Би хичнээн бизнес хийсэн ч “Шангри Ла”-д амьдарч, фитнессд нь явах гэхээр мөнгө хүрдэггүй. Гэтэл…

-Сүүлийн үеийн сонин сайхнаас тань ярилцлагаа эхлүүлье. Та яг одоо ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

Одоогоор “IGX” энтертэйнмэнт, modus mn сайт, “Monkey travel” аяллын компани дээрээ төвлөрөн ажиллаж байна. “IGX” бол артист бэлтгэдэг, modus mn модель, инфлүүнсер, менежмент чиглэлийн сайт, мөн аялал жуулчлалын салбарт явуулын кемп гэдэг шинэ үйлчилгээг нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна.

-Яг одоо бидний ярилцаад сууж буй “IGX” энтертейнментийн талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

Энтертейнментээ байгуулаад хоёр жилийн нүүр үзлээ. Жүжигчин, дуучин, бүжигчин, хөгжимчин гээд бүх төрлийн артистууд бэлтгэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2019 оны намраас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 15 сургууль дээр очин 4000 гаруй сурагчтай уулзаж, сонгон шалгаруулалт явуулан, лекц уншсан. “КОВИД-19” өвчин гарсны улмаас үйл ажиллагаагаа онлайн хэлбэрээр явуулахаар бэлдэж байна. Одоогоор манай энтертэйнментэд гурван артист бэлтгэгдэж байгаа.

-Таны хувьд “IGX”-ийн үүсгэн байгуулагчаас гадна ямар үүрэг гүйцэтгэж байгаа вэ?

-Би продюсер, санхүү менежментийн талыг хариуцаж ажиллаж байна. Харин Наки маань артист продюсер буюу дуучин бэлтгэх, дуу зохиох, уран бүтээл тал дээрээ ажилладаг.

-Та хоёр “Яг түүн шиг” шоуны дараагаар хамтарч ажиллаж эхэлсэн үү?

“Яг түүн шиг” шоунд оролцохоос өмнө ч бид найзууд байсан. Шоуны үеэр дахин уулзаад энтертэйнмент байгуулах санаагаа хэлж, хамтарч ажиллах санал тавьсан. Бид хоёр нэлээд удаан ярилцаж, төлөвлөсний эцэст хамтарч ажиллах шийдвэрт хүрч, ажлаа эхлүүлсэн. Уран бүтээлчийнх нь хувьд Накигаа их хүндэлж явдаг учраас хамтарч ажиллана гэдэг бол нэр төрийн хэрэг.

-“Яг түүн шиг” шоунд оролцох урилга хүлээж авсан үеийн сэтгэгдлээсээ хуваалцвал?

Анхны улирлын дугаарт манай Э.Энхболд орж байсан. Харин хоёрдугаар улиралд загвар өмсөгч оролцоогүй юм билээ. Тэгээд дараагийн дугаарт загвар өмсөгч оролцуулах шаардлагатай гэж үзээд “Боловсрол” телевизээс надад санал тавьсан. Эхэндээ би өөрийгөө голсон.

Тэр олон хүний өмнө дуулж, бүжиглэнэ гэдэг бол асар зориг, тэвчээр шаарддаг учраас өөрийгөө чадахгүй байх гэж бодоод саналаас татгалзсан. Гэтэл хэсэг хугацааны дараа “Боловсрол” телевизээс дахин холбогдож, “Чи энэ шоунд заавал орох ёстой хүн” гэж хэлсэн. Тэгээд өөрийгөө сориод үзье гэж сэтгэл шулуудаад энэ шоунд оролцсон. Оролцсондоо ч маш их баярладаг.

-Эргээд харахад дуурайхад хамгийн хэцүү нь ямар дүр байв?

БНСУ-ын дуучин, жүжигчин “Rain”-ийг дуурайхад хамгийн хүнд байсан. Бүжиглэнгээ дуулна гэдэг амаргүй даваа юм билээ. Маш шахуу хуваарьтай, ядарсан, турсан байсан учраас богино хугацаанд бүжгээ сурах гэж нэлээд хүч шаардсан. “Rain”-ийг дуурайхад хурц хөдөлгөөнүүдийг нь гүйцэтгэл сайтай, секси бүжиглэх шаардлагатай байсан. Хичээсний үр дүнд ялалт байгуулсан даа.

-Модель байх олон давуу талтай. Одоогийн хийж буй ажил, амжилт тань үүнээс эхлэлтэй байх?

Тийм шүү. Ажил, бизнесийн минь гараа загварын салбараас эхэлсэн гэж боддог. Модель хүнд загвар өмсөхөөс гадна тал бүрийн боломж бий.

– Загварын ертөнцөд анх хэрхэн хөл тавьж байсан бэ?

2008 онд 16 настайгаасаа эхлэн загварын салбарт хөл тавьсан. Манай хамаатны эгч намайг хараад “Загвар өмсчихөөр хүү байна” гээд загвар өмсөгч Э.Энхболдтой танилцуулсан юм. Ингээд анх Загварын холбоонд орж байлаа. Тэндээ зургаан сар загвар өмсөж байгаад Монгол модель агентлагт орсон. Үүний дараа “Face of Mongolia” тэмцээнд оролцоод “Гранпри” шагнал хүртэж, БНСУ-д зохиогдсон “Asian New Face Model Festival Awards”-д оролцон “Asian Photogenic Top Model”-оор шалгарч байсан. Загварын ертөнцөд хөл тавьсандаа хэзээ ч харамсдаггүй.

-Багаасаа загвар өмсөгч болно гэж боддог байв уу?

Тэгж бодож байгаагүй. Багадаа дуучин болно л гэж боддог байлаа. Байнга л дуулж явдаг хүүхэд байсан.

-Гэхдээ урлагаар биш, олон улсын харилцааны чиглэлээр сурч төгссөн юм билээ. Яагаад энэ мэргэжлийг сонгов?

Урлагт хэчнээн дуртай ч, өөр мэргэжил эзэмших нь надад илүү өгөөжтэй санагдсан. Гэхдээ дуулах хоббигоо орхиогүй. Урлаг бол соёлын зөөлөн бодлого учраас бас давхар дипломатчийн ажлаа хийгээд явж байгаа гэж боддог.

-Та загвар өмсөөд яг ид олонд танигдаж эхлэх үедээ БНСУ-ыг зорьсон. Эндээ үргэлжлүүлэн загвар өмссөн бол одоогоос илүү өндөр карьертай байх байсан гэж боддог уу?

БНСУ руу явсан нь миний нүдийг нээж өгсөн гэж боддог. Солонгос руу явж Азийн топ модель болсондоо олзуурхаж тэр улсын хэлийг сураад, тэнд артистаар танигдвал зүгээр юм байна гэж боддог байлаа. Тэгээд тэнд Ионсей их сургуульд хэлний бэлтгэлд сурсан. Өөр улсын амьдралын хэв маягийг сонирхоод явж байхад бусад орны хөгжил болон өөрийгөө яг ямар түвшинд байгааг мэдэрдэг юм билээ. Тэр ч утгаараа үзэл бодол, зорилго минь өөрчлөгдсөн.

-Тэнд байхдаа загвар өмсдөг байсан уу?

Үгүй. Санал ирдэг байсан ч загвар өмсдөггүй байсан. Солонгос хэлээ түргэн сурахдаа илүү анхаарсан. Гэхдээ тэнд ч бас зүгээр суугаагүй. Монголд хөдөлмөрийн аюулгүй байдлын хэрэгсэл, гутал оруулж ирдэг байлаа.

-Та нэлээд олон төрлийн бизнес эхлүүлж алдаж, онож яваад өнөөдрийн энэ амжилтад хүрсэн. Ямар, ямар салбарт хүч үзэж байв?

Олон зүйл оролдож, туршиж явсаар эргээд харахад 40-өөд бизнес эхлүүлсэн байна. 13 настайгаасаа барилга дээр туслах ажилчин, зөөгч, бармен, цэвэрлэгч, манаач гээд л бүгдийг хийдэг байсан. 17 настайгаасаа бизнес эрхлэх гэж оролдсон. Барилгын материал борлуулах, түргэн хоолны газар, клуб, бургерийн газар, фитнесс, тавилгын цех ажиллуулах зэрээр олон зүйл туршиж, хийж үзсэн.

Аль нь илүү ашигтай байх бол гэж олон зүйл хийдэг байсан болохоор бүтэлгүйтдэг байсан байх. Ашиг харахаас илүүтэйгээр дуртай зүйлээ хийхээр илүү амжилттай явж чаддаг юм билээ. Бүх салбар руу орж үзсэнээс би урлагийн хүн юм байна гэдгээ олж мэдсэн.

Олон төрлийн бизнес эхлүүлж алдаж, онож явахдаа хамгийн том сургамж авсан зүйл тань юу вэ?

Хариуцлагатай, бүтээлч, санаалчлагатай байх ёстой гэдгийг сурсан. Үүнээс гадна хамгийн том сургамж бол хүн хүнээрээ байх ёстой гэдгийг тархиндаа суулгасан.

-Таны хийж байсан ажлуудаас хүмүүсийн хамгийн сайн мэдэх нь “Гэрэлт гудамж” төсөл. Хийсэн ажлынхаа үр дүнд сэтгэл хэр хангалуун байдаг вэ?

Сэтгэл хангалуун байдаг. Дуу клип дээр хүртэл Гэрэлт гудамжны тухай их дуулдаг. Тухайн газар олон бизнес цэцэглэж, амжилттай явлаа. Үл хөдлөхийн үнэлгээ өсөж, орчин сайжирсан. Төслийн хүрээнд Улаанбаатарын иргэдэд энэ газар хэрэгтэй гэдгийг бодитоор харуулж чадсан гэж боддог. Цаашид ч ийм төрлийн газруудыг байгуулна гэсэн бодолтой байгаа.

-Таны хийж буй ажлууд гол төлөв Монгол Улсын хөгжил, цэцэглэлт рүү чиглэсэн байдаг. Та манай улсын цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?

Монгол Улсын хөгжлийг зөвхөн Улаанбаатар хотоор төсөөлж болохгүй. Би ирээдүйд шинэ смарт хот байгуулах мөрөөдөлтэй. Залууст зориулсан шинэлэг гудамж, талбайг тохижуулахыг хүсдэг. Үүнээс гадна манай улсад аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх шаардлагатай байна. Монголынхоо үзэсгэлэнт газруудыг дотоодын болон жуулчдад таниулна гэсэн бодолтой байгаа. Тийм ч утгаараа аяллын компаниа байгуулаад аялал зохион байгуулаад явж байна.

-Мэргэжлийн жүжигчин биш ч цөөнгүй кинонд тогложээ. Жүжиглэх авьяасаа хэрхэн нээж байв?

Урлагт хайртай учраас хүмүүстэй уулзана, таарсан боломжийг уриалгахан хүлээж авдаг. Анх 25 дугаар суваг телевизийн “Би хайртай” кинонд тоглосон. Дараа нь “Гурван найз эргэж ирсэн нь”, “Хөөрхөн ээжтэй охин” зэрэг кинонд дүр бүтээсэн. Хамгийн сүүлд тоглосон “Бүтэн амьдрал” киноны дүр маань үзэгчдэд илүү хүрсэн байх.

“Бүтэн амьдрал” кинонд Золбоогийн дүрийг бүтээсэн. Золбоо, Билгүүн хоёр хэр ялгаатай вэ?

Билгүүн, Золбоо хоёр их адилхан. Дүр, хувь хүн хоёр маань багахан л ялгаатай. Би илүү цоглог байж магадгүй. Дүр бүтээхэд хүндрэлтэй зүйл байгаагүй. Байгаагаараа л тоглосон.

-“Бүтэн амьдрал” кинонд тоглосноос хойш киноны саналууд их ирж байна уу?

Хэд хэдэн киноны санал ирсэн. Одоо хийж байгаа ажилдаа төвлөрч ажиллаж байгаа учраас саналуудаас нь татгалзсан.

-О.Билгүүний нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Төлөвлөгөөний дагуу л өнгөрдөг. Өглөө 8-9 цагийн хооронд ажил эхэлж шөнө 1-2 цагийн үед дуусдаг. Студийн контентын зураг авалт, ажлын уулзалт гээд л өдөржин л ажилладаг. Ажилласаар байгаад өдөр дуусдаг, заримдаа амармаар санагдах юм.

-Их ажлынхаа хажуугаар охиндоо хэр их зав цаг гаргаж байна?

Хэдий их ажилтай ч охиндоо зав гаргалгүй яахав. Гэхдээ үнэхээр завгүй үе бас байна. Өчигдөрхөн хамт голын эрэг дээр мах шарж идсэн. Охин хүүхдийн хувьд аавын хайр халамж, орон зай чухал. Охин маань аавтайгаа адилхан загвар өмсөгч болно гэж ярьдаг. Түүнийг нь ч дэмждэг.

-Та их аялах дуртай хүн шиг санагдсан. Тийм ч утгаараа аяллын компаниа байгуулсан байх. Аяллын юу нь тэгж их сэтгэлийг тань татав?

Цаг, зав гарвал аялахыг хүсдэг. Голын эрэг эсвэл ууланд гарч майхан бариад гал түлж, хоол хийгээд суучихдаг. Хүн байгаль дэлхийдээ илүү ойр амьдрах хэрэгтэй гэж боддог. Одоохондоо Монголынхоо бүх аймгаар тойрч чадаагүй. Удахгүй Монгол орноо бүтэн тойрно гэсэн зорилготой байгаа.

-Аялсан газруудаас тань хамгийн их таалагдсан, сэтгэлд үлдсэн газар юу вэ?

Сүүлд Хонгорын элс рүү явахад маш гоё байсан. Тэр үед Монголын байгаль “тасархай” юм байна гэдгийг мэдэрсэн. Бидний интернэтээр хардаг Швейцар, Швед зэрэг гадаадын орнуудын байгалиас дутахааргүй үнэхээр үзэсгэлэнтэй гэдгийг нүдээрээ харсан. Иймд энэ үзэсгэлэнт байгалийг бусдад таниулах ёстой юм байна гэдэг үүднээс аяллын компаниа байгуулсан. Мөн видео контент хийж эхэлсэн.

Мэргэжлийн хэмжээнд зураг дарж чадахгүй ч гэсэн дуртай. Аялсан газруудаа гэрэл зурагт мөнхлөх сайхан.

-Та үргэлж л инээж явдаг. Яг одоо ярилцаад суухад ч инээмсэглэсээр байна. Нэг их уурладаггүй байх, тийм үү?

Нэг их уурлаад байдаггүй. Мэдээж уурлах үе гарвал уурлана. Гэхдээ уурлаж өөрийгөө стрессдүүлдэггүй. Стресээс өөрийгөө чөлөөлж байнга эерэг байхыг хичээдэг. Тийм болохоор ч тэр үү олон ажил амжуулдаг байх.

-Та хэр дурламтгай хүн бэ?

Үнэхээр сэтгэл татсан хүн таарвал дурлаж л таарна. Нэг их дурламтгай бол биш. Амьдралдаа алдаж байсан болохоор энэ тал дээр их бодолтой ханддаг. Хэт сэтгэлийн хөөрлөөр хандахаа больсон.

-10 жилийн дараах О.Билгүүн ямар байх бол?

Дээр хэлсэн зорилго, мөрөөдлүүд бүгд биелсэн байна гэж бодож байна. Монголын энтертэйнмент болон аялал жуучлалын салбараа дэлхийд таниулна. Дэлхийд биш юм аа гэхэд Зүүн Өмнөд Азидаа танигдсан байна гэдэгт итгэж байна.

-Ярилцлагаараа дамжуулан уншигч залууст хандаж ямар зөвлөгөө өгч, юу хэлэхийг хүсэж байна вэ?

Залуус маань эх орноо голж болохгүй. Бид бол эх орныхоо ирээдүй. Тэгэхээр өнгөрсөн рүү биш ирээдүй рүүгээ харж алхах хэрэгтэй. Гадаадад сурч байгаа, сурахыг зорьж яваа залууст хандаж хэлэхэд “Сурсан зүйлээ Монголдоо хэрэгжүүлж, Монгол Улсаа хөгжүүлээрэй. Хөдөлмөрч, хариуцлагатай, зарчимч байгаарай. Хийхийг хүссэн бүхнээ хий. Алдаж байж онодог. Алдаж байж дараагийн зөв алхмаа хийнэ. Тиймээс зорьсноо заавал хийгээрэй” гэж хэлмээр байна.

Эх сурвалж: ЭГҮҮР.МН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *