Г.Занданшатар: Улаанбаатар хот азийн цагаан дагина болно.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар болон нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг дарга 2021-2024 онд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга арга хэмжээг нээж үг хэлэхдээ “1990 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд өнөөг хүртэл хуримтлагдаж ирсэн шийдэгдээгүй олон асуудал бий. Дэд бүтцийн хангамж, эрчим хүч, дулаан цахилгаан, цэвэр бохир ус, нийтийн тээвэр, нийслэлийн гүүрэн болон заман байгууламж, түгжрэл зэрэг.

Хот гэдэг УИХ, Засгийн газрын дэмжлэггүйгээр хөгжинө гэж байхгүй. Иймээс өнөөдрийн уулзалтыг гурван асуудлын хүрээнд хэлэлцэхээр зохион байгуулсан.

Нэгдүгээрт, дэд бүтэц буюу эрчим хүч, цэвэр бохир ус, дулааны хангамжийн асуудал.

Хоёрдугаарт, нийтийн тээвэр буюу замын түгжрэл, гүүрэн болон заман байгууламжийн асуудал.

Гуравдугаарт, дагуул хот буюу хот байгуулалт орон сууцны асуудал гэсэн гурван цогц шийдлийн хүрээнд ярилцах, санал солилцоно.

Мөн Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн барих гэж байгаатай холбоотойгоор хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэнэ. Хаврын чуулганы хуралдаанд багтаан хуулийн төслийг хэлэлцэж өгөөрэй гэсэн хүсэлтийг уламжилж байна. Хууль эрх зүйг баталснаар Улаанбаатар хотод тулгарч буй олон асуудлыг түгжээ, зангилаа тайлагдах боломж бололцоо олдоно” гэж хэлэв.

Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд эрх зүйн таван томоохон өөрчлөлтийг хийхээр ажиллаж байгаа. Эрх зүй, эдийн засаг, нийгмийн бодлогын хүрээнд шинэчлэл хийнэ. Өнөөдөр нийслэл өмчөө захиран зарцуулах эрхгүй бүх асуудал нь засагтай хамааралтай байна.

Төрийн ба орон нутгийн хуулиар үүнийг зохицуулах шаардлагатай. Үүний тулд нийслэл хотод таван “Т”-г арилгая.

Төвлөрлийг сааруулъя, түгжрэлийг арилгая, төсвийн бие даасан байдлыг хангая, татварын эрхтэй болгоё, талцал хуваагдлыг эцэс болгоё.

Ингэвэл Улаанбаатар хот Азийн цагаан дагина гэдэг нэртэй зохицсон сайхан хот болох бололцоотой.

Утааны асуудлаа шийдэж эхэллээ. Утаанбаатар байсан бол Азийн цагаан дагина болох үндсээ тавилаа. Иймээс нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд нийслэлийн удирдлагатай хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэж хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *