30,000 хонины хариу бэлэг болж ирсэн 250 ширхэг авто машин хэний гараар оров?

Хятадуудын олж нээсэн ололт болох дугуй хоорондын зайг царигийн өргөнд тохируулдаг технологийн шинэ аргаар Монгол, Орос зэрэг оронд чөлөөтэй зорчих тусгай галт тэрэг Монголд 30,000 хонины “Аяганы хариу” болох бэлгийг тээн авчирсан нь өнгөрсөн оны өдийд болсон үйл явдал юм байна шүү.

Манай зарим мэргэжлийн орчуулагчид, тэр тусмаа сэтгүүлчид иймэрхүү нарийн үйл явдлын учир гогцоог тайлж мэдээлэхдээ ядмагхан гэдгийг бүгд мэдэх биз. Тэгвэл үнэхээр 30,000 хонины хариу бэлэг болж ирсэн энэ мэдээлэл яагаад олон түмэнд хүрэлгүй нүдэн балай чихэн дүлий дарагдаад өнгөрдөг билээ.

Уг тусгай галт тэргээр 250 ширхэг арилжааны автомашин тээвэрлэгдэн ирсэн тухай Хятадын нөлөө бүхий том хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүгд мэдээллээд өнгөрсөн байна. Гэтэл ард иргэд бид яагаад энэ тухай юу ч дуулалгүй өнгөрдөг билээ?

Тухайн үед Хятадын засгийн газраас Монгол улсад 450,000 ширхэг сайн чанарын амны маск бэлэг болгон өгсөн тухай Гонконгийн “Галт шувуу” телевизээр мэдээлж байсан. Тэр бэлгийг албан ёсоор хүлээн авсан тухай мэдээллийг та бүхэн мэдсэн үү? Би л хувьдаа чих тавин сонсож байсан боловч тоймтой зүйл мэдэлгүй өнгөрсөн.

Ер нь олон улсын зүгээс “Ковид-19” холбогдуулан өгч байгаа иймэрхүү эд материалын тусламжийг манай дээр суугаа сайн эрчүүд олон түмэнд мэдэгдэлгүй энэ мэт сэмээрхэн хувьдаа шингээгээд байгаа юм биш биз дээ?

Нууцлаг галт тэрэг ирснийг яагаад нууцлах болов? Тэр дунд үнэхээр 250 ширхэг үнэ цэнэтэй машин техник байв уу? Хаашаа хэний гараар оров? 30,000 хонины хариу бэлэг ирснийг Монголын ард түмнээс хэн ямар зорилгоор нууцлан өнгөрөөсөн бэ?

Дугуй нь царигийн өргөнд зохицон зорчих боломжтой ачааны галт тэрэг нэг жилийн өмнө Монголд ирсэн байтал тэр тухай мэдээллийг нууцлах нь хэнд ашигтай вэ? гэдэг олон асуудлын учиг гогцоо ойлгомжгүй үлдлээ.

Энэ тухай ардчилсан улсын иргэд бид нар төрийн холбогдох албаныхнаас тодруулга шаардах эрхтэй нь сайхан юм даа.

Манай төмөр замын холбогдох албаны хүмүүс энэ мэдээллийг уншиж байгаа бол дугуй тохируулах шинэ технологийн туршилтын талаар олон түмэндээ тайлбар хүргэвэл сайнсан.

Монголын ард түмэн яахаараа иймэрхүү нарийн ширийн мэдээллийн талаар хөмөрсөн тогоонд байгаа лүгээ адил нүдэн балай чихэн дүлий байх ёстой юм бэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *