Хятадын хоёр том банк Монголд салбараа нээхээр Засгийн газарт банкны зөвшөөрөл авах хүсэлтээ тавьлаа.

Монголд гадны банк орж ирснээр зээлийн хүү буурч, дотоодын банкуудын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ хэмээн үзэх хүн олон. Гэвч гадны банкны салбар орж ирэх нь Монголчуудын эдийн засаг, санхүү, цаашлаад үндэсний аюулгүй байдалд нөлөө үзүүлэх нь тодорхой.

Учир нь манай үндэсний хэмжээний банкууд том хэмжээнд өрсөлдөх чадваргүй хэвээр. Хөрөнгө мөнгө ихтэй гадаадын банкуудын салбарууд бодлогын шинж чанартай зээл олгодог. Түүнээс гадна улс орны ажилгүйдлийн тоо нэмэгдэж, валютын ханшид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй аж.

Монголын төрийн болгоомжлох асуудал их. Яг арилжааны сонирхлоор ашиг олох зорилготойгоор гадаадын UBS, HSBC зэрэг том банкууд орж ирээд, Монголд бизнес хийгээд явъя гэвэл нээлттэй. Гэтэл Монголд банк байгуулах процессоор гадны банк Монголд орж ирээд дор хаяж хоёр жилийн дотор суурин төлөөлөгчийн газраа байгуулдаг. Тэр үедээ Монголын эдийн засагтай холбоотой тооцоо судалгаа, эдийн засгийн эрсдэлийн үнэлгээг хийгээд, дараа нь Монголд банк байгуулах хүсэлтээ хүргүүлдэг байна.

Өнөөдөр Монголд ийм сонирхолтой орж ирсэн гадны банкны салбарууд буцаад бүгд гараад явжээ. Тухайлбал “Standard chartered” банкны салбар орж ирээд гараад явж. Мөн Японы хоёр ч том банк “Монголд эрсдэлтэй юм байна” гээд салбараа нээхээс татгалзжээ.

Манай улсад өнөөдрийн байдлаар хоёр жилийн болзлоо хангаж, салбараа байгуулсан хоёр банк бий. Нэг нь дэлхийд тавд орж буй, Хятадын Industrial and Commercial Bank of China (ICBC), нөгөөх нь дэлхийд хоёрт орж буй “Bank of China” юм. Энэ хоёрын хувьд банкны зөвшөөрөл авах хүсэлтээ тавих эрх нь нээлттэй байгаа ажээ. Гэхдээ стратегийн ач холбогдолтой салбар учраас эхлээд Засгаас зөвшөөрөл гарч байж, түүний дараа Монголбанк процессоо хийх ёстой. Гэвч Засгийн газраас зөвшөөрөл олгох асуудалд яаран хөдлөхийг хүсэхгүй байгаа бололтой.

Манай орны хувьд том том орд газрын лицензүүдээ шууд барьцаалаад, тэр нь чанаргүй зээл болвол тухайн компанид шилжих том эрсдэл бий. Гурав дахь том эрсдэл нь манайх Хятадын Ардын банкинд нийт 12 тэрбум юань буюу мөнгөн дүнгээр 5 гаруй их наяд төгрөгийн өртэй. Тэр мөнгийг гаргавал инфляц, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид ихээхэн асуудал үүснэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *