Намайг очиход эмнэлэг рүү биш мoopoг руу дагуулж явсан, аав минь ocлоос болоод үнэндээ газар дээрээ өөд бoлcoн байж.

Тэр их царайлаг охин байсан гэсэн. Царай төрхөөрөө нутагтаа шагшигдсан. Урт үстэй, тэрийгээ 2 хуваагаад сүлжчихдэг. Аав түүнд анхны харцаар л дурласан гэсэн. Аав ч нутагтаа сайхан залуу байсан юм шиг байна лээ. Том ах нарынхаа гоё гоё моринуудыг гуйж унаад ээж рүү давхидаг байсан гэсэн. Шөнө болохоор гэрээс нь нэлээн зайтай морио уячихаад сэмээрхэн ээжийн байдаг илүү гэр лүү алхаж очоод хаалгыг нь тогшдог.

Хөдөөгийн залуус голцуу морьтой болзоцгооно. Дунд сургуулиа төгсөөд л тэр хоёр мал дээр гарцгаасан. 20н насандаа сууцгаагаад, 5н жилийн дараа аавын 25ны жил дээр эгч маань, дараа жил нь би хорвоод мэндэллээ. Намайг 3 хүрдэг жил бид зуднаар хамаг малаа алдсанаас болоод амьдрах ямарч аргагүй болж хотод ирсэн.

Хөдөө хамаг юм аа хийгээд сурчихсан хүмүүст хотын амьдрал шал өөр. Ажил төрөл олдохоос авахуулаад амьдрал нь тэс өөр болчихсон. Аав маань өргөмөл, аавыг өргөж авсан ахын хамаатны хашаанд буусан юм. Тэр айл зах дээр наймаа хийдэг. Тэр шугамаар нь аав зах дээр тэрэг түрдэг байж байгаад яваандаа хүзүүнээсээ цаасан хайрцаг уячихаад жижиглэнгээр наймаа хийдэг боллоо.

Шүгэлтэй модон чихэр, Хятадын чавга, Касперны зурагтай сырок гээд л есөн бусын юм зарна. Аавыг ажлаасаа ирэхийг эгч бид 2 тэсэн ядан хүлээнэ, гоё чихэрнүүд авчирдаг болохоор нь. Тэр шүгэлтэй модон чихэр, каспертай сырокыг л идэж өссөн бид хоёр.

Сүүлдээ аав танидаг ахтайгаа хамт жолооны курст суугаад тэрнээс хойш дандаа машин тэрэгтэй холбоотой ажил хийдэг болсон юм. Хотод автобус баазад ажиллаж байгаад нэг инженер ахыгаа дагаад уурхайд том тэрэг бариж эхэллээ. Их л зориг гаргаж явсан байх, 2 хүүхэд эхнэрээ үлдээчихээд олон хоногоор Чойрт хийх ажил. Тэр хойгуур ээж эгч бид хоёрыг чадах чинээгээрээ л өсгөөд явж байлаа.

Их сайн санадаг юм, ээж ажилд ороод удалгүй 1 сар болоод ч юм уу гарчихдаг. Тэгээд дандаа гэрийнхээ ойролцоох газруудаар ажил хайна. Дээд боловсролгүй болохоор олдсон хар бор ажлуудыг хийнэ. Цайны газар угаагч, цэвэрлэгч гээд л. Огт ажил хийхгүй байя гэхээр аав удаж ирдэг болохоор гэрт хэрэглээний мөнгө хэрэг болно.

Бид 2 жаахан байсан болохоор тогтвортой ажиллаж чадахгүй байсан юм шиг санагддаг юм. Аав Чойрт уурхайд ажилд ороод жил гаран болчихсон байлаа. Би 8тай, эгч 9тэй л байсан. Нэг өдөр эгч бид 2 гэртээ хичээлээ хийгээд сууж байтал гаднаас ээж дүүтэйгээ ороод ирлээ. Явж аавтай нь уулзая гэв, бид 2 бөөн баяр олон сар аавыгаа хараагүй хүүхдүүд.

Намрын сүүл сар, өвөл болох гээд сэрүү орчихсон болохоор бид 2ыг дулаан хувцаслана. Вагоноос буугаад цаашаагаа машин хөлслөөд яваад л байсан, яваад л байсан. Манай аав ийм л хол газар ажилладаг юм байхдаа гэж би дотроо бодно. Аав гарч ирээд барьж авч үнсээд бид 2ыг хөтлөөд дотогш орууллаа. Бид 2 аавынхаа өрөөнд ороод ирчихсэн бөөн баяр. 2 давхар ортой. Аав нь 2 давхарт нь унтдаг гээд л аав өрөөгөө сонирхуулж байгаад яг цонхоор хартал бид 2ыг авч ирсэн машин шууд яваад өгсөн.

Ээж буухгүй явчихлаа гээд бид хоёр хэлсэн чинь аав юу ч дуугардаггүй. Тэгэхээр нь бид 2 ээж орхиод явчихлаа, ээжийг авчир гээд баахан уйлсан. Аав з а й л у у л бид хоёрыг аргадах гээд цуйван бариж гүйж ирээд л. Тэр цуйванг ёстой мартдаггүй юм. Манай аав ногоо иддэггүй байхгүй юу, тэгсэн ажлынх нь газрын тогооч ганцхан манай аавд зориулж ногоогүй хоол хийж өгдөг гээд тэрийгээ хөөрхөн хэлж өгөөд л.

Дан махтай, гурилтай цуйван бариад ирчихсэн. Бид 2 тэр шөнөжингөө ааваас ээжийг нэхэж уйлсан даа. Маргааш өглөө болоод аав шууд ажлаасаа гарчихсан. Яагаад ингээд харьчих байсан юм бол ээж түрүүлээд явчихаж байгаа юм, өчигдөр яагаад ээжтэй хамт яваагүй юм гээд бид 2 асууна. Бид 3 гэртээ ирлээ. Ээж өөрийн гэх бүх юмаа аваад явчихсан байсан.

Ээжийн гэх юу ч байхгүй. 2, 3н өдөр галлаагүй гэр цэв хүйтэн, хүйт даагаад хөндий оргино. Бид 2 гэрээ хараад бүхнийг ойлгосон, ээж дахиж ирэхгүй юм байна гэдгийг. Одооноос 3-уулаа амьдрана аа гэж хэлээд аав инээсэн. Тэрнээс хойш бид 3 хоол ундгүй хэсэг байлаа. 2 охиноо хаяад хөдөө явж болохгүй болохоор түрээсийн машин авсан.

Тэр үед чинь хүнтэй гэрээ хийгээд өдөрт 15 мянгын түрээс төлөөд машиныг нь унадаг байсан юм. Өдөр болгон төлсөөр байгаад 2 жилийн дараа машин нь өөрийнх нь болдог. Аав нэг ахаас Элентра гэдэг машин аваад хотод таксинд явдаг боллоо. Оройдоо бид 2ыг үлдээж болохгүй болохоор 2 жижигхэн юмыг урдаа суулгаад бүсийг нь бүсэлчихнэ.

Гурвуулаа оройжин таксинд явна. Бид хоёр аавд хань болсон ч юм байхгүй 10 гээд л унтаад өгнө. Шөнө 3,4 хүртэл таксинд явна. Гадуур хүн муу байвал өдрийн түрээсийнхээ мөнгийг л өгөөд таарна. Тийм үедээ бид 3 дулаан хөнжилдөө ороод тэврэлдээд л унтчихаж байгаа юм чинь. Гүрийнэ. Түлээ нүүрс байхгүй үед ус буцалгагчиндаа хоол хийж иднэ.

Тэр үеийн ус буцалгагч дотроо мушгиа төмөртэй, тэр төмөрнийх нь голоор будаа орчихно. Ус буцалгагчин дотор амьдрал явдаг байлаа. Аавын машин заримдаа эвдэрчихнэ. Эвдэрсэн үед нь бид 3 огтоос юу ч үгүй хононо. Сайхан өлссөн чигээрээ тэврэлдэж унтаад өглөө нь аав эрт босоод энд тэндээс мөнгө гуйж аваад машинаа засуулна. Тэгээд л халтуурандаа дахиад гарна.

Бид 3 газраар ор засч унтдаг, аав хамгийн захад нь би дунд нь гээд зэрэгцээд унтдаг байсан. Шөнө бид 2ыг унтчихсан гэж бодоод цаашаа хараад аавын мэгшитлээ уйлж хоносон шөнүүдийг нь би санадаг. Амьдралд шантраад л уйлдаг байсан байх. Би сонссон ч сонсоогүй юм шиг хөдлөхгүй хэвтэнэ. Хэрэв ааваа та уйлаад байгаа юмуу гээд асуучихвал энэ хүн улам шантрах байх, 2 охиндоо нулимсаа харуулчихвал өөртөө итгэх итгэл, бардам сэтгэл нь алга болчих байх гэж бодоод гүрийгээд хажууд нь унтсан дүр эсгэн хэвтэнэ.

Олон шөнө сонссон доо. Нэг өдөр Чойрт хамт ажиллаж байсан хамаатны дүү нь шинэ ажилд орсноо аавд хэллээ. ‘Та бас энэ ажилд орчихооч Болдоо ахаа, цалин нь өндөр хүүхдүүдэд чинь хэрэгтэй. Таксигаар амьдралаа залгуулна гэж байхгүй. 2уулаа хамт энэ ажилд явая’ гэлээ. 24н хоног гараад, 14н хоног ажилладаг ажил. Бид хоёр чинь бүр томроод 14, 15тай болчихсон байсан юм. Аав ч зориг гаргаад дүүгээ дагаад ажиллахаар боллоо. Өмнө- Говь руу.

Бид хоёрт хамаг юмаа захиж захиж л явсан. Такси барьдаг үеэс хамаагүй амьдрал дээшилж байгаа юм чинь, хоосон хонодог өдрүүд байхгүй болж хэрэглээнээсээ хэтрэхгүй ч ямарч л байсан түлээ, хоолоороо тасрахаа болив. Дэвтэр ном, хувцас хунараар ч дутахгүй. Ингэмээр байна тэгмээр байна гэхээр мөнгө төгрөг нь болохгүй байсан ч аав нь бүтээнээ гээд л дэмжинэ.

Аав бид 3 бүх юмаа л ярилцдаг. Сарын тэмдэг, хөх ургалт, үерхэл нөхөрлөл. Аав ч бас бидэнд ямар эмэгтэйтэй уулзаж байгаагаа нээлттэй ярина. Аав нь тийм эмэгтэйтэй тэгж уулзаад гээд бид 2т ярьж зургийг нь үзүүлдэг, эсвэл гадуур бид 2ыг дагуулж явж уулзаж байгаа эмэгтэйтэйгээ хамт хоолонд ордог, тэгсэн хэрнээ огтоосоо гэртээ дагуулж ирэхгүй. Бид 2 нэг удаа хэлсэн юм ‘Ааваа бид 2 том болчихлоо.

Одоо бид хоёр ойлгоно шдээ. Та сайхан эхнэр аваач’ гэж. Аав тэгэхээр өөдөөс ‘Миний 2 охин Орхидос гээд киног үзээгүй юу? Тэрэн дээр хойд эх нь охиноо бүр аймар з о д о о д хайрч майраад байдаг юм байна лээ. Намайг хөдөө явсан хойгуур миний 2 охиныг з о д о ж н ү д э э д, т а м л а ж зо воогоод байвал яах юм. Та 2ыг тэгж зо воож байснаас эхнэргүй явсан нь дээр’ гэнэ. 2 жаахан охинтой гээд гэртээ эмэгтэй хүн битгий хэл, найз нөхдөө ч огт авчрахгүй.

Намайг 18 хүрдэг жил, ээж аавтай холбоо бариад 2 охиноо хэр том болсныг хармаар байна гэсэн юм шиг байгаа юм. Бид 2 аавыг эхнэр авахгүй юмуу гээд ярьж байсан чинь гэнэт ‘Хүнд ер нь ээж хэрэгтэй байдаг’ гээд гэнэт ээжийг яриад эхэлсэн. “Ер нь ээжтэйгээ нэг удаа уулзаж үзсэн нь дээр. Ээж чинь над шиг л хөгширчихсөн байгаа. Эх хүн юм чинь 2 үрээ санаад сэтгэл нь эмтэрч л байгаа. Нэг удаа л уулзчих” гэсэн.

Тэгээд л бид 2 аавыг нухацтай яриад байгааг ойлгосон. Бид 2 болохоор уулзах нэг их дуртай биш, 8н наснаасаа хойш ээж гэдэг үгийг ашиглахаа больчихсон, ээжийн талын хамаатнууд ч салснаас нь хойш ор сураггүй холбоо тасарсан болохоор тэрэнд нь жаахан дургүй. Аав бид 2ыг ээжтэйгээ уулзчих гээд шантрахгүй бараг 1 сар гаруй ятгалаа.

Нэг тоглоом хийхдээ хүртэл Ээжтэйгээ уулзчихаач гээд инээнэ. Бид 2 гүрийж гүрийж байгаад аавыг гуйгаад байхаар нь Заза аав ингэж байгаа бол ганц уулзахад яахав дээ гээд Эрдэнэт рүү явахаар боллоо. Манай ээж салаад Эрдэнэт рүү явчихсан юм байна лээ, дүү нь тэнд байдаг. Нөгөө бид 2ыг Чойр луу хүргэж өгөхөөр ирдэг дүү нь шүү дээ.

Эрдэнэтэд очсон чинь ээж биш тэр дүү нь тосож аваад тэднийд очлоо. Ээж нөхөр 2 хүүхэдтэй болчихсон, гэрээсээ хүрч ирж уулзах байлаа. Сууж байсан чинь гаднаас нэг эгч ороод ирсэн. Сайн байна уу гэснээ манай эгчийг үнсээд байхаар нь би эгчийн таньдаг хүн юм байх гэж бодсон чинь ээж байсан. Би ээжийг хараад таниагүй. Хичээл ном нь сайн уу, яажшуухан амьдарч байна гэж асуухад нь юу хийдэг гэдгээ ярьсан.

Би нүүрэмгий, эгч даруухан байхгүй юу. Би г а л з у у болохоор их юм ярих байхдаа гэж эгчтэйгээ ярьж байсан мөртлөө яг уулзсан чинь би юу ч ярьж чадахгүй, юу гэж хэлэхээ мэдэхгүй болчихлоо. Ямар нөхөр хүүхэд нь сайн уу гэж асуултай биш. Ээж ингээрэй тэгээрэй гээд баахан юм яриад захиад л байх шиг байсан. Би бүр тэр хүнийг эгч ээ гэх үү ээжээ гэх үү учраа ч олоогүй, тулгамдсаар байгаад л ирсэн.

Тэгж нэг 8н наснаасаа хойш анх удаагаа ээжтэйгээ уулзаж үзэв. Аав ээжтэйгээ уулзсан чинь ямар байна гэхээр нь ‘Үгүй ээ яахав, нэг ч тийм гоё ч биш л юм байна’ гэсэн чинь аав юу яриад байгаа юм ээжтэйгээ энэ олон жилийн дараа уулзаж байж гэж шоолоод л. Ээжтэй уулзаад таниагүй бас хөгширчихсөн ч юм шиг санагдсан гээд аавд хэлсэн чинь аймар тоглоом хийгээд л ер нь аав чинь л залуугаараа байгаад байдаг болохоос миний насныхан бүгдээрээ л өвөө эмээ хөгшин болчихсон байгаа биздээ гэж инээж билээ.

Тэрнээс хойш ээжийн талаар дахиж яриагүй. Цаг хугацаа явсаар эгч маань их сургуулиа төгсөөд Япон орныг зорилоо. Бусад айлын хүүхдүүд гадаадад сурч болж байгаа юм чинь гээд яаж ийгээд л эгчийг аав явуулсан. Эгч аав 2 хоорондоо бараг утсаар ярихгүй. Яагаад гэхээр утсаар ярихаар 2уулаа уйлчихаад байдаг юм, нэгнийгээ санаад.

Баяр ёслолоор л би эгч рүү залгаж аавыг нэг харуулна. Цаг хугацаа өнгөрөх тусам амьдрал нүдэн дээр өргөжөөд, машинтай болоод, 5н ханатай гэрт амьдарч байснаа байранд хүртэл орлоо. Байранд орох үед аав ‘Би ер нь байгаа даа л талархаж амьдарч байсан болохоор байртай болно гэж мөрөөдөж ч байгаагүй юм байна. Мөрөөдөж байгаагүйгээ авчихсан юм чинь би одооноос мөрөөдөлтэй болноо’ хэлж хэлсэн. Аавын минь нүд гал цогтой бүр шал өөр болчихсон байлаа.

Тэгээд аавын бодсон 2 мөрөөдөл нь 1т. Хоёр охиныхоо хуримыг хийж өгөх 2т. Том жийп машинтай болох байв. Миний 2 охиныг бэр гуйгаад ирвэл ёстой 3 буцаана, өдий болтол 2 цэцэг цэврүү шиг охиноо яаж өсгөлөө хүнд ёстой ёс төртэй өгнө шүү л гэнэ.

2020 оны 11 сарын 2-нд би аавынхаа ажиллаж байгаа газар луу найзынхаа машинтай явж байлаа. Энэ удаа аавтайгаа уулзана гэсэн баяр хөөр биш аавыг амьд үлдээсэй гэсэн залбирал надад байв. Аавыг ажил дээрээ о с о л д орчихсон яаралтай ир, эмнэлэг рүү авч явж байна гэж ажлынх нь хүнээс дуудлага ирсэн юм. Намайг очиход эмнэлэг рүү биш м о о р о г руу дагуулж явсан, аав минь о с л о о с болоод үнэндээ газар дээрээ н а с б а р с а н байж.

Би итгээгүй, хичнээн аавын минь ц о г ц о с ы г надад харуулсан ч би итгээгүй. Нэг мэдсэн би эмнэлэгт сэрсэн. Манай 2 найз миний хажууд зогсчихсон тайвшруулаад, дусал залгачихсан, энд тэндгүй хүмүүс зогсчихсон. 2 хоног шокийн байдалтай өнгөрүүлэхэд хамаатны маань эгч ‘Энд байгаа хүмүүс чамайг л харж байна. Чиний хий гэснийг л хийнэ’ гээд, тэгээд л о р ш у у л г а яриад эхэлсэн.

Би ү х с э н гэж итгэхгүй байгаа хүнийхээ оршуулгыг хийх хэрэгтэй болсон юм. Эгчийн яг төрсөн өдрөөр энэ бүхэн болоод би эгчдээ төрсөн өдрийн мэнд хүргэж чадаагүй. Эгч тэгсэн чинь мессенжерт ганц эгчдээ мэнд хүргэсэнгүй гээд баахан юм биччихсэн. Би эгчид яаж хэлэх учраа олохгүй байж байгаад хамаатныхаа нэг хөгшин эгчээр эгчид хэлүүлсэн юм.

Тэр эгч дараа нь надад ‘Та 3 ёстой 3н биенийгээ л гэсэн тэнэг хүмүүс шүү’ гэж хэлсэн, эгч өөдөөс нь намайг яаж байна гэж л баахан асуусан юм шиг байгаа юм. Бид 3 чинь бие биенийгээ гэсэн шадар 3н цэрэг байсан юм шүү дээ. Аавыг ө н г ө р с н и й дараа би хууль ёсны төлөөлөгч нь болсон. Банк бүх хадгаламжийг нь хаагаад хууль ёсны хүнд нь хадгаламжийг нь шилжүүлдэг юм байна л даа. Би аавыг ерөөсөө хадгаламжтай гэж бодоогүй, ааваас заримдаа мөнгө асуухаар байхгүй ээ байхгүй энэ сар наадхаараа болго гээд халдаадаггүй байсан юм.

Тэгсэн би 3н хадгаламж хаалгах болсон, 3уулаа хугацаатай. Нэг нь зүгээр л нэргүй хугацаатай хадгаламж байсан бодвол гэнэтийн эрсдэлд зориулсан байх, нэг нь машин авна гэсэн хадгаламж байсан, хамгийн сүүлийнх нь 2 охины хурим гэсэн хадгаламж. Хуримын хадгаламжаа олон жилийн өмнөөс нээчихсэн, эхэндээ бага хийдэг байсан ч сүүл рүүгээ сар болгон 800 мянга хийдэг болсон хадгаламж байсан. Аав минь тийм л их алсыг харсан хүн байж.

Би аавынхаа түрийвчийг огт үздэггүй байсан, сүүлд цагдаагаас биенд нь байсан юмнуудыг нь хүлээж авахад түрийвч нь байсан юм. Нээгээд үзтэл бид 2ын цээж зураг түрийвчээр нь дүүрэн байсан, бүр он оноороо. Зарим нь бүр үнгэгдээд элэгдчихсэн. Түрийвчнийх нь бүр далдаас маарланд боогоод аймар хатаад хорчийчихсон юм гараад ирэхээр нь гайхаад нээгээд үзтэл бүр эгч бид хоёрын хүй байсан.

Бид 2ыг төрүүлсэн ээжтэйгээ заавал уулзах хэрэгтэй, хүнд ээж хэрэгтэй гэж хэлж байсан ч үнэндээ ААВ минь өөрөө бидний хувьд ЭЭЖ байсан юм.

Эх сурвалж: ChoironGoo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *