Цахим наадам гэх нэгдүгээр зэрэглэлийнхэнд зориулсан VIP үйлчилгээ.

Даалуучдын хэлдэг гуншин байдаг даа. Сүүлийн мод сүртэй, сүвээний хавирга өөхтэй сайхан гэж ирээд. Яг түүн шиг зүйл энэ жилийн наадмыг тойрч байна. Түүхэндээ анх удаа арван тэрбумаар наадам хийхээр болсон нь олон хүний шуналыг хөдөлгөж байгаа бололтой.

Өдөр өдрөөр үxэл нэмэгдэж байгаа ковидыг хэрхэн даван туулах вэ гэж айл өрх болгон сэтгэл шаналж, олон хүн нулимсаа залгиж суухад наадамд баталсан төсвийг хэрхэн хувааж авах вэ? /аль хэдийн хуваагаад авчихсан ч байж магадгүй/ гэдэг дээр толгой өвдөж байгаа цөөнх бас байна.

Тэдний нэг, энэ жилийн наадмыг найруулахаар болсон найруулагч Г.Цоггэрэлийн өчигдөр олон нийтэд хандаж хийсэн мэдэгдэл, хэвлэлийн бага хурал дээр ярьсан зүйл олон хүний дургүйг хүргэв.

“Энэ богинохон хугацааг ашиглаад бид бас ард түмэндээ гоё юм харуулчихъя гэж бодож байна. Энэ бол бидний үүрэг. Титаник живэхэд хөлгийн тавцан дээр дөрвөн квартет онгоц живж дуусан дуустал хөгжмөө тоглодог. Бидний үүрэг тийм байх ёстой” гэж хэлсэн нь жирийн иргэдийн чихэнд чимэгтэй сонсогдож чадсангүй.

Товчхондоо Монгол Улс бол живж байгаа хөлөг онгоц юм байна. Олз ашиг хайсан хүмүүст онгоц живэх эсэх ч хамаагүй юм байна гэдэг л ойлголтыг төрүүлэв.

Ялангуяа манай урлаг, соёлынхны нүдэнд наадамд төсөвлөсөн хэдэн тэрбум л харагдаж байгаа болохоос биш, наадмаас болж халдвар тарна уу, хүн үxнэ үү хамаагүй бололтой.

Хэдийгээр Засгийн газар “наадмыг цахимаар хийнэ, үзэгч цуглуулахгүй” гэсэн боловч 1024 бөх барилдаж, 2000 гаруй сур харваач оролцдог цахим наадам хаана байсан юм бэ? Түүн дээр нь хамгаалалтад гарах хэдэн мянган цагдаа, цэргийн алба хаагчид, наадмын нээлтийг хийх хэдэн зуун уран бүтээлчид, уяачид, морины хүүхдүүдийг оролцуулбал хамгийн багадаа 10 мянган хүн цуглах болно.

Дарга нар дагуулуудаа аваад очино. Ийм “цахим” наадам гэж юу байсан юм бэ?

Тэгээд ч хэрвээ “Титаник”-ийн тухай ярих гэж байгаа бол онгоц сүйрэхэд зөвхөн нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдыг хөлгийн тавцан дээр гаргаж, аврах завинд суулгадаг.

Харин хоёр, гуравдугаар зэрэглэлийн зорчигчдыг хөлгийн тавцан дээр гаргахгүйн тулд онгоцны хавхлагуудыг хаагаад живүүлдэг юм шүү дээ. Аврах завинд хүн бүр суудаггүй гэдгийг манай эрх баригчид санах ёстой.

Өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан ковидоор өвчилсөн тухай мэдээлэгдсэн. “Хөнгөн өвдсөн” гэж мэдэгдсэн Сангийн сайд “Эмнэлгийн нөхцөл байдалтай танилцахаар” ХӨСҮТ-д хэвтсэн нь олон хүний дургүйг хүргэсэн.

Иргэдэд бол эмнэлгийн ор олдох байтугай эм авах, шинжилгээ өгөх мөнгөгүй өвдөж, үxэж байна. Ийм үед 10 тэрбумын “цахим наадам” нэгдүгээр зэрэглэлийнхэнд зориулсан VIP үйлчилгээ гэж л харагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *