Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлт хийгдэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн харьяа газрын албан хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа билээ. Үүний хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамт олонтой уулзлав.

Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх Засгийн газрын түүхэн шийдвэр гарсныг танилцуулаад ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулалт хийгдэнэ гэдгийг онцоллоо.

Тэрээр “Жил бүр улсын төсвөөс 420 тэрбум төгрөгийг нийслэлд өгөхөөр болсон. Энэ мөнгийг дан ганц зам барилга, байгууламж барихад зарцуулахгүй. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт томоохон шинэчлэл хийхэд тодорхой хувийг нь зарцуулна. 420 тэрбум төгрөгөөс гадна санхүүгийн олон эх үүсвэрийг татна” гэв.

Сүүлийн 30 жил хуримтлагдсан хотын асуудлыг шийдвэрлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгааг Хотын дарга энэ үеэр танилцуулсан. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж УИХ-аар тун удахгүй хэлэлцүүлэх гэж байгаа билээ.

Улаанбаатар хот бие даасан хууль эрх зүйн орчныг бүрдүүлж чадвал тулгамдсан асуудлаа шийдэж чадна гэдгийг Хотын дарга онцолж байлаа. Мөн УИХ-д хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулагдаж буй. Тиймээс УИХ, Засгийн газрын хэмжээнд томоохон дэмжлэг авч байгаа учраас бүтээн байгуулалтын ажилд нийслэлийн төр захиргааны байгууллагын чадварлаг, туршлагатай мэргэжилтнүүд хэрэгтэй байгааг уулзалтын үеэр хэлсэн юм.

Тэрбээр ур чадвартай, сэтгэлээсээ ажиллаж байгаа албан хаагчдаа үргэлж дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Мөн хууль эрх зүйн чадамжтай болж, санхүүгийн хувьд бие даавал нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ гэв.

Түүнчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлт, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг өгсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *