Хятад улс гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрлөө. Хятад эрчүүд Монголоос эхнэр авах сонирхолтой.

Хятад улсын эрх баригчид гэр бүлүүд гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн шийдвэр гаргав. Тус улсын төрийн тэргүүн Ши Жиньпиний даргалсан Хятадын Коммунист Намын улс төрийн товчооны хурал өчигдөр буюу 2021 оны 05 сарын 31-нд уг шийдвэрийг гаргасан байна.

Энэхүү шийдвэр нь хүн амын хөгшрөлтийг бууруулж, насны бүтцийг сайжруулах, ажиллах хүчийг нэмэгдүүлэх зорилготой аж. Хүн амын хэт өсөлтийг хязгаарлах зорилготой “Нэг хүүхэд” бодлогыг тус улс 1979 онд нэвтрүүлж байв.

Энэ бодлогыг 2016 онд халж, хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн ч төрөлт хангалттай нэмэгдээгүй тул ийнхүү гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрчээ. Хятад улсад 2020 онд 12 сая хүүхэд мэндэлсэн байна. Харин 2016 онд энэ тоо 18 сая байв.

Одоогоор Хятадад төрөх насны нэг эмэгтэйд дунджаар 1.3 хүүхэд оногдож байна. Хүн амын тоог тогтвортой хадгалахын тулд энэ хэмжээ 2.1 байх ёстой юм. 2020 оны эцсийн байдлаар Хятад улсын хүн амын тоо 1.412 тэрбум хүрсэн байна.

Хятадын судлаач нар ойрын ирээдүйд ажиллах хүчээрээ АНУ-д гүйцэгдэхгүй байж, эдийн засгаараа илүү гарахын төлөө хүүхдийн тоо хязгаарладаг бодлогоо бүрэн халах шаардлагатай хэмээн үзжээ.

Төрөлт энэ байдлаараа удаашралтай байвал АНУ ирэх 30 жилийн дотор ажиллах хүч 50 сая хүнээр нэмэгдэн, Хятадыг гүйцэх аж. Харин эсрэгээр Хятадын хүн ам 32 саяар буурч, ажиллах хүчний тоо төдийчинээ багасах юм.

Иймд Хятад улс цаашид тэтгэврийн насыг хойшлуулах, залуу үеийнхэнд гэр бүл, хамтын амьдралын үнэ цэнийг багаас нь ойлгуулах ажлыг боловсролын системд тусгах, хүүхэд асрах үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, амаржсан эхчүүдэд урт хугацааны чөлөө олгох, төрөлтийн даатгалын систем нэвтрүүлэх зэрэг ажлуудыг ажил хэрэг болгохоор төлөвлөж байгаа юм байна. Хятад эрчүүд Монголоос эхнэр авах их сонирхолтой байгаа гэдгийг судлаачид бас хэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *