Б.Батцэцэг: Монгол ШХАБ-д элсэхгүй! Хойд их гүрэнд төдийгүй дэлхий дахинд хандаж хэлье.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх үгүй талаар Монголын төр өнөөдрийнх шиг ийм тодорхой байр суурийг ийм зоригтой илэрхийлж байсныг би л лав санахгүй юм байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн РИА Новости агентлагт өгсөн ярилцлагыг сая үзээд ийм бодол төрөв.

Монгол ШХАБ-д элсэхгүй! Хойд их гүрэнд төдийгүй дэлхий дахинд хандаж хэлсэн үг юм байна гэж ойлголоо. Монгол төрийн шийдвэрийг тунхаглаж байна гэж ойлголоо.

Буруу зөв, элсэнэ элсэхгүй гэж дотроо зoдoлдooд, гадаадад болохоор яах нь мэдэгдэхгүй дүлэгнээд л, муушигт хэлдгээр бол алцганаж явсаар арван хэдэн ч жил болчихов, хэдэн ч төр солигдов. Ингэж нэг цэг тавьдаг байжээ.

“Уучлаарай, чадахгүй нь ээ. Бид ингэж шийдлээ”. Том жижиг аливаа асуудал дээр Монголын төр орос ах нарт ингэж хэлж байсныг би бас л санахгүй байна.

Сайдын оросоор ярьсныг Монголчлоё: “Сүүлийн жилүүдэд манай судлаачид, эрдэмтэд, төрийн шийдвэр гаргах түвшнийхэн олон нийтийн дунд энэ асуудлыг нээлттэй хэлэлцүүлээд, Шанхайн байгууллагад Монгол улс одоогийн статусаа хадгалах нь оновчтой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн”.

Оросууд … с большой буквы гэж ярьдаг. ШХАБ-ын асуудалд Монгол улс цэг тавьж байгаа бол энэ үнэхээр том, үнэхээр жинтэй цэг байна аа. Би л лав ингэж ойлголоо.

Юм мэдээж үүгээр дуусахгүй, хөршүүд юугаар хариу бэлэг барихыг таашгүй, тэр хэрээр хүнд сорилтууд угтана, Монголын төр, түүний дипломат алба тэр бүрд цэцэн бэрийн нүүдэл хийхийг бид хүсэх төдийгүй дэмжих ёстой, монгол хүн мөн л юм бол.

Сурвалжлагчдын хөндсөн, түншсэн асуудлуудад Гадаад харилцааны сайдын байр сууриа илэрхийлж буй хэлбэрийнх нь тууштай байдал; туйлын ажил хэрэгч өнгө аяс; маш цэгцтэй, тодорхой өгүүлэмжүүд ихээхэн анхаарал татсан дотроос ганц нэгийг нь хуваалцмаар санагдав.

Манай хэвлэлүүд энэ айлчлалын талаар МОНЦАМЭ-г эс тооцвол мэдээлж, тусгаж буй байдал харамсалтай нь бараг нойлтой тэнцүү болохоор ч тэр.

Ер нь бол айлчилж буй улсын төрийн мэдлийн агентлагт ярилцлага өгнө гэдэг бол зүгээр нэг хөөрөлдөөн биш байр сууриа илэрхийлэх, төрийнхөө шийдвэрийг тунхаглах бараг албан ёсны хэлбэр байдаг.

Шанхайн байгууллагын талаарх асуулт хариулттай залгуулаад сурвалжлагчид (Дмитрий Виноградов, Дарья Лабутина гэж хоёр ч хүн суужээ) ОХУ төвтэй Гаалийн холбоо (Таможенный союз) болон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад (ОДКБ) Монгол элсчихвэл гоогоо юм биш үү гэсэн агуулгатай асуулт тавьсанд,

тухайлбал хоёр дахь байгууллагын тухайд Гадаад харилцааны сайд “Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд, бусад улсын зүгээс манай аюулгүй байдалд шууд зан_алхийлэл учраагүй нөхцөлд цэрэг-улс төрийн ямарваа нэг эвсэлд оролцохгүй гэж заасан бий.

Аз болоход ийм за_налхийлэл байхгүй учраас ОДКБ мэтийн цэрэг-улс төрийн байгууллагад бид элсэх шаардлагагүй” гэжээ.

“Авч үзэж байна, судалж байна, харин ээ…” гэхчлэнгийн гуйвж дайвсан, бөөрөнхий, хүчгүй хариултад бид үнэндээ л дасчихсан явжээ.
Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг сурвалжлагчид хөндөв.

“Манайхаас эрчим хүчээ авдгаараа аваад, энэ УЦС-аа больчихвол яадаг юм?” гэхчлэн. Олон жил яригдсан энэ төсөл Оросын талын шургуу шаардлагаар зогсоод байгааг бид мэднэ.

Хариулт: “Нэгд, бид энэ станцыг Сэлэнгэ мөрөнд биш, Эгийн гол дээр барих юм. Сэлэнгэ мөрөн Байгал нуурын усан цуглабарын 18 хувийг хангадаг бол Эгийн гол 5 хувь. УЦС барьснаар Байгал нуур усгүйднэ гэдэг нь эргэлзээтэй хэрэг.

Хоёрт, Эгийн гол дээр УЦС барихыг Зөвлөлтийн эрдэмтэд нарийвчлан судалж үзээд санал болгосныг бодолцох хэрэгтэй. Манай төсөл энэ судалгаан дээр л түшиглэж эхлүүлсэн төсөл. Төслийг эхлүүлэхэд ОХУ-ын илэрхийлсэн байр суурь бидэнд үнэхээр ойлгомжгүй байлаа.

Гуравт, энэ УЦС Байгал нуурыг бохирдуулна гэдэг. Бодит амьдрал дээр нуурын бохирдлын эх үүсвэр ОХУ-ын нутагт байдаг нь нууц биш. Нуурын хаяанд байгуулсан цаасны үйлдвэр одоо ч ажиллаж байна. Цутгаланг нь дагаад ажиллаж буй бусад үйлдвэр, нуур тойрсон аялал жуулчлалын олон байгууламж буйг бодолцож үзвэл дээрх асуудал их олон талтай.

Дөрөвт, “Шүрэн” УЦС-ын Байгал нуурын усны түвшин, био төрөл зүйлд нөлөөлөх үнэлгээг Францын хараат бус компани хийж, эерэг дүгнэлт гаргасан юм. Өөрөөр хэлбэл, сөрөг нөлөө асар бага, бараг байхгүй гэж дүгнэсэн.

Гэвч Оросын тал энэ дүгнэлтийг харгалзаж үзээгүйгээр үл барам асуудлыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн комисст оруулснаар төсөл зогсоод байна”.

Монголын төр, түүнийг төлөөлж буй Гадаад харилцааны сайд хоёр улсын харилцаан дахь ярвигтай асуудлууд дээр ийм бие даасан байр суурь илэрхийлж, үгээ зоригтой хэлж байсныг би л лав санахгүй байна, баяртай байна.

“Оростой үзэлцээд бай, ура!” гэж байгаа юм огт биш. Тусгаар улс л юм бол, эрх тэгш байх зарчим үнэхээр бодитой л юм бол үгээ хэлдэг, байр сууриа тууштай хамгаалдаг байгаасай л гэж хүсдэг хүн би, ганц миний биш олон монгол хүний хүсэл байх аа.

Эцэст нь хэлэхэд энэ айлчлалын тухайд Монголын дипломатын (дипломатия) эзэлсэн байршил, түүнийгээ хамгаалж буй байдал эрс шинэлэг бөгөөд найдвар төрүүлэхүйц байна уу даа гэдэг өөдрөг бодол РИА Новости агентлагт Гадаад харилцааны сайдын өгсөн ярилцлагаас үзээд, хэдийгээр улс төрийн нарийн явдлыг мэдэхгүй ч эх орондоо хайртай энэ улсын нэг иргэнд ингэж төрөв.

Мэргэжлийн шинжээч улс нэгийг хэлнэ биз. Буруу зөвийг ялгаж өгнө биз. Хэвлэлийнхэн тэдний үгийг бидэндээ заавал хүргээсэй. Монгол улсын Гадаад харилцааны сайдын айлчлал үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *