Ч.Лодойсамбууг “Боксын Холбооны Ерөнхийлөгч” болохыг урив.

Хууль зүйн сайд, Монголын боксын холбооны тэргүүн Х.Нямбаатар дараах байр суурийг илэрхийлжээ.“9 сарын 5-ний өдөр Монголын боксын холбооны бага хурал болсон. Энэ хурлаар намайг боксын холбооны ерөнхийлөгч болгосон. Томилсон. Ингээд 18 цагт хурал дуусаад Элит төв дээр 130 хүн 1,2-р хоол идээд тарсан.

Тэр өдөр болсон үйл явдал. Тэр ням гарагийнхаа шөнийн 2 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст дуудлага ирсэн байдаг юм билээ. Дуудлагаар цагдаагийн байгууллагаас очиход тэнд нэлээн хэдэн хүмүүс цаг хэтрүүлж сархад уусан, хоорондоо нанчилдаан үүсгэсэн ийм байдалтай байсан.

Боксын холбооны удирдах зөвлөл 19 гишүүнтэй юм байна. Би бол энэ байгууллагад ороод өнөөдрийн байдлаар 8 хонож байгаа хүн шүү дээ. Боксын холбооноос удаа дараа Цэндбаатартай холбоотой сануулга, анхааруулга яригдаж байсан юм билээ. Найрамдал зусланд болсон улсын шигшээ багийн цуглралтыг шөнө нь хаяад явсан.

Ковидийн үеийн халдвар хамгааллын журам зөрчсөн, өнгөрсөн жил нүцгэлж сэтгэцэд нөлөөлсөн бодис хэрэглэсэн, түүний өмнө Хандгайтын цугларалтыг тасалж яваад нанчилдааны асуудал үүсгэсэн гээд бараг 5 ч удаагийн зөрчил байсан. Үүнтэй холбоотой бусад баг тамирчиддаа буруу үлгэр дуурайлал үзүүлж байна гэдэг ийм байр сууринаас удирдах зөвлөлийн гишүүд асуудлаа оруулж ирсэн.

Би хурлыг даргалж удирдаж хамтын шийдвэр гаргасан. Цаашид их спортын төрөлд татвар төлөгчдийн мөнгөөр шигшээ баг цалинжиж гадаадын тэмцээн уралдаанд явдаг сахилга баттай байх ёстой гэдэг дээр би удирдах зөвлөлийн бусад гишүүдтэй санал нэг байгаа.Боксын спортоор хичээллэж байгаа тамирчин тэнд Цэндбаатараас өөр хэн ч байгаагүй. Бусад нь зодог тайлсан хүмүүс байсан гэсэн мэдээлэл өгсөн.

Би болсон явдлыг хэлж байна. Би удирдах зөвлөлийн гаргасан шийдвэр зөв гэдэг дээр бат нот итгэлтэй байна. Яагаад гэвэл спорт бол сахилга бат. Тэндээс эхэлнэ. Хэрвээ Лодойсамбуу сэтгүүлчийн хэлж байгаачлан боксын холбооны удирдах зөвлөлийг өөрөө тайлбарлаад өөрөө өөрийнхөөрөө байр сууриа илэрхийлээд байвал холбоо гэж байх шаардлаггүй.Хэн нэгэн сэтгүүлч өөрийнхөө комментоор хэнийг тэмцээнд явуулахыг шийддэг бол.

Би Лодойсамбууд хандаж хэлэх гэж байгаа юм. Шаардлагатай гэж хүсч байвал өөрөө боксын холбооны ерөнхийлөгч болоё гэдэг хүсэлтээ манай удирдах зөвлөлд тавих хэрэгтэй. Тийм их боксчдод санаа зовдог, хэзээ ийм болчихсон юм? Ирээд хүсэлтээ тавь. Удирдах зөвлөл асуудлыг нь шийдээд Лодойсамбууг хүсч байвал боксын холбооны ерөнхийлөгч болгоход би бэлэн байна.

Өчигдөр сорил тэмцээн болсон. Маш олон сайн залуучууд гарч ирсэн. 21-22 настай ийм олон залуучууд байгаа. Цаашид аль ч газар сахилга бат юу юунаас чухал гэж бид бүгд л ярьж байгаа шүү дээ. Сахилга батгүй хүмүүсийг заавал их спортоор хичээллэ гэдэг ийм дүрэм журам огт байхгүй.

Өчигдөр сорил тэмцээн дээр 60 кг-ийн жинд, 57 кг, 54 кг-ийн жин, 51 кг-ийн жингүүдэд дандаа шинэ тамирчид сорилт тэмцээнд түрүүлж Дэлхийн аваргын тэмцээнд явах эрхээ авчихсан байгаа” хэмээн мэдэгдэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *