Т.Доржханд: Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, coнгуулийн тогтолцоог өөрчлөхийг 100,000 гаруй иргэн дэмжлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн иргэдийн гарын үсгийг УИХ-ын даргад хүлээлгэн өгсөн талаараа мэдээлэл хийв.

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт бид талбай дээр гарч, иргэдтэйгээ хамтарч “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” уриатай тогтолцоог өөpчлөх шаардлагыг тавьсан.

УИХ-ын зүгээс бидний шаардлагыг хүлээн авч таван хоногийн хугацаа өгсөн. Энэ хугацаанд бид 21 аймаг, есөн дүүргийн иргэдтэй уулзаж, яагаад сонгуулийн системийг өөрчилж холимог тогтолцоотой болох ёстой юм бэ гэдгийг ярилцлаа. Үр дүнд нь иргэд тогтолцоог өөрчлөхийг дэмжиж байна.

Өнөөдрийн байдлаар буюу долоо хоногийн хугацаанд 100 мянга гаруй гарын үсэг цуглаад байна. Гадаад суугаа Монголчуудын зүгээс цахимаар гарын үсгээ илгээж байна. Одоогийн байдлаар цахимаар 3,000 гаруй гарын үсэг цуглаад байна. Бид эдгээр гарын үсгийг УИХ-ын даргад хүлээлгэн өглөө.

Гарын үсгээ зурсан иргэд Үндсэн хуулийн тогтолцоог яаралтай өөрчлөхийг дэмжиж байна. Зарим иргэд яагаад тогтолцоог өөрчлөх шаардлагатайг ойлгохгүй, мэдээлэлгүй байна. Мэдээлэл өгөхөөр бүгд дэмжиж байна. Энэ өөрчлөлтийг өнөөдөр л хийхгүй бол болохгүй гэдгийг иргэд ойлгож байгаа.

Тогтолцооны өөрчлөлтөөр Засгийн газрын цомхон болгоё, гаднын хөрөнгө оруулалтыг татъя, төсвийн 76 тал руу хуваахгүй эдийн засагт хэрэгтэй бүтээн байгуулалт хийдэг болъё, УИХ нь бодлого ярьдаг байя гэдгийг иргэд дэмжиж байна.

УИХ-ын даргын зүгээс иргэдийн гарын үсгийг маш хүндэтгэлтэйгээр хүлээн авсан. Бид УИХ-ын даргатай хуулийн дагуу улс орныхоо тулгамдсан асуудлууд болон сонгуулийн тогтолцоог шийдээд явъя гэдэг дээр санал нэгдсэн. Мөн бид таван хоногийн өмнө УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагын хариуг маргаашийн Төрийн байгуулалтын байнгын хороогоор дамжуулж албан ёсоор өгнө гэсэн” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *