Б.Ананд, Э.Лхагвасүрэн: Хүү минь 8 “ТЭРБУМ ДАХЬ ИРГЭН” болно гэж огт төсөөлөөгүй…

Австралийн нийслэл Канберра хотноо төрсөн монгол хүү А.Мэргэн дэлхийн найман тэрбум дахь иргэдийн нэгээр нэрлэгдсэн онцлох үйл явдал өнгөрөгч өдрүүдэд тохиолоо.

Австрали тивд амьдарч буй Монголын залуу гэр бүлийн төлөөлөл болсон Б.Ананд, Э.Лхагвасүрэн нарын ууган хүү болон мэндэлсэн хувь тохиолтой бяцхан хүүгийн аав, ээжтэй цөөн хором ярилцлаа.

-Танай гэр бүлд шинэ хүнээ өлгийдөн авсанд баяр хүргэе. Шинэ хүнтэй болоод зогсохгүй дэлхийн найман тэрбум дахь иргэний аав, ээж боллоо?

Б.Ананд: Маш их баярлалаа. Хүүг маань төрөөд удаагүй байхад эмнэлгээс бидэнд энэ мэдээг дуулгасан. Түүний дараа Канберрагийн төв хэвлэлээс ирж, биднээс яриа авсан. Өмнө нь бид арваннэгдүгээр сарын 15-ны үед дэлхийн 8 тэрбум дахь иргэн төрнө гэх мэдээг бол харж байсан.

Гэхдээ бидний хүүхэд тэдний нэг болно гэж огт төсөөлөөгүй. Тухайн үед үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан. Эхнэр маань 14-ний өдөр өвдөөд эмнэлэгт очсон. Тэгээд 00:51 цагт хүү маань төрсөн.

Э.Лхагвасүрэн: Яг нарийн тооцоолох боломжгүй учраас бүс нутгуудад хамгийн ойр төрсөн хүүхдийг 8 тэрбум дахь хүүхдээр зарлаж байгаа юм билээ. Хүү маань Канберрад төрсөн хүүхдүүдээс хамгийн түрүүнд төрсөн болохоор энэ тодорхойлолтыг хүртсэн.

Тухайн үед үнэхээр ийм онцгой цаг үед төрж байгаа талаараа ч мартчихсан байсан. “Канберра таймс”-аас сэтгүүлчид ирж, яриа авахад нь “Юу яриад байна аа” гээд бараг өвдөлтийн шокноосоо гараагүй угтсан. /Инээв/

-Аав хүүтэйгээ уулзсан анхны мөч ямар байсан бэ? Ээжийн хувьд анхны үрээ тэвэрч авсан тэр мөчөө хуваалцвал…?

Б.Ананд: Үгээр хэлэхийн аргагүй “хүнд ажил” байна. Тэр их өвдөлтийг тэсэж, шүд зууж буй эхнэрээ хараад шоконд орсон. Хүүгээ эсэн мэнд төрөөд, уйлахад нь л бараг ухаан орсон байх.

Э.Лхагвасүрэн: Хүүг маань гэдсэн дээр тавихад хамгийн түрүүнд гар хөл, нүд ам нь бүрэн бүтэн байна уу гэж хардаг юм билээ. /Инээв/ Уйлахад нь сэтгэл тайвширч, уйлсан.

Өмнө нь ах дүү, хамаатан садны эмэгтэйчүүд төрөхөд төдийлөн тоодоггүй, өвдөлтийнх нь талаар мэддэггүй байсан бол өөр дээрээ мэдрээд үзсэн чинь “Ямар хэцүү өвдөж байсан бол” гэж бодогдоод, тайлбарлахын аргагүй олон зүйлс бодогддог юм байна. Ээжүүдийг бүгдийг нь маш их биширсэн.

-Найман тэрбум дахь иргэн болсон учраас ямар нэгэн онцгой эрх эдлэх болов уу?

Маш олон хотод чацуутан болсон хүүхдүүд байгаа учраас ямар нэгэн онцгой эрх байхгүй байх. Бидэнд тийм зүйл яриагүй.

-Хүүгийнхээ нэрийг хэрхэн өгсөн бэ?

Тийм ээ. Бид ярилцаж байгаад Мэргэн гэдэг нэр дээр тогтсон. Угаасаа энд төрөнгүүт нь бүртгэл, гэрчилгээ зэрэг зүйлсийг нь авах учраас нэр нь хамгийн түрүүнд бэлэн байх ёстой гэж бодсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *