ШУУРХАЙ: Цахилгааны үнийг цаашдаа нэмэх шаардлагатай болсон шалтгааныг хэллээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх MASS.MN сайтад яриа өгөхдөө ийнхүү цахилгааны төлбөр нэмэх талаар ийнхүү ярьсан байна.

Тэрбээр, “Би олон удаа хэвлэл мэдээллээр ярьж байгаа. Монгол улсын эрчим хүчний хэрэглээ үйлдвэрлэлээсээ давсан. Эрчим хүчний хэрэглээ өсч байгаа нь сайн үзүүлэлт шүү дээ. Эдийн засаг өсч байгаагийн хамгийн тод жишээ.

Энэ өсөлтийг хангах хэмжээнд бид үйлдвэрлэлээ нэмж явах ёстой. Харамсалтай нь бид өнөөдрийг хүртэл тэгж чадаагүй. Тиймээс өнөөдрийн байдлаар эрчим хүчний хэрэглээ үйлдвэрлэлээсээ давсан байна. Тэгэхээр эрчим хүчний хангамжин дээр амаргүй нөхцөл байдал үүссэн гэсэн үг.

Гэхдээ сүүлийн үед яриад байгаа шиг арай ч бас гааз, лаа бэлдэхдээ тулаагүй ээ. Бид бэлтгэлүүдээ бүгдийг нь хийж байгаа. Сайн хангаж байгаа. Хүндрэл байгаа. Үнийн өсөлт эрчим хүчний салбарыг тойроогүй. Хүндрэлтэй нөхцөл үүсгэж байгааг би хэлсэн.

Гэхдээ бид төлөвлөгөөт, ялангуяа өвлийн их ачааллыг давах ажлыг хангаж байна. Өнөөдрийн байдлаар бэлтгэл хангах ажил 60 орчим хувьтай байна. 9 сарын 15-нд их ачаалал эхлэх учиртай. Сар гаруй хугацаа байна. Энэ хугацаанд үлдсэн төлөвлөгөөт ажлуудаа дуусгахаар хичээж ажиллаж байна.

Ер нь цаашдаа энэ хүндрэлтэй байдлыг шинэ эх үүсвэр барьж хэрэглээгээ дотоосоос бүрэн хангах хүртэл үргэлжилнэ. Тэр бол үнэн.

Бид яаралтай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан байгаа эрчим хүчний эх үүсвэрээ барьж ашиглалтанд оруулах ажлаа эрчимжүүлэх, цаг хугацаа алдахгүй байх шаардлагатай байгаа. Цахилгаан эрчим хүчний үнэ өртгөөсөө доогуур үнээр бид хэрэглэгч нарт борлуулж байгаа.

Үнийг нэмэх шаардлагатай гэдэг тооцоо судалгааг үнэ тарифийг хариуцсан хараат бусаар шийдвэр гаргадаг газар бидэнд ирүүлээд байгаа. Эрчим хүчний зохицуулах хороон дээр очиж энэ талаар тодруулбал илүү зохимжтой.

Яам бол үнэ нэмэх шаардлагатай, нэмэхийг дэмжиж байгаа. Ямар ч бараа бүтээгдэхүүнийг өртгөөс нь доод үнээр борлуулж болохгүй. Энэ нь өөрөө цаашдаа үйлдвэрлэл явуулах боломжгүй болгоно.

Өөрөөр хэлбэл цахилгаан дулааны хангамжинд санхүүгийн хувьд хүндрэл гарах эрсдэлтэй нөхцөл байдал үүсгээд байна гэсэн үг” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *