ЭМЯ: 16, 17 настай хүүхдүүдэд вакцин тарьж эхэллээ.

Өнөөдрөөс 16, 17 настай хүүхдүүдэд Файзер вакцин тарьж эхэллээ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллэв.

Мөн өчигдрөөс жирэмсэн эмэгтэйчүүдийг Файзер вакцинаар дархлаажуулж эхэлсэн бөгөөд вакцины эхний тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд хийх бол давтан тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд хийлгэх юм.

Хэрвээ давтан тунг дээрх хугацаанд хийлгэж амжихгүй бол төрснөөс хойш 42 хоногийн дараа вакцины II тунд хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр хийх бөгөөд жирэмсэн эхчүүдэд аль болох хүндрэл учруулахгүй үйлчлэхээр ажиллаж байна гэв.

Улаанбаатар хотод өнөөдөр явуулын найм, суурин 37 цэгт 67 багийн 377 эмч, ажилтан ажиллаж, 4560 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.9 хувь буюу 962.328 нь I тунд, 88.2 хувь буюу 841.548 нь II тунд хамрагдаад байна.

“Sputnik Light” вакциныг Монгол Улсад бүртгэгдсэн тухай ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлжээ. “КОВИД-19-ийн эсрэг нэг тунт “Sputnik Light” вакциныг Монгол Улсын Эрүүл мэндийн яам бүртгэлээ” хэмээн сангийн мэдэгдэлд дурдсан байна.

“Sputnik V” вакцины “хөнгөн хувилбар” болох уг вакцин гурван долоо хоногийн дотор дархлаа тогтоож, 3-4 сар үйлчилэх бөгөөд 85 орчим хувийн үр дүнтэй аж. Өөрөөр хэлбэл илүү богино хугацаанд эсрэг биет үүсгэдэг гэсэн үг юм.

Монгол Улсын хувьд хоёр тунт “Sputnik V” вакциныг хоёрдугаар сард бүртгэж, түргэвчилсэн журмаар хэрэглэх зөвшөөрөл олгосон юм. “Sputnik V” вакциныг дэлхийн 67 улсад хэрэглэхийг зөвшөөрсөн ба эдгээр улсуудын нийт хүн ам нь 3.5 тэрбум орчим.

“Sputnik Light” нь хүний аденовирусийн векторын платформ дээр суурилсан вакцин юм. Хүний аденовирусийг 1953 оноос эхлэн шинэ вакцин боловсруулахад хэрэглэх болсон ба, түүн дээр суурилсан вакцинууд нь аюулгүй болоод үр дүнтэй, гаж нөлөө нь урт хугацаанд үргэлжилдэггүй болохыг сүүлийн хорин жилийн хугацаанд дэлхий дахинд хийгдсэн 250 гаруй клиник туршилтаар баталсан байна.

5 сарын дунд үеэр 1 сая тун “СПУТНИК-5” вакцин орж ирнэ гэж байсан боловч одоог хүртэл ямар ч сураггүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *