Б.Болор-Эрдэнэ Монгол Улсын технологийн салбарыг дэлхийд таниулж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийг Time.com онцолж, түүнийг технологийн салбарт эмэгтэйчүүдийн орон зайг бий болгож буй эрхэм гэв.

“Түүнийг анх 2020 онд Засгийн газрын ордонд ажилд ороход нь хамгаалалтын албаныхан түүнээс хэн нэгэн гишүүний туслах уу эсвэл жижүүр үү хэмээн асууж байв.

Тэр аль нь ч биш байсан бөгөөд улс орны дижитал шилжилтийг удирдахаар томилогдсон байв.

Одоо Цахим хөгжил, харилцаа холбооны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж буй 29 настай Б.Болор-Эрдэнэ нь “Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрүүлэхийн тулд илүү шаргуу ажиллах хэрэгтэй” хэмээн ярьсан байна.

Монгол орны хөдөө орон нутагт өсөж торнисон түүнийг өнөөгийн энэ амжилтад хүргэсэн зүйл нь бол шаргуу хөдөлмөр юм. Тэрбээр 14 настайдаа ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, 18 настайдаа их дээд сургуулиа төгссөн.

Тэрбээр магистрын зэргээ Оксфордын их сургуульд нийтийн удирдлагын мэргэжлээр хамгаалсан бөгөөд Их Британийн Засгийн газар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Мянганы сорилтын сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудад ажиллаж байсан Монгол Улсын шилдэг залуу боловсон хүчин юм.

Б.Болор-Эрдэнэ нь Оксфордын их сургуульд хийсэн судалгаандаа үндэслэн төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-mongolia”-г санаачлан ажил хэрэг болгосон бөгөөд өнөөдөр төрийн 61 байгууллагын 657 үйлчилгээг иргэд давхардсан тоогоор 11 сая удаа цахимаар авч, 99.5 тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгосон байна.

“E-Mongolia” систем нь Эстони улсын цахим шилжилтийн туршлагад үндэслэгдэн хийгдэж буй ажил бөгөөд өнөөдөр иргэд веб сайт болон гар утасны аппликейшнаар дамжуулан төрийн үйлчилгээг цахимаар авч байна.

Монгол Улсын энэхүү амжилтыг дэлхийн хөгжиж буй 10 гаруй улстай хуваалцаж, туршлага солилцож байгаа бөгөөд үүгээр дамжуулан Монгол Улсын мэдээллийн технологийн салбар дэлхийд танигдах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бүрэн боломж бүрдэж байна.

Түүнчлэн бүс нутгийн тоон хуваагдлыг багасгах, технологийн салбар дахь жендэрийн тэгш бус байдлыг бууруулах зорилгоор “Код бичих охидын хөтөлбөр”-ийг санаачлан орон нутгийн 30 охинд код бичих ур чадвар олгосон бөгөөд эдгээр охид өөрийн сурсан эрдмээ бусдад хуваалцаж байна” гэв.

Түүнийг дэлхийд алдартай Forbes сэтгүүл болон World Economic forum-оос эрхлэн гаргадаг сэтгүүл тус тус шилдэг залуу удирдагчаар нэрлэж байсан удаатай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *