Г.Ёндон: ОХУ, БНХАУ манай улсад энэ сард шатахуун нийлүүлэх боломжгүйгээ мэдэгдсэн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, шатахуун импортлогчдын төлөөлөл яагаад шатахууны хомсдол үүсэж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Уул уурай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: -Манай улс сард 38-40 мянган тонн АИ92 шатахуун хэрэглэдэг. Үүний 95 орчим хувийг ОХУ-аас авдаг. Үлдсэн хувийг нь БНХАУ-аас нийлүүлдэг. ОХУ сар бүр хамгийн багадаа 28 мянган тонн АИ92 шатахуун нийлүүлнэ гэсэн гэрээтэй.

Наймдугаар сарын сүүлээр ОХУ энэ хэмжээний шатахуунаа есдүгээр сард нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ нь үйлдвэртээ засвар хийж байгаатай холбоотой. Ер нь жил бүр засвар хийдэг. Мөн цар тахлаас шалтгаалаад есдүгээр сард 17 мянган тонныг л нийлүүлнэ гэж мэдэгдсэн.

Тиймээс БНХАУ-тай яриа хэлэлцээ хийсэн. “China oil” компанитай шатахуун импортлогч таван аж ахуйн нэгж гэрээ хийсэн. Гэрээний дагуу сар гаруй хугацаанд хэрэглэх шатахууны төлбөрийг хийсэн. ОХУ энэ сарын 16-ны байдлаар өгнө гэж мэдэгдсэн 17 мянган тонн шатахууныхаа долоон мянга 400 тонн шатахууныг өгөөд байсан. Гэвч өчигдөр аравдугаар сарын 1 болтол шатахуун нийлүүлэх боломжгүй болчихлоо гэж гэнэт мэдэгдсэн.

Мөн БНХАУ манай улсад нийлүүлэх шатахуунаа төмөр замын тээврээс шалтгаалан энэ сард нийлүүлж чадахгүй нь. Аравдугаар сард нийлүүлье гэж мэдэгдсэн. Тиймээс импортлогчид өчигдрөөс хязгаарлалт хийсэн. Шадар сайдтай хамт өнөөдөр БНХАУ-ын Элчин сайд уулзсан. Энэ уулзалтаар гэрээ хийж, төлбөрөө төлсөн шатахууныг яаралтай тээвэрлэх боломжийг бүрдүүлж өгөхийг хүслээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр: -Өнгөрсөн долоо хоногт бид мэдээлэл хийхдээ 18-19 хоногийн нөөцтэй гэж мэдэгдсэн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 14 хоногийн нөөцтэй байна. Төвийн бүсэд ойролцоогоор дөрөв хоногийн нөөцтэй байна. Орон нутагт бол хэвийн байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *