Жүжигчин Б.Амарсайхан: Үүдийг нь сөхөөд орлоо, хоймор руу нь зүтгэнэ дээ.

Жүжигчин Б.Амарсайханы найруулсан “Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино 95 дахь удаагийн Оскарын кино наадмын үеэр олон нийтэд үзүүлдэг нээлттэй үзвэрүүдэд шалгарч, өнгөрөгч 11-ний өдрөөс дэлгэцнээ гарч эхлээд байгаа.

Монгол уран бүтээлчийн кино ийнхүү Оскарын нээлттэй үзвэрт шалгарсан нь анхны тохиолдол болж байгаа юм.

Авьяаслаг жүжигчин төдийгүй, сайн найруулагч гэдгээ харуулаад буй Б.Амарсайхан Netflix-ийн бүтээл болох “Марко Поло” кинонд Ариг Бөхийн дүрд тоглоод, эх орондоо ирэхдээ “Үүдийг нь сөхөөд орлоо, хоймор руу нь зүтгэнэ дээ” хэмээн яриа өгч байв. Тэрхүү үгээ батлаж, дараагийн том алхмаа ийнхүү хийж, Оскар руу зүтгэж байна.

Түүний тухай төрсөн эгч нь болох, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Амараа бол сайн жүжигчин төдийгүй найруулагчийн онцгой авьяастай нэгэн гэдгээ батлан харууллаа. Гол дүрд түүнтэй хамтран тоглож, Түнтүүлэйгийн дүрийг бүтээсэн хөөрхөн, авьяаслаг, мундаг хүү Г.Тэнүүн-Эрдэнэдээ маш их баярлалаа, бахархлаа.

Кино салбарыг хөгжүүлэхэд тууштай, уйгагүй ажиллаж байгаа, улам чамбайрч яваа продюсер С.Уран дүүдээ баяр хүргэе. Хориод жилийн өмнө Т.Бум-Эрдэнэ ахын “Түнтүүлэй” өгүүллэгийг уйлан, уйлан уншиж байж билээ.

Түнтүүлэй гэдэг тэр жаахан хүү “дагавар” гэж нэрлэгддэг мянга мянган хүүхдүүдийн хайрлагдах эрхийг нь томчуудад сануулсан, хүүхэд гэж ямар гэгээхэн, ариухан, балчирхан эрдэнэ гэдгийг ухааруулсан гайхамшигтай бүтээл юм.

Монгол орны амар тайван, үзэсгэлэнт нутаг, монгол хүний ахуй амьдрал, зан чанарыг ямар энгийн сайхнаар харуулж чадав аа. Дэлхийд Монгол улсыг сайтар сурталчлах, гадаадын хүмүүст ирж үзэх хүсэл төрүүлэхээр барахгүй монгол хүн хүртэл хөдөө гараад давхичихмаар тийм л сайхан жинхэнэ “УРЛАГИЙН БҮТЭЭЛ” болжээ.

“Эргэж ирэхгүй намар” киног хүн бүр үзэж, “Хүүхэд бүхэн хөөрхөн, хүүхэд бүхэн Түнтүүлэй” гэдгийг ойлгоосой. Монголын кино дэлхийн киноны хойморт нь гарах болтугай” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *