Виржиние: Анх түүнийгээ хараад л дурласан. Би сансандаа хүрч түүнтэй гэр бүл болсон доо маш их баяртай байна.

Учирах ёстой хүмүүс нь учирч, уулзана гэсэн нь уулздаг гэж үнэхээр оносон үг гэлтэй. Хаа холын Франц бүсгүй Монгол залуугийн цам харайж буй зургийг Франц сэтгүүлээс олж харснаар нэгэн гэр бүлийн халуун дулаан амьдрал эхэлжээ.

Гандан хийдэд шавилан сууж, цамын бүжигт цам харайдаг байсан залуугийн зургийг харсан тэрээр эрж хайсаар монгол залуугаа олж, хэн хэндээ таалагдсан хос дөрвөн жил үерхсэний эцэст эхлээд Францад, дараа нь Монголд хуримаа хийжээ.

Баярсайханы Эрдэнэхуяг гэх энэ залуу их л даруухан нэгэн байсан агаад барагтайд ам дуугарахгүй түүнээс цөөн зүйл тодруулж амжсан юм.

-Та хоёрт гэр бүл болсонд тань баяр хүргэе. Та хоёрын танилцсан тухай сонсоод сонирхолтой санагдсан. Үүнээс яриагаа эхлэх үү?

-Ер нь энэ тухай ярих хэрэг байгаа юм уу?. Би урьд нь Гандан хийдэд шавилан сууж цамын бүжигт бүжиглэдэг байсан. 1999 онд 30-аад хүүхдийг Францад аваачиж цамын бүжиг хийлгэн аялан тоглуулсан. Тэр үед францчууд биднийг их л сонирхож байсан. Тэгээд эхнэр болох хүнтэйгээ танилцсан.

-Тэгвэл танайх одоо Францын аль хотод амьдардаг вэ? Гэр бүлийн хүнээ танилцуулаач?

-Францын Pont-a-Mousson хотод. Анх бид хоёр тэндээ л танилцсан. Манай хүнийг Виржиние гэдэг. Хотынхоо сургуульд бага ангийн багшийн ажилтай.

ТҮҮНИЙГЭЭ АНХ ХАРААД Л ДУРЛАСАН

–Виржиниегээс асуулт асууж болох уу? Яагаад Монгол залууг сонгосон юм бэ?

-Анх түүнийгээ хараад л дурласан.

-Монгол ёсоор хуримлах ямар санагдав?

-Үнэхээр сонирхолтой санагдсан. Хээ хуар болсон гэрт, тулганд гал түлээд л, анхны цайгаа чанасан. Харин олон хоног өдөр шөнөгүй найрлаж, их мах идэж, apxи уух нь л хэцүү байсан.

-Монголчууд тэр дундаа монгол хадмууд ер нь Монгол Улсын талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Манай монгол аав, ээж маань үнэхээр сайхан хүмүүс. Монгол Улс ч гэсэн жил ирэх бүр хөгжиж байна. Сэтгэгдлийн хувьд үнэхээр сайхан, өндөр байгаа.

–Аав, ээж тань Франц, ядаж европ бус ази тэр тусмаа Монгол залууг сонгосныг тань хэрхэн хүлээн авсан бол. Монголчууд бол охиноо гадаад хүн сонговол нэлээд хатуурхдаг?

-Тэднээс өөрсдөөс нь асуу.

Виржинегийн аав Таккони Жиллес: Бидэнд Франц, Испани, Португали, бүр Монгол залуу гээд ямар ч үндэстэн байсан ялгаагүй. Охин маань үнэхээр хайртай хүнээ олсон учраас л бид сонголтыг нь зөвшөөрсөн. Тэгээд ч охиныг маань хайрлаж чадах хүн гэдэгт бид итгэж байна.

-Та бүхэнд монголын хуримлах ёс ямар санагдав?

-Франц хурим бол нэлээд хөнгөхөн. Католик сүмдээ гэрлэлтээ батлуулаад, хотынхоо захиргаан дээр очиж хотын даргаас бичиг аваад л тусгай танхимд босоо хүлээн авалт хийдэг. Харин монголын хуримлах ёслол хоёр хоног мах, гурилан боорцог идэж, apxи уугаад их нүсэр юм. Хуримын ордон харин их таалагдсан.

-Монгол хоолноос аль нь та бүхэнд илүү таалагдав?

-Бидний хувьд махыг хайрч, жигнэж эсвэл давтаж шарж иддэг болохоор чанаж болгосон мах их идэх жоохон сонин санагдсан. Харин хорхог боодог зэрэгт махыг нь халуун чулуугаар хайрч болгодог учир нэлээд гайгүй юм шиг санагдсан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *