П.Очирбат: Ерөнхийлөгч болчихоод Монголыг Азийн “бар улс” болно гэж хэлсэн. Харамсалтай нь…

Монголд газрын тос илэрч, төрийн тэргүүний хувьд Та тэнд очихдоо дээлийн энгэрээ мялааж явсан агшныг монгол хүн бүр санадаг.

Түүнийг харсан хүн бүр монголчууд тосоо нэрээд машиндаа хийгээд давхина гэж бодсон. Гэвч одоо ч бид газрын тос боловсруулах үйлдвэргүй, газрын тосноос олсон ашиг багатай л байна. Монголд үйлдвэрлэл хөгжихгүй байгаагийн гол шалтгааныг та юу гэж хардаг вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Монголын эдийн засгийн хөгжлийн ирээдүйг төсөөлж “Азийн нэгэн бар болно” гэж хэлсэн. Аж үйлдвэржсэн Азийн орнуудын туршлага, туулсан зам, хүрсэн түвшнийг судлаад түүнд үндэслэн хэлсэн миний үг л дээ.

Эдийн засаг, санхүүгийн хуримтлал муутай манайх шиг орон Азийн бар болохын тулд давын өмнө гадаадын хөрөнгө оруулалтыг татаж олон хэлбэрийн санхүүжилт бүхий үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой байсан.Энэ аргыг хэрэгжүүлж эхэлсэн боловч ихэнхийг нь хөөж гаргасан.

Ганц үлдсэн нь Оюутолгой. Бар болох хоёр дахь зам нь экспортыг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэгдсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаадад гаргах зам юм л даа. Үйлдвэрийн хэрэгсэл нь ашигт малтмал байдаг ганц салбараа түшиглэн уул уурхайн аж үйлдвэрээ хөгжүүлж экспортынхоо 90 орчим хувийг зөвхөн энэ салбараас хангаж байна.

Энэ бол эрдэс баялгийн салбарын хөгжлийн стратегийг зөв боловсруулан хэрэгжүүлж байгаа Монголын уул уурхайн салбарынхны гавьяа.Нийгэм эдийн засгийн шилжилтийн хүнд үеийг Монголын малчид, уурхайчид аварч гарсан.

Хоёр талаасаа хаалттай болсон хүнд үед Монголын уурхайчид, уул уурхайн салбарынхан аварч зөвхөн экспортын төдийгүй эрчим хүч, дулаан цахилгаан, ус хангамж, нийтийн үйлчилгээ, өр төлбөр бүхний төлбөрийг дааж төлж байна.

Ингээд байхад эх орны баялгийг цөлмөн гадаадынханд өглөө гээд уул уурхайн салбарынхныг харааж зүхээд байдаг нь хачирхалтай. Зүү, хуруувчнаас эхлээд онгоц, вагон, галт тэргээ хүртэл гадаадаас авдаг Монгол улс эд бүхнийхээ оронд юу өгөх юм бэ? Б

ар болохын тулд хийх гурван чухал ажлын нэг нь гадаадын хөрөнгө оруулалт, нөгөө нь экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гурав дахь нь хүн болгон ажил хийж хөдөлмөрлөх. Энэ гурван нөхцөлийг хангахгүй байгаа учраас манайд үйлдвэрлэл хөгжихгүй байгаа юм.

Та “Алт” хөтөлбөрийг эхлүүлсэн нь маргаангүй үнэн. Тухайн үедээ Монголын эдийн засгийг аварсан хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн сайн болон сул талыг нь нэрлэ гэвэл?

Сайн тал нь гэвэл нэгдүгээрт, Монгол Улсын төлбөрийн үндсэн эх үүсвэрийн алтан баталгаа нэмэгдсэн. Хоёрт, Монголд алтны аж үйлдвэрийн дэд салбар үүсэн хөгжиж алтны экспорт нэмэгдсэн.

Алт авралын од болж яваа. Сул тал нь гэвэл алт олборлосон газрынхаа нөхөн сэргээлтийг хугацаанд нь бүрэн гүйцэд хийхгүй байгаль орчныг гэмтээж бохирдуулж байна.

Гол буруутан нь энд тэндгүй газар сэндийлж гол, горхины ус булингартуулж яваа “нинжа” нар байна. Би саяхан “Дэлхийн алтан хэвлий” гэдэг судалгааны ном бичиж нийтлүүлсэн. Тэндээс дэлхийн алтны түүхийг үзэж болно.

80 насны өндөрлөгөөс харахад Монголын уул уурхайн салбарт ямар бодлого дутагдаж байна вэ?

Уул уурхайн салбарын талаар төрийн тодорхой, тогтвортой бодлого хэрэгтэй. Уул уурхайд популизмаар хандаж болохгүй. Геологи хайгуул хийж орд газрыг олохгүй бол уул уурхай хөгжихгүй гэдгийг мэдмээр юм даа.

Ашигт малтмалыг эрж хайж олохоос эхлээд уурхай байгуулж ашиглаж эхлэх хүртэл урт хугацаа хэрэгтэй. Тухайлбал, Эрдэнэтэд 16 жил, Оюутолгойд 27 жил зарцуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *