Монгол улсын анхны бөгөөд сүүлчийн ЕРӨНХИЙЛӨГЧ Х.Баттулга танаа.

Монгол улсын анхны бөгөөд сүүлчийн ЕРӨНХИЙЛӨГЧ Халтмаагийн Баттулга танаа

Амар байна уу та? намайг Алтанхүүгийн Цацрал гэдэг эгэл жирийн ардын амьдралаар ажил амьдралаа залгуулж яваа 3 нь хүүгийн аав. Монгол улсын иргэн хүний хувьд, төрийн тэргүүн танд захидал хаяглан сууна гэж зүүдэлсэнгүй явлаа. Юуны түрүүнд танд алтан дэлхийд хүмүүн биеийг олон Монгол хэмээх дэлхийн зүрхэн талд ирж мэндлэн, ардын дундаас алдар нэрээ цуурайтуулан шударга ёс, хүнлэг чанар, эв эеийг илэрхийлэн төрийн тэргүүн хэмээх хүндэт албыг хаших хүртлээ, амьдарч ирсэн амьдралын чинь замнал үнэд бахархам, үүрд дурсагдах даган дуурайх шалтаг билээ.

Өчүүхэн миний бие энэ цаг үед эрхэм тантай хамт нэгэн дээвэр дор ажиллаж, амьдарч, амьсгалж, яваадаа өөрийгөө азтайд тооцон урам зориг аван итгэл дүүрэн явдаг ч таныг ерөнхийлөгчийн алба буух болсонд ихэд харамсан энэ хүү захидлаа яаран яаран бичих болсон юм шүү.

Миний хувьд хөнгөн үйлдвэрлэлийн нэг хэсэг болох гутлын салбарт өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулж яваа иргэн хүний хувьд, өнөөгийн энэ цаг үеийн нийгмийн талаар харж байгаа өнцөг, бодож хэрэгжүүлэхийг зорьж байгаа зүйлсээ хуваалцахыг хүссэн юм. Өнөөдөр Монгол улсад ардчилал хэмээх Хүний эрх, Эрх чөлөө, Шударга ёс Эрх тэгш байдал “Чөлөөт зах зээл” гэх мэт олон сайхан нэршлээр үнэт зүйлсээ тодорхойлсон сонсоход сайхан нийгэм үүсээд аль хэдийнээ 30 жил болжээ.

Гэвч эсрэгээрээ энэ бүх зүйлс бодит амьдрал дээр хэрхэн биеллээ олж, ардын амьдрал амар тайван байж аюулгүй аз жаргалаар дүүрэн байна уу? гээд харахаар яалт ч үгүй санал нийлэхгүй байгаад байх юм.

Миний сонссоноор өнгөрсөн нийгэмд харин Шударга ёс, Хүнлэг чанар, Эрх тэгш байдал энэ бүгд зэрэгцэн оршиж хөгжил дэвшил утгаараа өрнөж хүн амын өсөлт, аж үйлдвэрийн салбар, Соёл боловсрол, гээд бүхий л салбар цогцоороо хөгжиж төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үр ашиг ардын амьдрал бодитоор нөлөөлж байсан юм шиг санагдах болжээ.

Мөн өнгөрсөн үеийг бодохоор яахын тулд юуны төлөө энэ Ардчиллыг зон олноороо хүсэн мөрөөдөж “Хонхны дуу” дуулан авчирсан юм бол гэж их бодох болсон.

Мэдээж бүх зүйл олон талтай байдгийн адил Ардчиллын хувьд үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт зах зээл бий болсон мэт боловч эсрэгээрээ хэт өөрсдийнхөөрөө аашилдаг бусдын эрхэнд халдаж, бусдын боломжийг хулгай хийх өлөн сэтгэхүйг дээд туйлд нь хүргэж хүчтэй нь хүчгүйдээ аархаж хүний эрх эсрэгээрээ мал амьтан, материаллаг зүйлсийн дор байрлаж хоногийн хоолноосоо хэтрэхгүй идэхийн тулд амьдраад байгаа мэт, ийм л нийгэм бий болсныг хэн хэнгүй хүлээн зөвшөөрөх байх.

Тиймээс бид бүхэн хэн нэгнээс бурууг эрэн будлианыг тохож, өнгөрсөнд харамсан халаглаж зүгээр суун өнөөдрөө үгүй хийн ирээдүйгээ баллах биш, энэ цаг үеийн бодит байдал зөв буруугаа хүлээн зөвшөөрөн, алхам алхмаар энэ нийгэмд гэрэл асаах итгэл төрүүлэх үйл хэргийн төлөө хамтдаа эв санаагаа нэгтгэн эргэж харалгүй урагш зүглэн, зөв шийдвэр гаргах цаг мөч аль хэдийнээ ирсэн гэж боддог.

Ялангуяа өсөх идэр насны залуус бидний хувьд , Хэрэглэхээсээ илүү хийхийг чухалчилж Даган дуурайж баясах биш Дагуулан үлгэрлэн урд нь алхаж Ярих биш хийж үзүүлж ирээдүйд үлдэх үр хойчийнхоо төлөө иргэд бид өнөөдөр зөв шийдвэрүүдийг гаргах цаг мөч ирчхээд байна.

Өчүүхэн миний бие аж үйлдвэрлэлийн салбарт багтах Гутлын салбарт бүх насаа зориулаагүй хэдий ч бүх амьдралаа зориулж байгаа хүний хувьд олж харсан хамгийн бодит үнэн бол аливаа нийгэмд хөдөлмөр эрхлэлт буюу хийж бүтээнэ гэдэг хамгийн чухал асуудлуудын нэг байдгийг яс махандаа тултал ойлгож яваа жирийн нэгэн иргэн байна.

Бид бүгд хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон байж Байгаа зүйлсийг байхгүй болгож биш Байхгүй зүйлсийг бий болгож бүтээж Үндэсний үйлдвэрлэлийг бүх салбарт эрх тэгш хөгжүүлж чадваас, сайхан ирээдүй ирэх нь тэнэг хүнд ч ойлгомжтой байх.

Ингээд саналаа төгсгөхөд “Байгалын баялаг бол дундардаг Бидний баялаг бол ундардаг” гэж Манай салбарын манлай үйлдвэрийн захирал хүний хэлсэн үгтэй хавсарган “Монголчууд бид нэгдэж чадан, Монгол арьсан гутлаа хөлдөөн өмсөн нэгэн алхаагаар жигдрэх болсон тэр цаг мөч дор, Монголын эзэнт гүрэн сэргэн мандах гэрэлт зам руу хамтдаа гүйн урагшлах болно”

Эцэст нь хэлэхэд энэхүү захидлын гол зорилго бол би таныг энэ албанаас чинь буухаас өмнө нэг л удаа танд бараалхан ёслоод гарах боломж байдаг болов уу? гэж хүсэлт гарган зориглон бичив. Хүндэтгэн бичсэн Алтанхүүгийн Цацрал “Бойв” ХХК Та бол миний хувьд Монгол улсын анхны бөгөөд сүүлчийн ЕРӨНХИЙЛӨГЧ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *