Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч Д.Энxбатын аав Н.Дангаасүрэн гуайн намтраас.

Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн Найдангийн Дангаасүрэн (1925-2006) нь 1925 онд Дорнoговь аймгийн Сайхандулаан сумын нутагт төрж нутгийнхаа Амгалан xийдэд шавилан сууж байжээ. Бага насандаа нутгийн анчин Буяндэлгэр өвгөнд шавь орж ном сурч эxэлсэн бөгөөд улмаар бичиг үсэгт тайлагдсан түүнийг авга аx нь нийслэл xотод авчиран xолбооны морзчин болгосон ба С.Янжмаа гуай түүнийг Маршал X.Чойбалсан гуайтай уулзуулжээ.

Н.Дангаасүрэн нь 1939 онд Намын төв сургууль, 1941-1943 онд Намын шинэ хүчний дээд сургууль, 1952-1955 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Коммунист намын дээд сургуульд тус тус суралцан төгссөн. Хожим нь Английн Лойдс, Кембрижийн их сургуулиудад олон улсын эдийн засаг, англи хэлний сургалт дүүргэсэн байна. Түүхч, эдийн засагч мэргэжил эзэмшижээ.

Тэрээр 1940 онд МХЗЭ, 1942 онд МАХН-д элссэн. 1943-1945 онд МХЗЭ-ийн Төв Хорооны хэлтсийн эрхлэгч, 1945-1946 онд МХЗЭ-ийн Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга, 1946-1952, 1956-1958 онд МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1955-1956 онд Хөвсгөл аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байжээ

Н.Дангаасүрэн Монголын залуучуудын байгууллагын үйл ажиллагааг толгойлон ажиллаж байхдаа тус байгууллагыг зохион байгуулалт, боловсон хүчний хувьд бэхжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэхэд ихээхэн анхаарч байлаа.

Тэрээр өөрийн дурдатгалдаа “Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, соёл урлаг, шинжлэх ухаан, боловсролын олон салбарын үйл ажиллагаанд тодорхой туслалцаа үзүүлэх, арга хэмжээ бүхнийг боловсруулж хэрэгжүүлэхэд өндөр мэдлэг мэргэжилтэй хүмүүстэй өдөр тутмын нягт холбоотой ажиллаж, тэднийг ХЗЭ-ийн ажилд урин оролцуулж байсан явдал онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог.

Нөгөө нэг зүйл гэвэл ХЗЭ-ийн ажил хэрэгт санаачилгатай, зоригтой, ажилдаа амжилт гаргасан ажилтныг өөр ямар нэгэн болзол шаардахгүй шууд дэвшүүлдэг байсан” гэж дурссан байдаг.

Н.Дангаасүрэн улс орны хөгжлийн талаар тухайн үеийн нам, төрийн бодлогод шүүмжлэлтэй ханддаг байжээ. Тэртээ 1956 онд “эх орны бахархал болох үндэсний зүйлийг орхигдуулж байна. Ардын дууг хүртэл хориглож байсан. Энэ бол том алдаа шүү дээ. Ер нь монголын юм бүхнийг феодалын гэж хэтрүүлэн харах хандлага байсан. Энэ бол буруу. Манай ард түмэнд ч үзэж харах юм бий. Үүнийг улс төрийн талаар зөв үнэлэх ёстой. Би энэ үгүүдийг эх орныхоо төлөө л тавьж байна” гэж хэлээд “Сэхээтний төөрөгдөл” хэмээх дуулиант хэ_рэгт холбогдсон юм.

Н.Дангаасүрэн хожим дипломат албанд шилжин ажилласан ба 1959 оноос Монгол Улсаас БНХАУ, БНАСАУ-д суугаа Элчин сайдын яаманд улс төрийн зөвлөх, нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байв.

Тэрээр улс орныхоо гадаад харилцааг бэхжүүлэх өргөн хүрээтэй ажиллагаанд өөрийн мэдлэг чадвараа дайчлан, идэвх санаачилгатай ажиллаж байсан манай улсын дипломат албаны ахмад ажилтнуудын нэг юм.

Дараа нь Аж үйлдвэрийн комбинатын намын хорооны нарийн бичгийн дарга, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн гадаад харилцааны хэлтсийн эрхлэгчээр хэсэгхэн зуур ажиллаж байжээ. Тэрээр 1940-өөд оноос эхлэн Энх тайвныг хамгаалах Монголын хороо, НҮБ-ыг дэмжих Монголын нийгэмлэгийн орлогч даргаар хавсран ажиллаж байв.

Тэрбээр “Хөдөө аж ахуй дахь нийгэм эдийн засгийн өөрчлөлт”, “Гуравдахь ертөнц: Эдийн засгийн тусгаар тогтнолын асуудал”, “Монгол үндэстний хувь тавилан”, “Улс тогтнох хүчин зүйлс” зэрэг судалгааны ном бүтээлүүд хэвлүүлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *