С.Амарсайхан: Хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөл байдалд орно.

“Ковид-19 цар тахалтай тэмцэх хууль”-д хяналт тавих Түр хорооны гишүүд УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Коронавирусийн эсрэг вакцины хоёрдугаар тунд хамрагдалт 90%-тай байна. Вакцины хоёр тунг хийлгээд 14 болон түүнээс дээш хоног болсон 1,696,000 иргэн байна.

Гэтэл ойлголтын зөрүүгээс болж насанд хүрсэн хүн амын 60%-ийн 90% нь хоёр дахь тунг авсан гэдгийг нийт хүн ам буюу 3.3 саяын 90% вакцинд хамрагдчихлаа гэж буруу ойлгон, тайвширч байна. Үүнээс шалтгаалан халдвар хамгааллын дэглэм алдагдаж байна.

Вакцинд хамрагдаагүй хүн амын 36.5%-ийг бүрдүүлж буй 0-17 насны хүүхдүүд, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй, сайн дураар хийлгэхгүй гэсэн 400,000 орчим иргэн бий. Өөрөөр хэлбэл нийт хүн амын 45-48% орчим нь вакцинд огт хамрагдаагүй. Иймд вакцинд хамрагдаачээ гэж уриалж байгаа юм.

Вакцины үйлчлэл чамлахааргүй байгаа. Цаашид 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулахын тулд 2.5 сая тун Pfizer вакциныг авах гэрээ хийж, эхний татан авалтыг хийсэн.

Эмнэлгийн үйлчилгээний тухайд: Эм, тарианы үнийн өсөлтийг хянахын тулд холбогдох байгууллагууд ажиллаж байна. Гэрээр эм тариа хүргэх ажлыг давхар зохион байгуулж байна.

Өнөөдөр эрчимт эмчилгээний 145 орыг Хотын захиргааны шинэ байранд дэлгэж байна. Халдварын тоо нэмэгдэж Шуурхай штабынхан зохицуулалт хийгээд боломжгүй болж байгаа тул Улаанбаатарын баруун, зүүн бүсэд яаралтай тусламжийн төвийг байгуулах ажлыг түргэвчилж байгаа.

Шаардлага хяналтуудаа чангатгана. Засгийн газар хатуу хөл хорио тогтоохгүй гэж шийдсэн ч халдвар тархаад эмнэлэг ачааллаа дийлэхгүй болчихсон.

Хэрэв халдварын тоо буурахгүй, иргэдийн оролцоо сайжрахгүй бол хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөл байдалд орно. Ингэж байж бид халдвар хамгааллын дэглэмийг сахихаас гадна эмнэлгийн ачааллаа бууруулахгүй бол болохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *