ОХУ найрсаг харилцаатай орнууддаа газрын тосоо хямд үнээр борлуулна. Гэтэл манай улс…

Украины асуудлаас үүдэлтэйгээр барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан юм.

Кремль орлогын гол эх үүсвэрээ хадгалах зорилгоор газрын тос, байгалийн хийгээ найрсаг харилцаатай орнуудадаа ямар ч хамаагүй үнээр зарахад бэлэн байна гэж тус улсын Эрчим хүчний сайд мэдэгдсэн байна.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Оросын “Известия” сонинд ярилцлага өгөх үеэрээ “Дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханш баррель тутамд 150 ам.доллар хүрч болзошгүй. Гэхдээ бидний үүрэг бол нефтийн үнийг таамаглах бус газрын тосны салбарын үйл ажиллагааг хэвийн хангах явдал юм.

ОХУ найрсаг харилцаатай орнууддаа газрын тос болон нефтийн бүтээгдэхүүнийг ямар ч хамаагүй үнээр зарахад бэлэн байгаа” гэсэн юм.

Эрчим хүчний сайдын хэлснээр, борлуулах үнэ нэг баррель нь 80-150 ам.долларын хооронд хэлбэлзэж магадгүй гэнэ. Орос-Украины дaйны yлмаас өнгөрсөн сард дэлхийн зах зээл дээрх “Brent” маркийн газрын тосны ханш баррель тутамд 120 ам.доллар хүрсэн.

Энэ нь сүүлийн найман жил буюу 2014 онд ОХУ Крымийг эзлэн түpэмгийлcнээс хойших газрын тосны рекорд ханш болсон юм.

Тэгвэл өнөөдрийн байдлаар газрын тосны үнийн өсөлт харьцангуй намжиж, “Brent” баррель тутамд 111.7 ам.доллар, Оросын “Sokol” 98.71 ам.доллар, “ESPO” 79.72 ам.долларт тус тус хэлбэлзэж байна. ОХУ-ын Төрийн Думын Эрчим хүчний хорооны дарга Павел Завалный хэлснээр Хятад, Турк хоёр бол Кремлийн найрсаг харилцаатай орон аж.

ОХУ-ын Засгийн газар тус улсын эсрэг эдийн засгийн хориг тогтоосон Европын холбооны 27 улс, АНУ, Канад, Их Британи, Швейцарь, Австрали, Шинэ Зеланд, Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань тэргүүтэй 48 улсыг “Нөхөр бус орнууд” гэж тодорхойлсон.

Хамгийн сүүлд, НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгчийн газар Москваг Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тухай Ерөнхий ассамблейн хуралд дэмжих болон түдгэлзэх санал өгсөн орнуудыг “Нөхөр бус орон” гэж тооцно.

Мөн хоёр орны харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагаа болон бусад чухал ач холбогдолтой асуудлуудаар хамтран ажиллахад Ерөнхий ассамблейн санал хураалтад дарсан саналын байр суурийг харгалзан үзнэ гэдгийг илэрхийлсэн.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *