30 гаруйхан настай 7 гүнжийн ээж болсон Ц.Баяржаргал: Ажил төрөл хийсэнгүй олон хүүхэд гаргалаа гэж хүмүүс хэлэхэд…

Аз жаргалтай амьдралын энгийн нууц юу вэ? Аз жаргалтай амьдрахын тулд бидэнд хэдий хэмжээний мөнгө хэрэгтэй вэ? Эсвэл бидэнд олон өрөөтэй тансаг харш, олон сая төгрөгийн өртөгтэй машин, үнэтэй брэндүүдийн хувцас, өндөр цалинтай албан тушаал хэрэгтэй юу?

Яг үнэндээ аз жаргалтай амьдралын энгийн нууц бол элэг бүтэн, эрүүл саруул амьдрал, дэггүйтэн гүйх шулганасан балчир үрсийн минь бяцхан хөлийн чимээ, хайр гэрэлтсэн харц гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.

Тэгвэл манай сурвалжлах баг энэ удаа өөрөөсөө аз жаргалын хамгийн тансаг, гоёмсог, юутай ч дүйцүүлэшгүй үнэтэй зургаан цэцгийг дэлбээлүүлсэн Б.Ганзориг гэх залуугийн гэрийг зорилоо.

Б.Ганзоригийн эхнэр яг нэг сарын өмнө 27 насандаа тав дахь охиноо төрүүлж, нялх биетэй байгаа хэдий ч “Манайх шинэ байранд ороод тохижоогүй байгаа. Тавилга ч үгүй л айл шүү дээ. Зүгээр үү” гэсээр бидний саналыг маш эелдгээр хүлээж авсан юм. Б.Ганзоригийнх тав дахь охиноо өлгийдөн авахтай зэрэгцэн шив шинэхэн гурван өрөө байрныхаа түлхүүрийг хүлээн авчээ.

Үеийнхэн дунд тань та хоёр шиг таван хүүхдийн ээж, аав болсон хүн бий юу?

-Бид хоёрын танилуудын дунд таван хүүхэдтэй айл маш ховор шүү. Бараг байхгүй дээ. Хамгийн ихдээ л хоёр эсвэл гурав дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа гэр бүлүүд бий. Тэгээд бараг ихэнх нь ганц бие шүү дээ.

-Хорин хэдхэн насандаа таван хүүхдийн аав, ээж болно гэдэг ганц, хоёр хүүхэдтэй айлын аав, ээжтэй харьцуулахад маш их ачаалалтай байдаг болов уу. Мэдээж, олон хүүхэдтэй аав, ээжүүд бусдаас илүү хөдөлмөрлөж, хариуцлагатай байх ёстой. Энэ бүхний хажуугаар гэр бүлийн харилцаагаа бат бөх байлгахад залуу гэр бүл юун дээр анхаарах ёстой вэ?

Ц.Баяржаргал: Ганц, хоёр хүүхдийн ээж байх таван хүүхдийн ээж байх хоёрын хооронд маш их ялгаа бий. Би том охиноо 19-тэйдөө төрүүлээд, өнгөрсөн хугацаанд ямар ч ажил хийгээгүй, хүүхдүүдээ л өсгөж байна. Манай хэд бүгд цэцэрлэгт яваагүй.

Энэ хугацаанд нөхөр маань ганцаараа ажил хийж, амьдралаа болгосоор ирлээ. Ер нь эр нөхрийн хариуцлагаа ухамсарласан байдал л гэр бүлийн харилцааг бат бөх байлгадаг болов уу. Манайх шинэ хүнтэй болох болгонд нөхөр маань өмнөхөөсөө илүү хөдөлмөрлөж байгаа нь надад мэдрэгддэг. Магадгүй, нөхөр маань ийм түшиг тулгууртай болохоор бид хоёр таван охинтой болсон байх.

Б.Гангзориг: Бид хоёрт анхнаасаа л туслах хүн байгаагүй. Аав ээжүүд маань өөр өөрсдийн ажилтай болохоор тэр болгон манайд илүүчлээд, туслаад байх боломжгүй л дээ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд түрээсийн байранд мөнгө үүрээгүй, хадмынхаа хажууд амьдарсны хүчинд энэ байрныхаа төлбөрийн урьдчилгааг хураасан. Ер нь бүх ачаа л анхнаасаа бид хоёрын нуруун дээр буусан болохоор эрт хариуцлагаа ухамсарлаж, хөдөлмөрлөх ёстой гэдгийг ойлгосон.

Ээжүүд төрсний дараа сэтгэл санааны хямралд орох нь амархан. Энэ ч утгаараа бүх л уур, ундуйцлаа нөхөртөө гаргаж, үүнээс болж гэр бүлийн маргаан үүсдэг талаар олон хүн ярьдаг шүү дээ. Төрсний дараах энэ үеийг хэрхэн давж гардаг вэ?

Ц.БАЯРЖАРГАЛ: Төрсний дараахь стресс гэж нэг айхтар юм байна аа. Ер нь тэр уур стрессээ ихэнхдээ л нөхөртөө гаргана. Өмнө нь аавынхаа хажууд жижигхэн байшинд байсан болохоор гэр орноо голно. Гоё гал тогооны тавилга, хэрэгсэлгүйдээ бухимдана. Найз нөхөдтэйгээ уулзаж, гадуур зугаалмаар санагдана. Одоо бол гоё байртай болчихлоо. Гэхдээ манай хүн намайг найз нөхөдтэйгөө уулзаарай гээд мөнгө төгрөг өгөөд л гаргадаг.

Б.ГАНЗОРИГ: Гэртээ хүүхдээ харж байгаа эхнэрүүд өөрийн гэсэн орлогогүй, найз нөхөд нь гадуур дотуур зугаалаад явж байгааг хараад өөрийгөө тэдэнтэй харьцуулж бухимддаг юм шиг байна лээ. Эхнэрээ бухимдаж уурлахад нь би “Миний олж байгаа мөнгө чинийх л гэсэн үг. Чи ч гэсэн хөдөлмөрлөж байгаа. Үр хүүхдээ эрүүл саруул өсгөнө гэдэг маш том хөдөлмөр. Чи надад амар тайван ажлаа хийх боломж олгож байгаа шүү дээ” гэж хэлж эхнэрээ тайвшруулдаг. Ер нь эр нөхрүүд их тэвчээртэй байх хэрэгтэй.

Танайх саяхан гал тогооны өрөөндөө иж бүрэн шинэ тавилга хийлгэх эрх хожсон гэл үү?

Ц.БАЯРЖАРГАЛ: Тийм ээ. Фэйсбүүк дэх ээжүүдийн “Mom” группийн гишүүдийн дунд “Мартын 8”-наар “Миний гал тогоог авраач” гэдэг уралдаан зарласан юм. Уралдаан зарлагддаг өдөр манайх байрандаа нүүж ирсэн. Тэгээд би плитканаас өөр тавилгагүй гал тогооны өрөөнийхөө зургаар оролцсон.

Миний зураг тэр өдрөө л бусдаас хол давж, 5000 лайкаар түрүүлсэн. Ингээд “Шинэ хийц” компани манайд гал тогооны өрөөний иж бүрэн тавилга хийж өгөхөөр болсон. Тавилга маань энэ долоо хоногт гарна. Гал тогооны өрөөндөө өөрийн хүч, хөдөлмөрөөр тавилга хийлгэх эрх хожоод нөхөртөө бага ч болов дэм болсондоо маш их баяртай байгаа шүү.

Ажил төрөл хийхгүй олон хүүхэд гаргалаа, эсвэл одонгийн хүүхдээ төрүүлж байгаа юмуу гэх мэтээр хандах хүмүүс хэр их байдаг вэ. Ер нь хамаатан садан, найз нөхөд болон ойр дотны хүмүүсийн хандлага хэр вэ?

Ц.БАЯРЖАРГАЛ: Харьцангүй гайгүй шүү. Гэхдээ ажил төрөл хийсэнгүй олон хүүхэд гаргалаа гэх хүмүүс байдаг. Тийм хүмүүс 30 гарчихсан, 40 хүрчихсэн хэрнээ нэг эсвэл хоёр хүүхэдтэй л хүмүүс байдаг. Би тийм хүмүүст ядаж гурван хүүхэд төрүүлээд үзээрэй гэж хэлмээр санагддаг шүү. Одоо ингээд бид хоёр хэнээс ч гуйлгүй, өөрсдийнхөө хөдөлмөрөөр олсон мөнгөө хадгалсаар шинэ орон байртай болчихоор хүмүүсийн хандлага, харах харц нь хүртэл өөр болсон нь ажиглагдаж байгаа.

Охидын ээж, аав байхын хамгийн сайхан бөгөөд бэрхшээлтэй тал нь юу вэ?

Б.ГАНЗОРИГ: Сайхан зүйл маш их. Охид аавдаа илүү хайртай, элэгтэй, түшигтэй. Хотоор дагуулаад явж байхад том том жип рүү заагаад л “Аавдаа энэ машиныг авч өгнө өө” гэдэг. Харин усанд оруулах, үсийг нь самнах гээд бага зэргийн бэрхшээлүүд бий хэмээн инээв. Үр хүүхдээ өвчин зовлонгүй, эрүүл саруул өсөхийг харна гэдэг аав ээжийн хамгийн том аз жаргал шүү.

Ц.БАЯРЖАРГАЛ: Тавхан жилийн дараа Г.Дөлгөөн том охин маань бид хоёр үе тэнгийн охид шиг болчихно. Одоо бүгд нялх, ээждээ тус дэм болох нь бага ч тун удахгүй би охидтойгоо үе тэнгийн найзууд шиг болно гэж бодохоор их гоё байдаг шүү. Бас бид хоёр наанадаж 10 жилийн дараа эмээ, өвөө болох магадлалтай. 40 хүрэлгүй эмээ, өвөө болно гэдэг нэг талаараа сайхан ч, бас гунигтай ч юм шиг /инээв/.

Охид өсвөр насандаа ээж болох нь ихэссэн. Мөн өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охидын 70 хувь нь ганцаараа хүүхдээ өсгөдөг гэх судалгаа гарсан байна лээ. Та хоёр өсвөр насандаа аав, ээж болсон ч гэр бүлийн харилцаагаа бат бөх байлгаж буй үлгэр жишээ гэр бүлийн төлөөлөл. Тэгвэл та хоёр шинэ залуу аав, ээжүүдэд гэр бүлийн харилцаагаа бат бөх авч үлдэж, үр хүүхдээ хамтдаа өсгөх тал дээр юуг зөвлөх вэ?

Б.ГАНЗОРИГ: Ер нь хүний суурь хүмүүжил л их чухал. Гэр бүлээсээ олж авсан бага насны хүмүүжил гэр бүл зохиоход, гэр бүлийн харилцаагаа бат бөх байлгахад их нөлөөлдөг юм шиг санагддаг. Зарим нөхрүүд “Би л ганцаараа хөдөлмөрлөж, мөнгө олж байна.

Би та нарыг тэжээж байна” гэх зэргээр янз бүрийн ааш авир гаргаж, эхнэрээ үл тоодог нь анзаарагддаг. Энэ бол маш буруу. Эхнэр чинь үр хүүхдээ эрүүл саруул өсгөж, хүмүүжүүлж байгаа гэдгийг хэзээ ч мартах ёсгүй. Хүүхэд хязгааргүй их хайр бас хариуцлага дагуулдаг юм шүү.

Охидынхоо хүмүүжилд хэрхэн анхаарч байна вэ?

Б.ГАНЗОРИГ: Аль болох охиддоо хэрүүл, маргаанаа харуулахгүй байхыг хүсдэг. Өөрсдөөрөө л үлгэрлэж, хүмүүжүүлнэ гэж боддог доо. Гэхдээ бид хоёр таван л хүүхэдтэй болохоос залуу хүмүүс шүү дээ. Тийм болохоор хүүхдийн хүмүүжлийн талаар ярихад арай л эрт байна.

Тийм ээ, та хоёр залуу хүмүүс. Ингэхэд та хоёрт хоёр биендээ зориулах цаг хэр их вэ. Хамгийн сүүлд хэзээ болзож, хоёулахнаа кино үзсэн бэ?

Ц.БАЯРЖАРГАЛ: Үерхэж эхэлж байхдаа л хоёр биендээ цаг гаргаж, болздог байлаа. 18-тайдаа. Тэгээд л удалгүй том охин маань төрөөд, дараах нь төрсөөр нэг мэдэхэд ам бүл долуулаа болчихсон байна. Кино үзэж, гадуур хоол идэхдээ бүгдийг нь л дагуулаад явдаг.

Б.ГАНЗОРИГ: Хамгийн сүүлд хэзээ болзож, хоёулахнаа кино үзэж, хамт хоол идсэнээ мартчихсан байна /инээв/. Бага охиноо жоохон томрохоор зөвхөн эхнэртээ цаг зав гаргахыг хичээнэ ээ.

Мэдээж охидынхоо мундаг аав, ээж байх нь хамгийн чухал ч та хоёр хэн хэндээ сайн эхнэр, нөхөр байх эрхэм үүрэгтэй. Энэ үүрэг, хариуцлагаа хэзээ ч бүү мартаарай?

Б.ГАНЗОРИГ: Залуу хос гэдгээ бараг мартах шахсан байна шүү, үр хүүхэд гэсээр…

Хэдэн жилийн өмнө Алдарт эхийн одонгийн болзлыг бууруулсан. Үүнээс хойш одонтой ээжүүд нэмэгдсэн гэж олзуурхдаг. Гэхдээ нөгөөтэйгүүр одонгийн мөнгө авах гэж зарим хүн олон хүүхэд төрүүлэх боллоо гэх шүүмжлэл явдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

Ц.БАЯРЖАРГАЛ: Ээжүүд бидэнд Алдарт эхийн одон бол хэнээс ч гуйлгүй, арын хаалгадалгүй, хамгийн шударгаар олддог шагнал. Гэхдээ бас ийм гоё шагналын утгыг алдагдуулж буй цөөн хэдэн хүн байгаа гэдэгтэй санал нийлнэ.

Хүүхдийн 20 мянган төгрөг, одонгийн мөнгө авах гэж хүүхэд төрүүлдэг ээжүүд байдаг юм билээ. Гэтэл Алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжүүдэд жилд нэг удаа 200 мянган төгрөг, хоёрдугаар одонтой ээжүүдэд 100 мянган төгрөг өгдөг л юм билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *