнтэй холбогдон засварын газруудаас авсан батарейгаа хаашаа явуулдаг талаар нь тодрууллаа. Түүний хэлснээр тэд засварын газруудаас батарейг нь цуглуулж, Япон улс руу гаргадаг аж.

Гэвч Монголоос гадагш гаргах хууль эрх зүйн зохицуулалт байдаггүйгээс хүндрэл их байдаг гэнэ. Харин Монголд байгаа хятадуудад автомашины эдгээр хаягдал эд ангиудыг амандаа орсон тоогоор буюу үнэгүй шахам худалдаж аван, нутаг руугаа тээвэрлэдэг ажээ. Уг нь япончууд даруй 50-60 хувийн илүү үнэ санал болгодог ч хуулиас болоод хүндрэл их байдгийг тэрбээр ярилаа.

Тэд хамгийн сүүлд цагаан сарын өмнө буюу өнгөрсөн хоёрдугаар сард 40 гаруй тонн батарейг Япон улс руу гаргажээ. Хятад улс х о р т о й хаягдлыг өөрийн нутаг дээгүүр тээвэрлэхийг зөвшөөр­дөггүй тухай ч тэрбээр учирлав. Ашиг гээд байх зүйл хомс ч гэсэн энэхүү х о ртой хаягдлыг эх орноосоо холдуулж, дахин боловсруулах техникийн хүчин чадал бүхий орон руу гаргахыг зорьж, ийнхүү Япон түншүүд­тэйгээ хамтран хил давуулж байгаа аж.

“Имай-Амка” компани хаягдал батарей­нуудыг засвар­­ын газраас өөрсдөө очиж авдаг бөгөөд батарейгаа хаялгүй хадгалж байгаад тушаахыг зөвлөдөг гэнэ. Үйл ажиллагаагаа явуулаад дөрвөн жил болж байгаа учраас зарим засварын газрууд өөрсдөө авч ирж өгдөг болсон тухай ч тэрбээр олзуурхан ярьж байлаа. “Имай-Амка” компанийнхан нэг ширхэг батарейг 300 төгрөгөөр худалдаж авдаг аж.

Нийслэлийн хэмжээнд 500 гаруй мянган авто машин хөдөлгөөнд оролцож байгаагийн ихэнх нь приус машин. Гэтэл тэдгээрээс гарах энэ их хаягдал батарейг дахин боловсруулалтад зуучилдаг ганцхан компани байгаа нь харамсалтай.

“Имай-Амка” компанийн захирал н.Тамирын хэлснээр хэн дуртай нэг нь хаягдал батарейг хил давуулаад байдаггүй бөгөөд одоогоор тус компани нийслэлийн хэмжээний бүх хаягдал батарейг хадгалах нөөц бололцоо байгаа гэв. Гэвч ганцхан компани үүнд хангалттай гэж байгаа ч бодит байдалд үнэхээр ганц компани хангалттай байж чадахгүй байгаа нь засварын газруудын нөхцөл байдлаас тодхон харагдана.

Автомашины батарейн ашиглалтын хугацаа дууссан цагаасаа их хэмжээний хорт бодис орчин тойрондоо ялгаруулан 100-150 жилийн хугацааны туршид хордуулдаг тухай Аюултай хог хаягдлын үндэсний холбооны эрдэм шинжилгээний ажилтан П.Буянхишиг ярилаа. Тэрбээр хог хаягдал дахин боловсруулах 13 үйлдвэр байдгаас аюултай хог хаягдлын нэг болох аккумулятор дахин боловсруулах үйлдвэр ганцхан ширхэг байдаг гэв.

Аюултай хог хаягдал гаргагч аж ахуйн нэгжүүдэд тухайн хаягдлыг өөрийн байрандаа хадгалж, үйл ажиллагаа явуулах зөвшөөр­лийг БОАЖ-ын яам өгдөг гэдгийг бидэнд дуулгав. Гэтэл бидний орсон засварын газруудын ихэнх нь ийм зөвшөөрөл аваагүй бөгөөд зарим нь тийм зөвшөөрөл байдаг гэдгийг ч мэдэхгүй байв. Зөвшөөрөлтэй эсэхийг тодруулахад “Зөвшөөрөл авах ямар шаардлага байгаа юм бэ.

Тэгж цаг заваа үрж байснаас ажлаа хийж байсан нь дээр биз дээ. Өөрсдөө ажлын байр бий болгоод амьдарч байхад дэмжихээсээ өмнө төрөл бүрийн шаардлага тавьж, хүндрэл учруулах ямар хэрэгтэй юм бэ” хэмээн бухимдах хүн ч байлаа.

Япон улсад уг батарейг үйлдвэрүүд нь $100 буюу 280,000₮-өөр худалдаж авдаг юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *