Япон улсын шигшээд орсон Э.Цэрэнбаатар: Шинэ боломжийг залуустаа нээж өгөхөөр “Yokohama Beefman” багтай гэрээлсэн.

Сүүлийн үед Ази тивд цойлж буй Японы “Yokohama Beefman” багтай гэрээ байгуулж нэгдээд буй Э.Цэрэнбаатартай цөөн хором ярилцлаа.

Өдгөө 32 настай, хоёр метр өндөртэй түүний хамгаалалт, алсын зайн шидэлтүүд 3х3 сагсан бөмбөгийн ертөнцөд хэдийнээ танигдаж, нэрийн хуудас нь болсон гэхэд хилсдэхгүй. Түүний хувьд нэгдсэн дээд лигт “IHC Apes” багийн бүрэлдэхүүнд тоглон, багаа плей-оффд шалгарахад үнэтэй хувь нэмэр оруулсан.

Тэр ч битгий хэл 3×3 сагсан бөмбөгийн төрлөөр Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан хэдхэн залуусын нэг билээ.

-Ази тивд чансаагаараа дээгүүр тооцогддог “Yokohama Beefman” багтай гэрээ байгуулсан шүү дээ. Энэ талаар яриагаа эхэлье?

Анх урилга ирсэн шалтгаан нь манай багийн тамирчин Тацүхито Норо гэдэг тамирчин байдаг. Энэ залуутай 2019 онд нэг тэмцээнд орж байсан. Найзууд гэсэн үг.

Намайг энэ жил 3×3 тоглож байгаа юу гэж асуухад нь би энэ жил шигшээ багтаа тоглож байгаа гэсэн. Тэгсэн Японд толгох боломжтой юу гэсэн саналыг тавьсан. Нэлээд бодсоны эцэст энэ саналыг хүлээн зөвшөөрсөн.

-Бэлтгэлийн хувьд хэр хүнд байна? Одоо та бэлтгэлдээ гарчихсан байгаа юу?

Клуб учраас яг системийн дагуу бэлтгэл сургуулилтдаа хамрагдаж байна. Япон Улсад хагас бүтэн сайн өдрүүдэд байнгын тэмцээнтэй байдаг. Энэ долоо хоногоос эхлэн тэмцээнүүддээ оролцоод явахаар болсон.

Мэдээж тамирчин хүн, дээр нь Монголдоо ч гэсэн бэлтгэл сургуулилттай байсан учраас хүнд санагдсан зүйл одоохондоо алга байна.

-Таны хувьд Япон хэлтэй юу. Бэлтгэл хийхэд багийн тамирчидтайгаа ойлгоцоход хэр хүндрэлтэй байна?

Сагсны хэл гэж тусдаа нэгдсэн нэг ойлголт байдаг л даа. Мөн өөрсдийн гэсэн зурсан хувилбартай болохоор түүгээрээ ойлголцож байна. Мөн Англи хэлээр ерөнхийдөө ойлголцчихдог. Хэцүү, тулгарч байгаа асуудал байхгүй.

Манай багт Серби, Америк, Белги тоглогч байгаа. Ерөнхийдөө олон улсын баг гэж ойлгож болно. Зарим нэг бага сага зүйл дээр ойлголцохгүй юм гарна. Нэг баг гэдэг утгаараа цаашдаа илүү дотно ойлголцох байх.

-Ирээдүйд Монгол тамирчид гадна дотнын том багуудтай гэрээ хийх, эх орныхоо нэрийг илүү өндөрт гарах анхны алхам боллоо гэж харж болох тийм үү?

Тийм. Мэдээж сайн тоглодог ур чадвартай тамирчид маань эх орондоо тоглож эх орныхоо нэрийг гаргах хэрэгтэй. Мөн түүнээс гадна олон, олон залууст гаднын улсад гарч монголын нэрээ гаргах жим нь болж өгөх байх аа гэж би бодож байна.

Олон дүү нар гарч ирж байна. Тэр бүгдэд боломжийг нээж өгөх хэрэгтэй. Тэгэхийн тулд би энэ газар нэрээ хичээх хэрэгтэй юм болов уу. Илүү сайн байх хэрэгтэй гэсэн бодолтой л явна.

-Монгол тамирчид, дасгалжуулагчаас сурсан мэдсэн зүйл нэлээд дэм болж байгаа байх даа?

Мэдээж хэрэг хүн хаанаас юунаас эхэлснээ хэзээ ч мартаж болохгүй. Манай Монгол тамирчин дасгалжуулагчдыг юутай ч зүйрлэж болохгүй шүү дээ. 2016 оноос хойш 3×3 сагсан бөмбөгөөр тэмцээн уралдаанд оролцлоо

Мэдээжийн хэрэг ирээдүйд манай монголын баг тамирчид, ирээдүйн залуус дүү нарт хэрэгтэй болно гэсэн үүднээс энд ирж тоглож байна. Тэрнээс биш энд ирээд байх шаардлага байхгүй л байсан.

-Хэрвээ нууц биш бол хэдэн жилээр гэрээ хийв. Цалингийн хувьд нэлээд өндөр байдаг болов уу?

Цалин яриад дэмий байх аа. Хүн мэдээж хүссэн цалингаа авахын тулд уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Харин гэрээ жилийн хугацаатай.

Багийн хувьд цаашдаа урт хугацаанд хамтрах сонирхолтой байгаа. Миний хувьд Монгол Улсдаа “IHC Apes” багтай гэрээтэй учраас 11 сараас очиж лигтээ тоголно. Түүнийхээ дараа буцаад Японд ирнэ.

-Монголын 3×3 сагсан бөмбөгийг энэ хэмжээнд хүртэл танигдана гэж боддог байв уу. Та хэдийн хувьд бас нэлээд хүч хөдөлмөр зарцууллаа шүү дээ?

2016 оноос эхлээд Д.Дэлгэрням, Г.Цэнгүүнбаяр, Э.Дөлгөөн нартайгаа нэг баг болж тэмцээнд орон анхны медалиа авч байсан. Түүнээс хойш олонч тэмцээнд Японы багуудыг хожсон.

Мөн Еропын багуудтай ана мана тоглодог учраас биднийг харсан зарим нь Монголчууд шиг тоглох юм сан гэж боддогоо ч хэлж байсан. Манай баг, арын хамт олон, клубын зөв менежмэнтийн тусаар өдий зэрэгтэй яваа шүү дээ.

-Манай улсын 3×3 сагсан бөмбөгийн баг тамирчид хурднаас гадна хүчний тоглолт, уялдаа холбоо, ойлголцох чадвараараа илүү юм шиг санагддаг?

Бусад Ази багуудыг хүчээр илүүрхэж хождог байсан. Гэхдээ түүний цаана зурсан систем ойлголцол хамгийн чухал шүү дээ. Энгийнээр хэлэхэд бол боловсруулсан төлөвлөгөө сайн гэх юм уу. Мөн дээрээс нь Ази багууд дундаа Монголчууд илүү их тэсвэр, тэвчээртэйгээрээ ялгардаг.

-Таныг хэзээ, анх яаж сагсан бөмбөг тоглодог болсон талаарх яриа тун ховор юм билээ.

Бусад хүүхдүүдийн адил гадаа гудамжинд сагс тоглож эхэлсэн санагдана. Тухайн үед 12-13 настай л байсан болов уу. Харин 2006 онд Спрайт 3×3 тэмцээн Төв талбайд болоход тэнд оролцож Улсын хэмжээнд анх удаа түрүүлж байлаа.

Миний спортын амжилт ер нь 3×3 төрлөөр эхэлсэн. тэгээд дунд нь 5×5 төрлөөр тоглож байгаад 3×3 төрлөөрөө дагнаж тоглож байна. 3×3 төрөл бол миний амьдралтай салшгүй холбоотой.

-Монголын 3×3 сагсан бөмбөгийн ирээдүйг хэрхэн харж байна?

Одоо клубын системд шилжсэн байгаа шүү дээ. Яваа яваандаа “Энержи ресус 3×3 клуб” гэдэг шиг маш олон болох байх. Түүний үр дүнд олон өрсөлдөөн үүсэж хөгжил илүү болно гэж боддог. Япон Улс гэсэн ийм зарчмаар явдаг юм байна.

-Хүнд хэцүү зүйл нь юундаа байх уу. Мөн таныг энэ спорттой салшгүй холбоотой байлгадаг зүйл нь юу гэж та бодож байна?

Хамгийн хэцүү нь бэртэл гэмтэл л байдаг юм билээ. Бусдаар цаг хугацаа байгаа бүхнээ зориуулаад явж байгаагийн хувьд эх орныхоо нэрийг дэлхийд гаргах нь л хамгийн чухал зорилго байсан.

Миний өөрийн дурлаж, сонирхож хийдэг зүйл учраас би энэ спортод чин сэтгэлээсээ хайртай.

-3×3 сагсан бөмбөгөөр хичээллэж байгаа залуустаа хандаж үг хэлээч?

Миний зорилго бол шинэ үүд хаалгыг залуус дүү нартаа нээж өгөх шүү дээ. 3×3 сагсан бөмбөгөөр монголын нэрийг дэлхийд таниулахад анхны шигшээ багийн тамирчны хувьд хувь нэмрээ оруулсан, оруулж байгаа гэж хэлж болно.

Тэр шатаа ахиулахын тулд монгол тамирчин гадаадын улс орнуудад тоглох боломжтой гэдгийг харуулж, мотивац болох үүднээс явж байна. Хамгийн гол зүйл нь болохгүй зүйл гэж байдаггүй гэдгийг л тархиндаа, бие сэтгэлдээ шингээх хэрэгтэй.

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.

Ярилцлага авсан та бүхэндээ баярлалаа. Мөн энэ далимд Л.Мягмаржав захиралтай “М-Си-Эс Кока-Кола” компанийн хамт олон, Г.Батцэнгэл захиралтай Энержи Ресурсын хамт олондоо, С.Эрдэнэ эмчтэй Цу-Эрдэнэ эмнэлэг, О.Мөнхжин эзэнтэй “IHC Apes” баг болон гэр бүлийнхэндээ баярлаж талархсанаа илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *