Эх сурвалж: “Би төрөх хүртлээ 5 удаа PCR шинжилгээ өгсөн”

“Хэзээ өвдөхөө мэдэхгүй учраас гурав хоног тутамд PCR шинжилгээ өгч байна. Одоогоор гурван удаа өгөөд байна. Өнөөдөр эмнэлэгтээ үзүүллээ.

Шинжилгээний хүчинтэй хугацаа маань өнөөдрөөр дуусч байгаа учраас дахиад л өгнө” гэж Хүрээ амаржих газрын гадаа тааралдсан нэгэн ээж хэлсэн юм.
Хэзээ өвдөхөө мэдэхгүй байсан учраас 5 удаа PCR шинжилгээ өгч байж төрсөн

Саяхан амаржсан иргэн У: “Шинжилгээний хариу 72 цагийн хүчинтэй болохоор хэзээ төрөхөө мэдэхгүй таван удаа өгч байж төрсөн. Эмнэлэг заавал 72 цагийн шинжилгээний хариутай байх ёстой гэсэн учраас л ингэж өгсөн” хэмээн хариуллаа. Бас нэг ээж “Жирэмсний 36 долоо хоног хүрээд л долоо хоногт хоёр удаа өгдөг байсан” гэв.

Мөн Фэйсбүүк дэх ээжүүдийн группт “Би удахгүй төрнө. Заавал шинжилгээний бичигтэй очих уу?” гэх асуултад “Өөрийгөө ч, бусдыгаа ч бодоод шинжилгээ өгөөрэй”, “Шинжилгээ өгөөд очсон нь дээр. Өгөөгүй бол шинжилгээгүй хүмүүстэй нэг тохь муутай өрөөнд оруулчихдаг юм билээ. Тэгэхээр эрсдэлтэй гэсэн үг” гэж зөвлөх аж.

Энэ мэтчилэн төрөх хугацаа нь ойртсон жирэмсэн ээжүүд эмнэлэгт хэвтэх бэлтгэлээ хангахдаа PCR шинжилгээ өгч байна. Шинжилгээний хариу нь 72 цагийн хүчинтэй учраас бие давхар эхчүүдэд гурав хоног тутамд өгөх нь багагүй бэрхшээл учруулж байна гэж нийгмийн сүлжээгээр бичжээ. Хэдийгээр цаг авалгүйгээр шинжилгээний цэгүүдэд дараалалгүй шууд оруулж байгаа ч жирэмсэн битгий хэл хүүхэд тээгээгүй хүнд ч байнга тийш зүглэх амаргүй. Халдвар авах эрсдэл ч нэмэгдэнэ.

Эх сурвалж: gogo mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *