Арслан зааныг дахин амьдруулах төсөлд 15 сая ам.доллар зарцуулах ба бид тун удахгүй энэ сүрлэг амьтаныг…

Арван мянга орчим жилийн өмнө дэлхийд амьдарч байсан арслан заанууд бүрмөсөн ycтаж үгүй болсон. Энэ сүрлэг амьтныг дахин амьдруулах шинжлэх ухааны төсөл сүүлийн 10 гаруй жил яригдаж байгаа ч ажил хэрэг болоогүй байв. Одоо эрдэмтэд арслан зааныг сэргээх төсөлд 15 сая ам.долларын санхүүжилт олсноо зарлажээ.

Энэ санхүүжилтийг биотехнологийн Colossal компани гаргахаар болсон байна. Уг компанийг мэдээллийн тенологийн салбарын бизнесмэн Бэн Ламм, Харвардын анагаах ухааны сургуулийн генетикийн профессор Жорж Чурч нар хамтран байгуулжээ. Жорж Чурч нь генийг засварлах технологийн анхдагч эрдэмтэн юм.

Эрдэмтэд эхлээд заан, арслан зааны эрлийз тугалыг лабораторийн орчинд гаргах зорилт тавьжээ. Ингэхдээ тэд Азийн зааны арьснаас авсан эсийг арслан зааны олдвороос авсан ДНХ-тэй нийлүүлж, дахин программчлах гэнэ.

Хэрвээ төсөлд ямар нэг саад учрахгүй бол зургаан жилийн дараа үс ноостой зааны тугал лабораторийн хиймэл умайнаас төрөх юм.

“Бидний зорилго бол арслан заантай яг адилхан харагдах хүйтэнд тэсвэртэй зааныг бий болгох юм. Тодруулбал Цельсийн -40 хэмийн хүйтэнд амьдрах чадвартай, заан, арслан зааны бүх чанаруудыг шингээсэн амьтныг бий болгоно” гэж профессор Чурч ярьсан байна. Мөн “Бид зөвхөн арслан зааныг дахин амьдруулаад зогсохгүй, Арктикийн бүс нутагт шинэ эрлийз сүрэг бий болгох юм” гэж төслийн хамтрагч Ламм ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *