“Бадрах энержи” компани ураны олборлолтоо хийж эхлэхэд бэлэн боллоо. Уран олборлохыг та дэмжих үү?

“Арева” групп 1997 оноос Монгол Улсын Дорноговь аймгийн Улаанбадрах сум “Коже говь” компаниар дамжуулан ураны хайгуул хийж эхэлсэн түүхтэй. Улмаар 2013 он гэхэд Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордыг нээж, нөөцийг нь батлуулсан юм.

Үргэлжлүүлэн хайгуул хийж, нөөцийг нь нэмэгдүүлсэн. Зөөвч-Овоогийн ордын нөөцийг анх 54640, Дулаан-Уулынхыг 6260 тонн ураны хүдэртэй гэж баталж байв. Тэгвэл одоогоор Дулаан-Уул ордын нөөц 25,710 тонн Зөөвч-Овоо­гийнх 93,290 тонн болж нэмэгдсэн. Зөөвч-Овоо­гийн орд нөөцийн хэмжээгээр дэлхийд 12 дугаарт эрэмбэлэгдэх том орд.

Францын “Орано майнинг”, Японы “Мицибүши корпорац”-ын хамтарсан “Арева Монгол” компани “Бадрах энержи”-гийн хувьцааны 66 хувь, Монголын Засгийн газрыг төлөөлж, “Мон-Атом” 34 хувийг нь эзэмшиж буй.

“Бадрах энержи” нь илрүүлж, нөөцийг нь тогтоосон ураны ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа. Казахууд “Казатомпром” компаниараа дамжуулж уран олборлох бодлогоо хэрэгжүүлдэг. Тэгвэл монголчууд “Мон-Атом”-аараа дамжуулж бодлого хэрэгжүүлэх аж.

“Бадрах энержи” компани туршилтын үйлдвэрээ барьчихсан. Тэднийхэн зөвшөөрөл өгвөл яг одоо ч туршилтын олборлолтоо эхлүүлэхээр хүлээж байна. Гэвч Засгийн газраас өдий хүртэл зөвшөөрөл олгосонгүй.

Үгүй ч гэхгүй, за ч гэхгүй байгаа нь ямар учиртайг нь гайхна. Гадаадын хөрөнгө оруулагчид 20 гаруй жил бэлтгэл хангаад, туршилтын үйлдвэрлэлээ эхлэх гэж байгааг Засгийн газар хүндэтгэж үзэх ёстой.

Бид өөрсдийгөө Казахстантай харьцуулах их дуртай. Казахууд эдийн засгийн хүчин чадал, хөгжлөөрөө биднээс аль хэдийн түрүүлээд тасраад явчихлаа. Ураны шар нутаг экспортлоод зогсохгүй боловсруулан, цөмийн түлш үйлдвэрлэдэг болсон.

Цаашлаад атомын цахилгаан станц барихаар ажиллаж байна. Бидэнтэй нэг гараанаас хөдөлсөн гэгддэг Казахстан улс одоо цөмийн том тоглогч болсон. Энэ жишээ л биднийг ямар хөшүүн хойрго, тууштай бодлогогүй байгааг харуулна. Дэлхийн цөмийн салбарт шаггүй тоглогч болох боломжтой манай улс гараан дээрээ гацсаар байгаа нь юуны учир вэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *