22:00 цагаас хойш хатуу хөл хорино. Ингэснээр халдварын тархалтыг 20 хувиар хумина.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Баярболд: Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 69 хувь нь вакцины нэгдүгээр тундаа хамрагдсан байна.

Түүнчлэн дархлаа сэргээх гуравдугаар тунд 240 мянган хүн хамрагдаад буй. Өмнө нь зөвхөн зорилтот бүлгийн хүмүүс гуравдугаар тунд хамрагддаг байсан бол одоогийн байдлаар хамрагдалтын хүрээг тэлж 18 наснаас дээш бүх хүн өрхийн эмнэлэгт хандан дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Түүнчлэн энэ сарын 13-наас эхлэн томуугийн дархлаажуулалт эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 270 цэгт 847 эмч ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр томуугийн дархлаажуулалтыг хийж байна.

Үйлчилгээний байгууллагууд гэрээний хэрэгжилтийг хангахгүй байна. Хурим найр зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулсаар байна. Эрдэмтдийн зөвлөлөөс 22:00 цагаас хойш хөл хорио тогтоох санал гаргасан. 22:00 цагаас хойш хязгаарлалт тогтоох нь халдварын тархалтыг 20 хувиар хумих боломжийг олгоно.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга асан А.Амбасэлмаа: Коронавирусийн халдвар нутагшмал болж үлдэх эрсдэл өндөр байна. Вирус өнөөдөр ycтах уу хэзээ өвчин арилах вэ гэж иргэд асууж байна. Коронавирустэй дасан зохицож амьдрах нөхцөл шаардлага үүсэж магадгүй. Ковид 19 улирлын томуу болж үлдэх эрсдэл бий. Тиймээс ард иргэдийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Үүнээс гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авах хэрэгтэй.

Цар тахалтай тэмцэхэд төрийн манлайлал маш чухал. Ард иргэд төр нэг нэгэндээ итгэж энэ цар тахлын ард гарна. Ард иргэд төрдөө итгэх хэрэгтэй гэж уриалмаар байна. Цар тахлыг хяналтад авахад иргэн бүрийн оролцоо маш чухал. Цар тахлаас гэр бүлээ хамгаалахын тулд дамжих замыг таслан зогсоохын тулд хичээх хэрэгтэй. Дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэй. Хэрэв халдварт өртсөн бол эмнэлгийн тусламжийг маш хурдан авах хэрэгтэй.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр: Дэлхийн улс орнуудад дельта хувилбарын тархалт маш өндөр байна. АНУ, Их Британи, Монгол зэрэг улсууд дельтагийн давалгаанд өртсөн улс орноор нэрлэгдэж байна. Мю гэх шинэ хувилбар бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн 45 улсад бүртгэгдээд буй. Дельта болон Мю хувилбар холилдсон тохиолдолд дэлхий даяар маш өндөр давалгаа үүсэх эрсдэл үүссэн. Дельта хувилбар халдварлах чадвар маш өндөр тул амны хаалтаа хаана ч зүүж явахыг ДЭМБ-аас уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *