5-6 баллын газар хөдлөлт Улаанбаатарт болвол ямар нөхцөл байдал үүсэхийг хэлэхээс ч айж байна.

Гамшгаас урьдчилан сэргийлэх иргэний зөвлөлийн тэргүүн Б.Энхмандахтай ярилцлаа. Тус байгууллага нь гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр байгуулагдсан анхны олон нийтийн байгууллага юм.

-Монгол Улсын хувьд ямар гамшиг хамгийн эрсдэл ихтэй вэ, энэ чиглэлийн байгууллагын хувьд ямар ажил хийж байна вэ?

-Ган, зуд, үер ус, газар хөдлөлт зэрэг гамшигт үзэгдлийн аль нь ч Монгол Улсад болзошгүй эрсдэлтэй. Гэвч өнгөрөгч хугацаанд Mонгол улсад хийсэн гадны байгууллагын судалгаа, төрийн бодлогын баримт бичгүүд төлөвлөлт дээр ажилласны дараагаар газар хөдлөлтийн аюул Монгол Улс, тэр тусмаа хүн амын тал нь төвлөрөн сууж буй нийслэл хотод маань тулгамдаад буй гол эрсдэл гэж харж байна.

Жил бүр газар хөдлөлтийн давтамж ихэсч, баллын хэмжээ нэмэгдэж байна. 22-ийн товчоогоор ороод ирчихсэн гэж ярьдаг шиг хэзээ ч гэнэтийн газар хөдлөлт сүйpэл дагуулж мэдэхээр байна. Яг үнэндээ зөвхөн газар хөдлөлтийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр онцгойлон үзэж, УИХ хоёр гурван ч удаа хаалттайгаар хуралдсан, мөн нууцын зэрэглэл бүхий төлөвлөгөө гаргасан, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл байгуулж Шадар сайдаар ахлуулан ажиллуулах болсон.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан, гамшгийн бэлэн байдлын сургалтуудыг идэвхижүүлсэн, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан гээд анзаарч харах юм бол мэдээлэл бүхий хэсэг нь идэвхижиж байна.

Гамшгаас Урьдчилан сэргийлэх иргэний зөвлөлийн гишүүд маань хуульчид, судлаачид, шинжээчдээс бүрдсэн. Бидний хувьд цугларсан мэдээлэл судалгаан дээр түшиглээд газар хөдлөлтийн эрсдлийг зөвхөн төрийн байгууллага бууруулж чадахгүй гэдгийг ойлгосон. Өнөөдрийг хүртэл судалгааны түвшинд ажиллаж байна. Одоо олон нийт рүү чиглэсэн, төрийн байгууллагууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй болж байна.

-Бид ер нь газар хөдлөлтөд хэр бэлтгэлтэй байгаа вэ?

-Шуудхан хэлэхээс айж байна. 5-6 баллын газар хөдлөлт болох юм бол Улаанбаатар хотод ямар нөхцөл байдал үүсэхийг хэлэхээс ч айж байна. Өнгөрөгч хугацаанд Франц, Японы мэргэжлийн байгууллагаас Улаанбаатар хотын газар хөдлөлтийн эрсдлийн талаар судалгаа хийсэн. Тэр хэмжээний газар хөдлөлт болох юм бол хотын тал нь нурна, 2 сая тэвш самосволоор зөөх нуранги үүснэ гээд төсөөл дөө. Ганцхан үйлдвэрийн дээвэр шатахад унтрааж чадахгүй сандралдаж байсан улс энд тэндгүй хэдэн зуугаар нь газар хөдлөлтөөс үүдэлтэй галыг яаж унтраах уу. Харилцаа холбоо, эмнэлэг нь яах билээ гээд нөхцөл байдлыг харах юм бол айдас төрөхгүй байхаас аргагүй.

Газар хөдлөлтийн аюyлыг зарлан мэдээлэх ажлыг хэдэн тэрбумын тендэрт хэнийг ялуулсан бэ, ажлаа хэрхэн хийсэн бэ, тэрний үр дүнд иргэд гамшгийн мэдээллийг хэдэн секундын өмнө мэдэх боломжтой вэ, энэ хугацаанд хүн барилгаас гарч амжих уу гээд ухаж эрэн сурвалжлах ноцтой сэдвүүд хэвлэл мэдээллийнхэнд уг нь бий.

Өнгөрөгч хугацаанд газар хөдлөлтийн тэсвэржилтийг хэчнээн барилга сургууль цэцэрлэгийг сонгож хийхэд хэд нь нурах эрсдэлтэй байсан бэ, тохиолдлын дараагаар гээд дүгнэлтүүдийг олж мэдэх юм бол асуудлыг өөрөөр харах байх.

-Газар хөдлөлтийн гамшгийн талаар төрөөс хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Өнгөрөгч онд Гамшгаас урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсан. Бидний судлаачид өргөн баригдах үеээс нь батлагдах хүртэлх хэлэлцүүлэгт нь байсан. Хуулийн хэрэгжилтийг мөн л харж л байна. Харамсалтай нь хэрэгжихгүй байна. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд журам гаргаад явах байтал засгийн ажил удааширч одоог хүртэл гаргаагүй олон журам байна. Байгууллага олон нийтэд мэдээлэл өгөх ажил үнэндээ хангалтгүй байна. Төр чадлаараа л ажиллаж байгаа байх. Гэвч энэ нь хангалтгүй байна.

-Өнгөрөгч өдрүүдэд Оросын Кемеровт худалдааны төвд гарсан галаас болж олон арван хүн э н д э э д байна. Ер нь манай олон нийтийн газрууд гамшиг осол гэнэтийн зүйлд бэлэн байж чадаж буй болов уу?

-Үзвэрийн танхмын хаалгаа түгжиж орхиод зугтааснаас болж олон хүүхэд э н д с э н, эцсийн мөч хүртэл аврал эрж гэрийнхэн рүүгээ холбогдсоор байсан харамсалтай хэрэг гарсан. Мөн өнгөрөгч онд Малайзад сургуульд гал гарахад гарц хаагдаад 20 гаруй хүүхдүүд цонхон дээрээ шавж, төмөр хамгаалалтын торны цаана тусламж хүссээр э н д с э н тохиолдол ч бий. Энэ бүх нөхцөл байдал одоо ч монголд хаа саагүй байгаа шүү дээ. Ийм эрсдлийг бид өөрсөддөө тохиолдвол хэрхэх вэ гэж бодох л хэрэгтэй. Таны хүүхдийн суралцаж сургуулийн барилга газар хөдлөлтийн хэдэн баллд тэсвэртэйг мэдэхгүй л биз дээ.

Манайд аврах гарцууд цоожтойгоос эхлээд н о ц т о й асуудлууд түгээмэл байна. Бүр дээд давхартаа олон нийтийн арга зохион байгуулдаг хэрнээ зөвхөн лифтээр үйлчилдэг газар ч байна. Онцгой байдлын газарт маань гал унтраах онгоц байхгүйгээс гадна, есөөс дээш давхарт гарсан галыг унтраах хэрэглэл байхгүй. Ядаж үүнээс дээш давхарт гал гарвал унтраах системийг тоноглохыг нь хуульчилсан норм стандарт байдаггүй гээд асуудал их л байна.

-Цаашид та бүхний хийх ажил юу вэ?

НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах байгууллагаас Монголд ирээд Гамшгийг даван туулах түүний эрсдлийг бууруулахад хувийн хэвшлийн аж ахуй нэгж, ЖДҮ-ийн баримтлах стратегийн хуралд оролцсон юм. Уг хуралд оролцогчдод нэг зүйлийг ойлгуулахыг чухалчилсан нь “гамшгийн бэлэн байдалд зарцуулсан зардал нь гамшгийн дараа сэргээн босгох зардлаас илүү ач холбогдолтой, үр дүнтэй” тухай юм.

Бидний хувьд ч гамшиг болсны дараа гэнэт ухаарч хариуцлага ярьж, шуугих, сандрах тухай биш урьдчилан сэргийлж, хариуцлагажуулж, мэдээлэлжүүлж гамшгийн бэлэн байдлыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах шаардлагатай. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд ажиллана. Олон нийтэд ямар аюул тулгаад буйг мэдэхэд, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд туслах хэрэгтэй байна.

Гэвч бид юу хийх гэхээс илүү та өөрөө юу хийх ёстой гэдгээ уг нь нэг удаа бодох хэрэгтэй. Гамшигт үе тохиолдвол харилцаа холбоо тасарч эмх замбараагүй байдал үүсвэл гэрийнхэнтэйгээ хаана уулзах уу, хэрхэн бэлэн байдалд байх вэ. Ядаж гамшгийн сургуулилтад ач холбогдол өгч, хэн нэгэнд зориулж хийж буй үйлдэл биш, өөрсдийнхөө төлөө хийж буй чухал зүйл гэдгээ ойлгох чухал байна гээл манайд төрийн байгууллагынхан л хүчээр шахуу гарч, бие биенийгээ шоолж тамхилах цаг хэмээн ойлгож байна. Хувийн хэвшлийнхэн зарлах дохиог үл тоон ажлаа хийж байгаа байдал ч асуудалд огтхон ч ач холбогдол өгөхгүй байгааг харуулж байна.

Монголчууд бид ямар нэг асуудал тохиолдсоны дараа л ач холбогдол өгдөг. Гэвч газар хөдлөлтийн хувьд ийм байдлаар хандаж яагаад ч болохгүй байна.

Ярилцсанд баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *