Монголын 120 мянган уяач наадам хийхийг шаардаж байна. Тийм учир…

Монголын Үндэсний Морин уралдаан, уяачдын холбооноос Үндэсний их баяр наадмын асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд Улаанбаатарт наадам хийгээд, орон нутагт xopьж байгаа нь иргэдээ алагчилж байгаагийн илрэл бөгөөд нэгэнт нийслэлд наадамлах бол аймаг, сумдын наадмыг ч хийх хэрэгтэй гэв.

Тус холбооны дэд тэргүүн Ц.Дуламсүрэн “Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг хөдөөний ард иргэд үзэж чадахгүй байна гэдэг иргэдээ алагчилж байна. Амьдрал дэрэр тулгамдсан байдлыг харахад Улаанбаатарт хүн цуглуулахгүй, орон нутагт сум сумдаа наадам хийгээд, бөхчүүдээ барилдуулж, морио уралдуулж болно.

Жил болгон болдог монгол түмний төрт ёсны баяр. Одоогоос 11 жилийн өмнө ЮНЕСКО-д монгол наадмыг биет бус өвд бүртгэсэн.

Монгол төрийн наадмыг хойшлуулна гэж байна. Хуульд заачихсан учраас долдугаар сарын 11-15-нд тэмдэглэдэг наадмыг Засгийн газар хойшлуулж өөрчилж болдоггүй. Үнэхээр хойшлуулж, наадамд зарцуулах зардлаа эрүүл мэндийн салбартаа зарцуулъя гэж байгаа бол олимп шиг жилээр хойшилж болох юм.

Наадам бол ард түмнийг баярлуулах ёстой зүйл. Үндэсний морин уралдаан, уяачдын холбоо ард түмний бодлыг сонссон. Хойшлуулж наймдугаар сард наадам хийе гэж байна. Наймдугаар сард морь уралддаг цаг биш. Хадлангаа авдаг цаг. Нэгэнт Улаанбаатарт тэмдэглэх гэж байгаа бол бүх орон нутагт тэмдэглэх ёстой.” гэлээ.

Тус холбооноос: “Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөө УИХ-д өргөн барих, Монгол Улсын Засгийн Газрын тэмдэглэлээр өгсөн чиглэлээ эргэн харж, бүх сум, аймаг, улсын баяр наадмыг халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, 07 дугаар сарын 11-15-ны хооронд нэг өдөр зохион байгуулах, улаан бүсээр зарлаж,

хатуу хөл хорио зарласан аймаг, сумдын удирдлага өөрсдийн бүрэн эрхийн дагуу богино хугацаагаар хойшлуулан зохион байгуулах эрхийг олгож шийдвэрлэж өгөхийг Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар Сайд С.Амарсайхан нарт шаардлага хүргүүлж байна.” гэж мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *