Хүүхдийн санд цугласан 2 тэрбум төгрөгийг ашиглаж чадахгүйд хүрлээ…

Он солигдохын өмнөхөн буюу өнгөрсөн арван хоёрдугаар сарын 30-ны орой “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг томоохон телевизүүд нэгэн зэрэг цацсан. Үзэгчдийг сонголтгүй болгон, энэ тоглолтыг зэрэг цацсан нь эртнээс төлөвлөснийг илтгэж байгаа хэрэг.

Шууд нэвтрүүлгийн хөтлөгчөөр сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар, найруулагч Б.Тамир, жүжигчин Б.Баттөмөр, О.Дөлгөөн гэх мэт алдартнууд ажилласан юм.

Тайз чимэглэлийнх нь сүртэй, хөтлөгч одуудынх нь ганган хээнцэр гэж жигтэйхэн тэр нэвтрүүлэг олон хүнийг уяраав. Баярын урд өдөр таарсан, мөн Монгол хүүхдүүдийн сайн сайхны төлөө хандивыг цуглуулж байна гэх мэт уярам сайхан үгэнд Монгол хүн бүр итгэсэн.

Ингээд зургаан цагийн дотор тоглолтыг зохион байгуулагчид 2 тэрбум 200 сая төгрөг цуглуулж, зорилгодоо хүрэв. Нэвтрүүлгийн төгсгөлд тухайн үед Соёлын сайд байсан С.Чулуун хандивын хөрөнгөөр Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолбор барихаа дуулгав.

Гэвч баярын дараахнаас байдал нэг л биш. Херо продакшны найруулагч Б.Баатар нэвтрүүлгийн автор байсан нь ил болов. Соёлын яам санаачилсан (уг нь хүүхдийн хөгжил, хүүхдийн эрхийн зөрчил тус яамны хариуцсан асуудал биш. БШУЯ, ХНХЯ-нд хамааралтай), Хүүхдийн фондыг сэргээх санаачилгыг олон хүн төр иргэдээс хандив авлаа хэмээн эсэргүүцэлтэй тулав.

Энэ нь ч зөв. Учир нь нийт хандивын тал нь буюу 1 тэрбум төгрөг бол татвар төлөгчдийн мөнгө юм. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх энэ мөнгийг Засгийн газрын нэрийн өмнөөс хандивласан юм.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын хүүхдийн ордон, Урлан бүтээх төв гээд хүүхдийн гэх тодотголтой, төрийн байгууллагууд бий. “Лантуун дохио”, “Хөөрхөн зүрх” гэх мэт сайн ажилладаг ТББ-ууд ч бий.

Хавар болж, барилгын ажил эхлэх болов. Соёлын яам өнөөх 2 тэрбум төгрөгөө авч, бүтээн байгуулалтаа эхлүүлэх гэв. Хүүхдийн төлөө фондод хөрөнгө хуримтлуулах тоглолтын үеэр Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар оролцож, Хүүхдийн төв номын сан, хүүхэлдэйн театрын цогцолбор барихад зориулж Чингэлтэй дүүргийн 5-р хороонд 11,000 квадрат метр газрын асуудлыг шийдвэрлэснээ цэнхэр дэлгэцээр зарлаж, батламжийг салбарын сайдад нь гардуулсан юм.

Гэвч хууьд хүүхдийн санг тусгаагүй тул энэ мөнгө ямар ч хөдөлгөөнгүй зарцуулж болохооргүй таг гацав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *