Цагдаагийн алба хаагч 5 минутын дотор ухаангүй болсон хүүг эмнэлэгт хүргэж амийг нь аварчээ.

Дүүгийн минь амийг аварсан цагдаагийн алба хаагчид баярлалаа…

Манай сайт тухайн үйл явдлын талаар тодруулахаар бичвэрийг нийтэлсэн иргэнтэй холбогдоход “Уржигдар өдөр манай дүү бие нь тавгүй байна гэж бидэн рүү хэлсэн. Ингээд аав бид хоёр машинтай очиж аваад эмнэлэг явахаар хөдөлсөн. Шар хадны эцэс дээр гэнэт бие нь улам муудаж, хоолой нь боож, зүрхний хэм нь алдагдсан.

Яг тэр үед яах учраа олохгүй байсан. Би машинаасаа бууж гүйгээд замд таарсан цагдаа нараас тусламж гуйсан. Тэгэхэд нэг цагдаагийн алба хаагч биднийг хүнд байдалд байгааг шууд ойлгоод манай машиныг бариад эмнэлэгт хүргэсэн.

Аав маань сандраад машинаа барьж чадахгүй болчихсон юм. Цагдаагийн алба хаагч машин барьснаар бид Шар хадны эцсээс Дүүргийн эмнэлэг хүртэл 5 минут л явсан.

Дүү маань Дүүргийн эмнэлэг рүү орохдоо ухаангүй байсан. Цаг алдалгүй тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэсэн цагдаад үнэхээр их баярлаж байна” гэсэн билээ.

Тэрээр “Одоо дүүгийн маань биеийн байдал сайжирсан. Тухайн үед хурдан эмнэлэгт хүргээгүй бол хүндрэл үүсэх байсан тухай эмч нар бидэнд хэлсэн. Дүү маань хүнд хэлбэрийн шоконд орсон байсан.

Бидэнд тусалсан цагдаагийн алба хаагчид маш их баярлалаа” хэмээн талархсан сэтгэлээ сайхан сэтгэлт цагдаад илэрхийлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *