А.Цэгмид: Ээж минь л миний өмнөөс энэ шагналыг их хүлээсэн дээ. Төр, түмэндээ баярлалаа.

“Хүдэн” киноны Ажаагийн дүрээр “Академи авардс” наадмаас “Шилдэг туслах дүр” шагнал хүртэж, шагнал гардуулах ёслолын үеэр Марка Поло кинонд тоглох болсон тухайгаа дуулгаж, монголчуудын сонор, сэтгэлийн баясгаж байсан ахмад жүжигчин бол А.Цэгмэд билээ.

Тэрээр 60 гаруй жил урлагийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүн. Түүнтэй ярилцаж, эмэгтэй хүний сэтгэлийн хат, эмзэг хийгээд хүчирхэг чанарыг үг бүрээс нь мэдэрч, “тольдсондоо” сэтгүүлч миний бие туйлын олзуурхаж байна.

Урлаг, спортыг хослуулж, уран бүтээлч, улсын данстай тамирчин гэх хоёр тодотголоор “овоглож” явсан залуу цагийн дурсамжаас нь эхэлсэн бидний яриа амьдралын нугачаа, алтан тайз, анд нөхөд гэж хөвөрсөөр багагүй хугацаанд үргэлжилсэн. Амьдралын эргэлт, хувь тавилангийн эрхэнд алтан тайзнаасаа “холдох” үедээ ч түүний сэтгэл урлагаас ер хөндийрч байгаагүй нь хариулт бүхнээс нь “ханхалж” байлаа.

Хүмүүс таныг жүжигчин гэдгээр нь андахгүй. Харин залуу насандаа спортын салбарт мандаж явсныг тань төдийлөн мэддэггүй байх. Спортын мастераас урлагт хөрвөсөн түүхээс нь яриагаа эхлэх үү?

Намайг их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэж миний буурал ээж хуучилдаг байсан юм. Эмэгтэй хүүхэд даруухан, удаан хөдөлгөөнтэй, нямбай байдаг даа. Надад тийм чанар байгаагүй хэрэг. Энэ араншин маань дасгалжуулагчийн хараанд өртсөн болов уу гэж одоо боддог юм. Анх долдугаар ангид байхдаа улсад бүртгэлтэй тамирчин болж байлаа.

Тухайн үед улс хувьсгалын 40 жилийн ой тохиож, гимнастикийн баг бүрдүүлэхээр сонгон шалгаруулалт явуулсан юм. Шалгаруулалтын үеэр, Д.Норов дасгалжуулагч, багш маань “тэр цоохор шарваартай хүүхэд” гэж намайг онцлоод шигшээ багтаа авч байсан нь саяхан мэт санаанд бууна.

Ийнхүү долдугаар ангийн охин БНМАУ-ын Спортын төв ордны спортын гиминасикийн анхны шигшээ багийн долоон тамирчны нэгээр сонгогдож байсан түүхтэй. Бас болоогүй, цалинтай. Бидэнд сар бүхэн улсаас 150₮ өгнө. Тэр чинь ёстой үрээд барахгүй их мөнгө шүү дээ.

Спортын салбарт шаггүй “гялалзаж” олимпд хүртэл бэлтгэгдэж явсан түүхтэй байх аа. Таныг “гэнэтхэн л урлагийн хүн болоод спортоо орхисон” гэж хамт хүч сорьж явсан найзууд нь ярьдаг юм билээ?

Би багын л спортод дуртай байсан. Гэхдээ урлагийн хүн болох хүсэл намайг ер амраадаггүй байлаа. Нэг удаа Энхтайвны гүүрэн дээр алхаж явтал МУАЖ Д.Мэндбаяр эгчтэй таардаг юм байна. Тухайн үед Далан худалч жүжгийн Алимаад тоглосон мундаг жүжигчин гэдгээр нь л мэднэ. Мэндээ эгчийг хараад би бүр зог тусчихсан.

“Энэ эмэгтэй шиг гоё жүжигчин болохсон” гэх хүсэл төрж, урлагт шунах шунал улам “ассан”. Тэгтэл хэд хоногийн дараа манай ангийн Ж.Дашзэвэг Драмын театрт шалгалт өгөөд орчихсон тухайгаа дуулгаад “чи очиж шалгуулаач” гэв. Тэгэхээр нь шалгуулахаар очлоо. Драмын театрын тайз дэлхий шиг том, би шар будаа шиг жижигхэн.

Тэр том тайзны урд тухайн үеийн алтан жүжигчид суучихсан, хачин сүрдэм. Тайзан дээр гараад дууллаа, бүжиглэлээ, шүлэглэлээ. Тэгсэн Оюун багш чи “Бүгд найрамдах монгол ард улс мандтугай, ураа” гээд хэл дээ гэдэг юм байна.

Би ч хамаг чадлаараа л хэлсэн. Ингэж л одоогоос 65 жилийн өмнө урлаг хэмээх их айлын босгоор 18 нас хүрээ ч үгүй жаахан охин алхаж, УДЭТ-ын дагалдан жүжигчин болж байсан түүхтэй.

Ингээд л урлагийн хүн болоод спортоо бүр орхичихсон юм уу?

Би театрт ороод, шууд цалинтай залгачхаагүй л дээ. Гурван сар цалингүй, дагалдангаар ажиллаж байлаа. Энэ хугацаандаа гимнастикийн бэлтгэлдээ тасралтгүй явдаг байсан.

Учир нь 1968 оны олимпд орохоор зорьж байсан хэрэг. Үүнээс өмнө 1966 онд Румин, 1967 онд Болгарт зохион байгуулагдсан портын гимнастикийн “Нөхөрлөл” тэмцээнд мөн бэлтгэдэг байв. Тэгсэн яг Мексикийн олимпын өмнө жирэмсэн болоод, бүх зорилго талаар болсон

Багагүй хугацаанд урлагаас хөндийрч, өөр, өөр салбарт ажиллаж явсан юм билээ. Тэгтлээ дурлаж байсан мэргэжлээсээ зай барихад ээжийн үүрэг нөлөөлжээ?

Драмын театрт гурван жил ажиллаж байгаад амьдралын эрхэнд хайртай мэргэжлээсээ түр хөндийрч, хүүхдүүдийнхээ аавтай Москва явсан юм. Тэнд хүүгээ төрүүлж, олон дурсамж бүтээсэн дээ. Миний том хүүг Таня гэж орос эмэгтэй эх барьсан.

Хүүхэд эх барьсан эмчтэйгээ ижил араншинтай байдаг гэж үнэн юм билээ. Идэрчулуун яг оросууд шиг тачигнасан зантай. Харин бага хүү маань аавыгаа дуурайгаад тайван, тогтуун. Бид хэсэг хугацаанд Орост амьдарч байгаад эх орондоо ирсэн. Ирээд би театртаа ажиллахыг асар их хүссэн ч хүүхдүүдийн маань аав зөвшөөрөөгүй.

Хадам ээж ч дургүй байсан. Эмэгтэй хүн тэгээд амьдралаа л дагадаг юм билээ. “Эднийг дургүй байхад би зүтгээд яахав. Телевиз, радио бараадъя” гэж бодоод МҮОНТ-ийн хүүхдийн редакцад ассент найруулагчаар ажиллаж байлаа. Тэгсэн хадам ээж намайг “чам шиг толгойдоо А,Б-гүй юм, арав төгссөнөөс цаашгүй байж” гэж зэмлэдэг юм байна.

Энэ үг намайг урлаг руу эргэлт, буцалтгүй ороход хүргэсэн. Заримдаа хатуу үг бурам болдог шүү дээ. Одоо бурханд байгаа хадам ээждээ баярлаж явдаг юм. Тэр үгийг сонсоод дээд сургуульд сурахаар эрс шийдээд, нас нэлээд хэвийсэн хойноо оюутан болж байлаа.

Харин миний ижий намайг тэг, ингэ гэж нэг их зааж, тушаагаад байдаггүй хүн байсан. А.Цэгмэд: Бурхан намайг амьдралыг аргадаж туул гэж заяасан юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *