МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью Йорк хотноо хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцохоор хүрэлцэн ирлээ. НҮБ-ын төв байранд болох Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож буй төр, засгийн тэргүүн нарыг хүндэтгэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтах арга хэмжээнд оролцоно.

Энэ удаагийн чуулганы хуралдааныг Мальдив улсын Гадаад хэргийн сайд Абдулла Шахид даргалж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ.

КОВИД-19 цар тахлын улмаас энэ удаагийн чуулганд 71 орны Ерөнхийлөгч, 34 орны Ерөнхий сайд биечлэн оролцохоор иржээ.

НҮБ-ын төв байрны гадна талбайд гадаадын төлөөлөгчид болон АНУ-ын иргэдээс коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээний цэгийг шинээр байгуулан, ажиллуулж эхэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *