Cумогийн дээд зиндаанд Монгол иргэн ялж чадсангүй.

Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн сүүлийн буюу 15 дахь өдрийн барилдаан дөнгөж сая өндөрлөлөө. Энэ өдрийн хамгийн чухал барилдаан ёкозүна Хакүхо М.Даваажаргал, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын хооронд өрнөсөн юм.

14 даваа, нэг ч унаагүй байсан хоёр бөхийн тухайд өнөөдөр Хакүхо М.Даваажаргал давлаа. Тэрбээр 36 насандаа нэг ч унаагүй түрүүлж, өөрийн амжилтаа эвдээд зогсохгүй сүмо бөхийн түүхэнд дахин нэг рекорд тогтоолоо.

Тодруулбал, энэ нь хамгийн ахмад насандаа түрүүлж буй түүхэн үйл явдал болж байгаа юм байна. Бэртлийн улмаас сүүлийн зургаан башёд барилдаагүй Хакүхо М.Даваажаргал 45 дахь түрүүгээ тэнгэрт дэвшсэн аавдаа зориулж байгаа тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Сүүлийн хоёр башёд дараалан түрүүлж, озэки цолоо эргүүлэн авсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цол хүртэх болзол хангаад байна.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ шийдвэрлэх барилдаан хүртэл нэг ч ялагдалгүй явсаар 14-1 тоон үзүүлэлттэйгээр энэ удаагийн башёд чамлахааргүй амжилт үзүүллээ. Тэрээр өмнө нь дээд зиндаанд дөрвөн удаа түрүүлж байсан, Монголын бас нэгэн хүчтэй бөх билээ.

Cумогийн дээд зиндаанд Монгол хүн ялж чадсан ч Монгол иргэн ялж чадсангүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *