Би хэрхэн ажилладаг вэ? Нээлттэй мэдлэг боловсорлын сангийн тэргүүн Д.Энхбат.

Надад Оросын нэгэн том эрдэмтний шавь болох аз таарсан юм. Нэгэн удаа тэр багшийн маань 60 насны ой тохиож, зочид гийчид урьсан томоохон арга хэмжээ гэрт нь болсон юм. Тэгээд шавь нар нь хүмүүст үйлчлэв.

Арга хэмжээ дуусахад би ганцаараа үлдэж таарсан байсан. Тэгээд багш маань хамгийн сүүлийн зочноо гаргаж өгчихөөд агаарт надтай хэсэг ярьж суув аа.

Үргэлж завгүй байдаг хүн 60 насныхаа ойг тэмдэглэн, сэтгэл санаа нь сайхан уужраад байх тэр үед би хамгийн их зовдог зүйлээ асуув. “Та дэлхийд нэртэй том эрдэмтэн. Би таныг дууриагаад тоо бодоод бодоод эцэст нь ямар ч нээлт хийхгүй, амжилт гаргахгүй бол яах вэ?” гээд хэлээд тавьчихлаа.

Сонголтгүй болоод нэг муухан тооны багш болохоос эмээдэг байсан хэрэг.

Тэгсэн багш маань хэлж байна: “Энхбат аа, асуудал том амжилт, алдар нэрэндээ биш ээ. Чи хэзээ нэгтээ над шиг 60 насны ойгоо тэмдэглэж сууж байх үедээ өөрөөсөө ‘Би өөрийн хүссэн замаараа явсан уу, хүссэн зүйлээ үзээд алдсан уу?’ гэж асуух байх.

Хэрвээ чи хүссэнээрээ яваагүй бол тэр үед харамсана. Харин хийе гэснээ үзээд алдсан бол чи алдсан байлаа ч өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байна. Би бол хүйтэн дай_ны үед амьдарч, цэрэг дайны том ажилд оролцож амжилт олсон хүн. Харин өнөө цагт магадгүй хэзээ ч да_йн болохгүй, чи над шиг явах албагүй байх.

Чи зөвхөн өөрийнхөөрөө, хожим юунд ч харамсахгүйгээр л яв. Бусдад, тэр байтугай хамгийн ойр дотныхондоо ч гэсэн илүү таалагдах гэж өөрийнхөө хүслийг бүү өөрчил.

Амжилт, үр дүн, алдаа оноо бол амьдрал биш, зүгээр л амьдралд тааралдах зүйлс. Чамаас огт хамаарахгүй зүйлс хорвоод дэндүү их. Түүнд бүү санаа зов.

Өөрийнхөө хийхийг л хий. Тэгвэл чи жаргалтай хүн. Хамгийн амжилттай хүн.”

Багшийн минь энэ зөвлөгөө миний амьдралд эерэг сайхнаар нөлөөлсөн дөө. Будда багшийн сургаал хожим уншиж байхад ч яг л ийм зүйлийг сургасан байдаг.

Үр дүнд битгий санаа зов, хийх юмаа л хий гэж сургадаг. Зэн сургаалд ногоогоо тарь, арчил. Харин ургах эсэх нь чамаас гадна Бурханаас хамаарна, тиймд Бурханы өмнөөс бүү санаа зов гэдэг.

Зүгээр л хийх ёстой юмаа зүрх сэтгэлээ зориулж хийж бай гэдгийг тэр үед сонссон маань үргэлж хэрэг болж явдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *