Хотын дарга цаашид ч газар чөлөөлнө гэдгийг хэлж газрын асуудлыг бүрэн цэгцэлнэ гэлээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ажилтнуудтай уулзаж, санал солилцов.

Хотын дарга уулзалтын эхэнд Засгийн газар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд өгөх болсон түүхэн шийдвэр гаргасан тухай онцлон, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар товч танилцуулсан юм.

Тэрээр “Улаанбаатар хот бие даасан хууль, эрх зүйн чадамжтай болж байж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чадна” гэлээ. Мөн хотын хөгжлийг дэмжих Түр хороо УИХ-д байгуулагдаж байгаа тухай ярилаа. Тиймээс ирэх жилүүдэд зам, барилга, байгууламж, гүүрэн гарц, нийтийн тээврийн төслүүдийг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөлтийн ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай байгаа юм.

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлууд газар чөлөөлөхгүйгээр явахгүй. Тиймээс газрын тухай хууль, эрх зүйг өөрчлөх шаардлагатай байна. Цаашид газрын асуудлыг цэгцэлнэ. Үүнд газрын албаныхны хүч, оролцоо, сэтгэл, туршлага хэрэгтэй байна” гэв.

Үүний дараа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэлэхдээ “Газартай холбоотой 19 төрлийн үйлчилгээг цахимжуулсан. Мөн иргэдийн гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц ямар байгаа талаар “Масс мессэж” үйлчилгээг нэвтрүүлж, иргэд рүү мессэж илгээдэг болсон” гэлээ. Түүнчлэн иргэд газрын албаны албан хаагчидтай 7777-1285 дугаарын утсаар холбогдох боломжтой болсон байна.

Мөн тэрээр “Газар чөлөөлөх ажилд хамгийн их хөрөнгө шаарддаг талаар танилцуулаад, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 2600 га газрыг чөлөөлж, сургууль, цэцэрлэг, авто зам, инженерийн шугам сүлжээний ажлууд хийсэн” гэлээ. Харин энэ жилийн хувьд газар чөлөөлөлтөд 3.8 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *