Цас хайлуулах бодис цацсаны улмаас хашлага хамуурч, элэгддэг учраас замын шинэчлэлтийн явцад сольдог.

Нийслэлийн Замын хөгжлийн газраас авто замын хашлагын асуудлаар мэдээлэл хийв.

Энэ үеэр тус газрын дарга Г.Баярсайхан авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд замын хашлагуудыг бүгдийг нь солих эсэх тухай сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Тэрбээр “Манайд бродюр солино гэсэн тусдаа ажил байдаггүй. Тухайн замын шинэчлэлтийн явцад хамуурсан буюу элэгдсэн хашлагыг л сольдог.

Цас хайлуулахад цацдаг бодис бетонон хашлагыг эвдэж, элэгдүүлдэг. Тийм болсныг нь л сольдог бөгөөд солих шаардлагагүйг нь сольдоггүй. Манай улс ихэнхдээ бетонон бродюр хэрэглэдэг.

Тэр нь цас хайлуулах бодис давс цацсантай холбоотойгоор ашиглах хугацаа нь богиносох тохиолдол гардаг” гэжээ.

Харин энэ тухай Нийслэлийн Замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох “Хашлага солих ажил гэж байдаггүй.

Замын шинэчлэлтийн ажлыг хийнэ гэдэг бол замынхаа геометр хэмжээсийг алдагдуулахгүйгээр хучилт болон явган зам, хашлагатай нь шинэчлэхийг хэлж байгаа. Их засвар гэвэл доод талын шугам сүлжээтэй нь иж бүрнээр шинэчлэхийг хэлж байгаа юм” хэмээн тайлбарлав.

Энэ жилийн тухайд ч зам засварын ажлын хүрээнд замын хажуугийн эвдэрсэн бетонон хашлагуудыг солино. Харин хотын төв орчимд 2007 онд хийгдсэн чулуун хашлагууд хэвээр байгааг солихгүй. Эвдэрсэн хугарсан зарим хашлагыг сольж, хучилт хийнэ гэдгийг албаныхан хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *