У.Хүрэлсүх: Морин дэл дээр ассан монгол хүний хийморь галын дөл шигээ өөдөө байг. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан болж байна. Хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар оролцож, үг хэллээ.

Тэрээр “Тулгар төрийн 2250, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ойн баярын мэнд хүргэе. Эрэлхэг зориг эх орончид, өв дээдэс, ахмад үеийнхээ алдар гавьяаг дурсаж түүхт ойн энэ өдөр мэхийн ёсольё.

Хүний нийгмийн хөгжил гурван цагийн алтан хэлхээнд оршдог бөгөөд өчигдөргүй өнөөдөр өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Монголчуудын мандан бадралын үед дэлхий хэмээх ерөнхий ойлголт үүссэн хэмээн Японы ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн байдаг.

Туурга тусгаар Монгол Улсынхаа нэр төрийг өндрөөс өндөрт өргөж явах ариун үүргээ харанхуй шөнө зүүдэндээ гэгээн өдөр цээжиндээ иргэн бүр үргэлж санаж явах учиртай. 100 жилийн хугацаанд хот суурин газрууд цогцлон босож, олон салбарууд хөгжсөн байна.

Манай улс үр тариа, гурил, хүнс, малын тэжээлээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах бололцоо бүрдээд байгаа юм. Олон томоохон үйлдвэрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж мөн бүрдлээ. Эрүүл мэнд, мал аж ахуй, боловсрол, спортын салбарт хийсэн төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна.

Бидний өвөг дээдэс даян дэлхийд Монгол Улсаа хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн гавьяаг бид хэзээ ч мартаж болохгүй.

Монгол төрийн бодлогын төвд Монгол хүн, Монгол айл өрх байж ирсэн. Цаашид ийм байх болно. Монгол хүн дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай, эх орондоо айх аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх нь Монгол төрийн гол бодлого байх ёстой. Ингэхийн тулд нийгмийн дундаж давхаргыг нийгмийн олонх болгох шаардлагатай” гэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ардын хувьсгалын 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үгийг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна.

Тэрбээр “Тусгаар тогтносон, бүрэн эрхт, эрх чөлөөт Монгол Улсын эрхэм хүндэт ард иргэд ээ!

Элэг нэгт миний Монголын ахан дүүс ээ! Та бүхэндээ Тулгаp төрийн 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Төв Азийн цээжинд байгуулагдсан Монгол хэмээх улсыг ертөнцийн чихнээ дуурсгаж, тэмцэл ялалтын гайхамшигт их түүхийг бүтээж, улс орныхоо тусгаар тогтнол, аюу лгүй байдлын төлөө ал тан ам ь, бүлээн ц усаа өргөн тэмц сэн эрэлхэг зоригт эх орончид, өвөг дээдэс, улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө бүхий л амьдрал, сэтгэл зүрх, хөлс хүчээ зориулсан ахмад үеийнхээ алдар гавьяаг дурсаж, түүхт ойн баярын энэ өдөр гүн хүндэтгэл илэрхийлэн мэхийн ёсолъё.

Хөх Монголын буурал түүхийн олон үйл явдлын тэгш ой тохиосон энэ үед монголчууд бид өнгөрсөн түүхээ дүгнэж, ирээдүйн зорилтоо зөв тодорхойлж, гурван цагийн алтан хэлхээний учир холбогдлыг эдүгээ ба хойч үеийнхэндээ сануулан таниулах учиртай.

“МАНАЙ ТҮҮХИЙН САЙН НЬ БИДНИЙ БАГШ, СААР НЬ Ч БАС БИДНИЙ БАГШ ЮМ” Хүний нийгмийн хөгжил гурван хэмжээст орон зайд гурван цагийн алтан хэлхээ, амьд шүтэлцээнд оршдог бөгөөд өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ.

Түүх давтагддаг нь эргэх хорвоогийн жам ёс бөгөөд түүнээс ялалт амжилт, ололт нээлт, бас алдаа завхрал, гэм нүгэл, азгүйтэл бүтэлгүйтэл аль алийг нь олж мэддэг учиртай.

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхий сайд, түүхч Агданбуугийн Амар: “Манай түүхийн сайн нь бидний багш, саар нь ч бас бидний багш юм шүү” гэж сургажээ.

Монголчууд бид эв эеийг эрхэмлэн, чин шударга хууль цаазтай, захирах захирагдах ёс журамтай, засаглан гүйцэтгэх чанд дэглэмтэй байсан цагтаа; бас эртний сударт бичсэнээр “Харах нүдээ ирмэс үл хийн, хавтгай чихээ дэрэн дээр үл тавин, магнайн хөлсөө уланд хүртэл дусааж”, чөмгөө дундартал зүтгэдэг, төр засах сүв нь нээгдсэн түшмэдтэй байсан цагтаа хүчирхэгжин мандаж хагарсан олноо хамтатган Их Монгол Улсаа байгуулж харъяат иргэдээ “Хөл хөсөр, гар газарт тавиулж ирсэн” гайхамшигт түүхтэй билээ.

Бас тийм цагтаа дэлхий нийтийг нэгэн гэр бүл мэт энх түвшин болгох агуу зорилгыг “Мөнх тэнгэрийн зарлигаар” гүйцээж, бөмбөрцгийн доторх тусгаарлагдмал амьдралын хана хэрмийг нурааж, Ази, Европыг холбон дэлхийн түүхэнд “Монгол хэв ёсны энхийн журам” буюу “PAX Mongolica”-г тогтоож, улс төр, соёлын шинэ харилцааг буй болгон, олон соёл уулзан огтлолцох, найрсан зохилдох дэлхийн түүхийн шинэ өрнөлийг эхлүүлж байсан түүхтэй билээ.

“Монголчуудын мандан бадралын үед анх Дэлхийн хэмээх ерөнхий ойлголт бий болсноор дэлхийн түүх үүссэн гэж үздэг” хэмээн Японы Ерөнхий сайд асан Жуничиро Койзуми 2006 онд монголчуудад ирүүлсэн захидалдаа онцлон тэмдэглэсэн байдаг.

Улаан залаат, хөх Монголынхоо босоо заяа, баатарлаг түүхээр бахархаж, өвөг дээдсийнхээ байгуулсан туурга тусгаар Монгол Улсынхаа нэр төрийг өндрөөс өндөрт өргөж явах ариун үүргээ “харанхуй шөнө зүүдэндээ, гэгээн өдөр цээжиндээ үргэлж санаж явах” ёстойг манай улсын иргэн бүр ухамсарлан ойлгож, хичээн зүтгэх учиртай.

Эрхэм хүндэт ард иргэд ээ!

Эх орны ирээдүй болсон бидний үр хүүхэд, залуучууд аа!

Өнөөдрөөс яг нэгэн зууны тэртээх Монгол орныхоо аж амьдрал, нөхцөл байдлыг эргэн нэг санацгаая.

Хорьдугаар зууны 20-иод он гэхэд Монгол орон харийн түрэмгийлэгчдийн дарлалд нэрвэгдэж, арваадхан жилийн өмнө асар их үнээр олж авсан тусгаар тогтнол, автон омит төрөө мө хөөлгөж, ард түмэн маань үгүйрэл хоосрол, өвч ин зо влонд нэрвэгдээд байлаа. Тухайн цагт Монголд ирсэн гадаадын судлаачид манай улсын талаар “Долоон зууны тэртээ дэлхийг донсолгож толгойтныг бөхийлгөж, тойгтныг сөхрүүлж явсан Чингисийн хойчис гэж хэлэхийн аргагүй, даанч өрөвдмөөр улс болжээ” хэмээн халаглан бичсэн байдаг.

Чухамхүү энэ цаг дор ард түмнийхээ төлөө амь нас, эд зоорио огоорон зүтгэсүгэй хэмээн андгайлсан эх орончид Ардын намыг үүсгэн байгуулсан бөгөөд их жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэг 1921 оны 3 дугаар сарын 18-нд Хиагтыг чөлөөлж, улмаар Зөвлөлтийн улаан армийн дэмжлэгтэйгээр Оросын цагаантны гол хүчийг бут цохин, мөн оны 7 дугаар сарын 11-нд Тусгаар тогтносон шинэ Монгол Улс байгуулагдсаныг дотоод, гадаадад тунхаглан зарласан түүхтэй билээ.

Энэхүү Ардын хувьсгалын түүхэн ач холбогдол нь, улс эх орноо харийн да рлалаас чөлөөлж, жинхэнэ ардын эрхт ёсыг тогтоон, тусгаар тогтнолоо тунхагласан явдал байсан юм.

МОНГОЛ УЛС АЗИ ТИВ ДЭХ АНХНЫ ХИЛИЙН МАРГААНГҮЙ УЛС БОЛСОН
1924 оны 5 дугаар сард Богд гэгээн гэнэт жанч халж, хэмжээт цаазат хаант засаглалыг өөрчлөх шаардлага гарсан учир мөн оны эцсээр Улсын анхдугаар их хурлыг хуралдуулж, анхдугаар Үндсэн хуулийг баталсан билээ.

Тэрхүү анхдугаар Үндсэн хуульд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаас сонгогдсон Засгийн газар гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээн ард олноо зарлан тунхагласан билээ.

Мөн тус улсын харьяат ард иргэдийг үндэс, угсаа, шашин, эрэгтэй эмэгтэй хэмээн үл ялгаварлан адил тэгш эрх эдлүүлж, эвлэлдэх, эрдэм боловсролд үнэ төлбөргүй суралцах, бусдын хөдөлмөрийг мөлждөггүй, 18 насанд хүрсэн бүх иргэнд сонгох, сонгогдох эрх олгох зэрэг урьд өмнө хэзээ ч байгаагүй өргөн эрх, ариун журам, ардчилсан ёс, хэм хэмжээг хуульчлан баталгаажуулсан нь үнэхээр том дэвшил болсон юм.

Ялангуяа эмэгтэйчүүд бол эрэгтэйчүүдтэй нэгэн адил тэгш эрхтэй хэмээн тогтоосон нь үнэхээр гайхамшиг байлаа.

Ийнхүү 97 жилийн тэртээ Монголын ард түмэнд засгийн дээд эрхийг эдлүүлэх Үндсэн хуульт Бүгд Найрамдах засгийн тогтолцоог тунхаглан, парламентат ёсыг хуульчилсан нь XX зууны Монголын түүхэнд дуурсагдах онцгой үйл явдал болсон юм.

Энэхүү ололт амжилтаа 1990 оны Ардчилсан хувьсгал, 1992 оны шинэ Үндсэн хуулиар улам баталгаажуулан хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн харилцаанд тайван замаар шилжиж чадсан билээ.

1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халх голын д а й н, 1945 оны чөлөөлөх д а й нд ялалт байгуулсан; Аугаа эх орны дайнд ЗХУ-ыг дэмжин оролцсон; 1945 оны 10 дугаар сарын 20-нд болсон тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалт; 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн зэрэг түүхэн үйл явдлуудаар манай улсын тусгаар тогтнол баталгаажсан юм.

Мөн 1958 онд хойд хөрштэйгөө, 1962 онд урд хөрштэйгөө хилийн гэрээ байгуулж, хил хязгаараа бататган тогтоосон явдал бол Монгол Улс Ази тив дэх анхны хилийн маргаангүй улс болж, тэр цагаас хойш Монгол Улсын хил хязгаар хэн ч халдашгүй дархлагдан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түүхтэй билээ.

Өнөөдөр манай улс дэлхийн 192 оронтой дипломат харилцаа тогтоож, хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцдог улс болж чаджээ.

Эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолыг нүдний цөцгий, зүрхний тольт мэт хайрлан хамгаалж, алтан амь, халуун бие, бүлээн цусаа урс ган тэм цсэн эх оронч, ахмад үе, бас ариун үйлсийг бүтээсэн боловч хэлм эгдэж х охирсон мянга мянган охид, хөвгүүдийнхээ гавьяа зүтгэл, гэгээн дурсгал, баатарлаг түүхийг монголчууд бид хэзээ ч мартах ёсгүй.

Хуучны үзэл суртал, дадал заншил, хэв ёсыг хувьсган өөрчилж “хуучин хүүг шинэ хүү” болгон аугаа их соён гэгээрэл, соёлын хувьсгал хийж чадсан нь дэлхийн улс түмний өмнө монгол хүн нүүр бардам зогсох бас нэгэн ололт амжилт болсон юм.

Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн бичсэнчлэн, “хар нүдтэй хөвгүүдийг харандаа цаастай нөхөрлүүлж, улаан хацартай охидыг улсын сургуульд сургаж”, бичиг үсэг үл мэдэх явдлыг богино хугацаанд арилгаж чадсанаар Монгол Улс 1970 онд ард түмнээрээ 100 хувь бичиг үсэгтэн болж, ЮНЭСКО-гийн тусгай шагналыг хүртсэн билээ.

Мөн орчин цагийн анагаах ухаанд суурилсан эрүүл мэндийн албыг яаралтай үүсгэн байгуулж, ард иргэдээ үнэ төлбөргүй эмчлэх, халдварт өвчинтэй тэмцэх, их, бага эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэн, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлснээр хүн амынхаа тоог зуун жилийн хугацаанд зургаа дахин өсгөж, монгол хүний дундаж наслалтыг хоёр дахин нэмэгдүүлж чадсан юм.

Ийнхүү хүн ам нь өсөж, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг болж, зуун зууны хоцрогдлыг түүх болгон үлдээгээд соёл боловсрол, сонгодог урлагийг хөгжүүлж, сансарт хүртэл монгол хүн нисэж, дэлхийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхаж, хүчирхэг Монгол Улсыг мандуулах хүсэл тэмүүлэлтэй, итгэл сэтгэлтэй ард түмэнтэй болсон улс орныг сэргэн мандсан гэхгүй юм бол өөр юуг хэлэх билээ?

Эрхэм нөхөд өө!

Хувьсгалын өмнөх Монголын эдийн засгийг судалсан Оросын нэрт эрдэмтэн И.Майский “Монгол нь гурван сая рубль буюу 2 сая лан хүрэхгүй улсын төсвийн орлоготой, Орос, Хятадад 19 сая рублийн өртэй, үйлдвэр, зам, тээвэргүй, гадаадын үйлдвэрлэгчид, худалдаачид ноёрхсон, эрчимгүй нүүдлийн мал аж ахуй дагнасан туйлын хоцрогдсон улс юм” гэж бичиж байжээ.

Тэгвэл, 100 жилийн хугацаанд Монгол Улс хэрхэн өөрчлөгдсөнийг товчхон дурдъя.

1948 оноос эхлэн улс ардын аж ахуйг 8 удаа таван жилийн төлөвлөгөөтэй хөгжүүлж дан ганц мал аж ахуйн орноос үйлдвэр хөдөө аж ахуйн орон болгох зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн юм.

Аж үйлдвэр нийгэм соёлын томоохон төв болох Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Багануур, Хөтөл, Бор-Өндөр зэрэг хот суурин газрууд сүндэрлэн босож, хөнгөн, хүнсний болон тээвэр, холбоо, барилга, эрчим хүч, уул уурхай зэрэг олон салбар хурдацтай хөгжсөн байна.

Мөн атар газрыг эзэмшсэнээр газар тариалан, хөдөө аж ахуйн бие даасан салбар болж өнөөдөр манай улс үр тариа, гурил, төмс, хүнсний ногоо, малын тэжээлээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдээд байна.

Сүүлийн 30-аад жилд аймгийн төвүүдийг улсын нийслэлтэй авто замаар холбох, бүх сумыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох, “Мянганы зам”-ыг тавих, Оюу толгой, Таван толгой, Салхит зэрэг орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.

Мөн газрын тосны үйлдвэр, гангийн үйлдвэр, байгалийн хийн хоолой, цэвэрлэх байгууламж, саарал усны үйлдвэр, сайжруулсан түлшний үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, эрчим хүч, дэд бүтэц, авто зам, төмөр замын салбарт хийгдсэн томоохон бүтээн байгуулалтууд, харилцаа холбоо, мэдээлэл технологийн шинэчлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, соёл, боловсрол, эрүүл мэнд, спортын салбарт хийсэн томоохон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна.

Ингэж улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө халуунд халж, хүйтэнд хөрж өөрийгөө гэхээс өрөөлийг бодож, өнөөдрийг гэхээс маргаашийг харж цуцалтгүй тэмцэж, бүтээж, босгож ирсэн ард иргэд, алдар гавьяатнууд, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа нийт баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдэдээ баярын энэ өдөр гүн талархал илэрхийлье.

Ийнхүү өнгөрсөн 100 жилийн түүхийг товчилж хэлбэл, бидний өвөг дээдэс 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, тусгаар тогтнолоо зарлан, даян дэлхийд Монгол хэмээх улсыг хүлээн зөвшөөрүүлж, эх орноо орчин үеийн хөгжил дэвшилттэй улс болгон хөгжүүлж чадсан нь Хүннү гүрнээс өвлүүлсэн Их Монгол Улсын тулгын галыг сэргээн бадраасан агуу их үйл хэрэг, хэзээ ч мартаж үл болох түүхэн гавьяа билээ.

Дундаж давхарга бол нийгмийн баялгийн том үйлдвэрлэгч, бараа бүтээгдэхүүний эрэлтийг тогтвортой өдөөгч, бүтээгдэхүүн, үйлчилгээний байнгын хэрэглэгч, шинийг эрэлхийлэгч, асуудлын гарц, шийдлийг олж чаддаг бүтээлч иргэн, санхүүгийн капитал хуримтлуулагч, ил тод байдал, хариуцлагыг шаарддаг хүчин юм.

Нөгөөтэйгүүр ардчилал, нийгмийн үнэт зүйлсийг олигархиуд, популистуудаас хамгаалдаг, ингэснээрээ нийгмийн тогтвортой байдал, тогтвортой хөгжлийн гол баталгаа болдог хүчин юм.

Амьдралдаа хүрэлцэхүйц орлоготой, тогтвортой ажлын байртай, эсхүл жижиг дунд, үйлдвэрлэл эрхэлж өрх гэрийн амьдрал болон аливаа эрсдэлээ өөрөө үүрээд явдаг, боломжийн хуримтлалтай, төрөөс халамж үйлчилгээ шаарддаггүй ийм л давхаргыг нийгэмд дийлэнх олонх болгох нь чухал байна.

Хүн амын дийлэнх нь чинээлэг дундаж давхаргаас бүрдсэн улс л нэгдмэл үнэт зүйлтэй, өсөн дэвжих ирээдүйтэй, нийгмийн тогтвортой байдал нь хангагдсан өрсөлдөх чадвартай, хөгжингүй улс болдог жамтай.

Хөгжих, эс хөгжих гэдэг нь тухайн улс орны иргэдийн амьдралын чанарын түвшин, аз жаргалын болон өрсөлдөх чадварын индекс, дундаж наслалт, тэгш байдлын үзүүлэлт, дотоодын болон үндэсний нийт бүтээгдэхүүн, жини коэффицентээр хэмжигддэг болсон.

Монголчууд бид өнөөдөр эдгээр үзүүлэлтүүдээр дэлхийн улс орнуудын дунджаас доод түвшинд эрэмбэлэгдэж байна.

Иймээс улс орноо ойрын 30 жилд багтаан дэлхийн хөгжингүй орны түвшинд хүргэж, нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Ази тивдээ тэргүүлэгч орнуудын нэг болох томоохон зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.

Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон спортын их наадам олимп ч бас хойшилж байсныг та бид санаж байгаа.

Одоогоос жил гаруйн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Хабрисэс “Дэлхий цаашдаа хэзээ ч хуучин шигээ байхгүй. Нөхцөл байдал ч амаргүй байна. Урт хугацаа ч шаардагдах байх. Коронавирустай тэмцэх шидэт арга бидэнд алга.

Дэлхий ертөнцөд хүн амгалан тайван оршиход амаргүй байна. Корона вирус харанхуйд ч чимээгүй ажлаа хийсээр байна. Тиймээс бид сонор сэрэмжээ алдаж огт болохгүй. Үндэсний түвшинд эв нэгдэл, олон улсын түвшинд хамтын ажиллагаа чухал байна” хэмээн хэлж байсан.

Энэ байдал өнөөдөр ч дэлхий ертөнцөд хэвээр байна.

Манай ард түмэн өвчин зовлон хэлж ирдэггүй, хийсч ирдэг хэмээн ярьдаг. Өнөөдөр дэлхийн хэмжээнд 184 сая хүн “Ковид-19” халдварт өртөж, 4 сая гаруй хүн н а с барлаа. Манай улсад 130-аад мянган хүн халдвар авч, олон арван иргэд маань харамсалтайгаар амь н ас а а алдлаа.

Аюулт цар тахлын улмаас ам ь н а с а а алдсан ард иргэдийнхээ араас гүнээ эмгэнэн гашуудаж байна. Тэднийхээ ар гэр, төрөл төрөгсөд, үр хүүхэд, ойр дотны хүмүүст Монгол төрийн нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Аюулт цар тахал өвчнөөс ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө бүхий л боломж нөхцөлөө дайчлан ажиллаж, зарим үед давагдашгүй хүчин зүйлийн өмнө нүүр тулан сөхөрч байгаа хэдий ч Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын Онцгой комисс болон холбогдох байгууллага, албан тушаалтнууд, эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандаж, сахилга бат, зохион байгуулалттай байж, харилцан уялдаа холбоотой, түргэн шуурхай, хариуцлагатай ажиллах шаардлагатай байна.

Улсын Их Хурал, Засгийн газар ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг тэргүүн зэрэгт тавьж, улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд хөл дээр нь босгон, цар тахлыг хохирол багатай даван туулахад онцгой анхаарч ажиллахыг Төрийн тэргүүний хувьд хатуу анхааруулж байна.

Цар тахлын эсрэг цаг наргүй, өдөр шөнөгүй хичээн зүтгэж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг тангараг өргөсөн төрийн албан хаагчид болон халдвар хамгаалал, өндөржүүлсэн бэлэн байдлын нарийн дэглэмийг сахиж, төр засагтайгаа хамтран ажиллаж байгаа нийт ард иргэддээ гүн талархал илэрхийлье.

Ард түмний эв нэгдэл гэдэг бол улс орны оршин тогтнохын үндэс юм. Эв нэгдэл үгүй бол хөгжил дэвшил, улс үндэстэн байх боломжгүй.

Цаашид монголчууд бид итгэл найдвар, эв нэгдэл, сахилга хариуцлага, хамтын хүчээр цар тахлын аюулыг даван гарах болно.

Манай улсын ард иргэд ээ!

Хэдийгээр энэ жил онцгой нөхцөл байдлын улмаас Үндэсний их баяр наадмаа хойшлуулж байгаа боловч хүн болгон зүрх сэтгэлдээ өв соёл, үүх түүхээ эрхэмлэн дээдэлж, үр хүүхэддээ сурталчлан таниулж, сэтгэл оюундаа хүндэтгэн бодож зөвхөн гэр бүл дотроо ёслон тэмдэглэхийг хүсье.

Манай их зохиолч Дашдоржийн Нацагдорж тэртээ 1935 онд “Эрүүл явбал улсын наадмыг үзнэ” хэмээх шүлэг бичиж үлдээсэн нь өнөөгийн бидэнд хандан хэлсэн захиас мэт санагдаж байна. Их зохиолчийн маань бичсэнчлэн:

Олон түмэн минь эрүүл байж

Олон, олон “Улсын наадам”-ыг үзэх болтугай!

Айл өрх бүрийн хойморт аз жаргал, инээд баясал цалгиж, хүн бүрийн зүрх сэтгэлд энэрэл нигүүлслийн гэрэл гэгээ мөнхөд бадамлаж байх болтугай.

Морин дэл дээр ассан монгол хүний хийморь галын дөл шигээ өөдөө байг. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *