Л.Оюун-Эрдэнэ: Бид улсаараа эдийн засгийн хувьд маш хүнд нөхцөлд орж байгаа гэв. Мөн тэрбээр…

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Засгийн газрын хуралдааны шийдвэрийг олон нийтэд танилцуулсан.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар төсвийн урсгал зардлыг хэмнэх талаар хэд хэдэн шийдвэр гаргасан.

Төсөв хэмнэх бодлоготой зэрэгцэн 2022 он дуустал төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн ААН-үүдээс бусад байгууллагын ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал сар бүр буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

Үнийн өсөлтөд нэрвэгдсэн ард түмэнд энэ нь муугүй сонсогдож болох ч туйлдсан төсөвт дарамт өгөх нь ойлгомжтой юм. Ерөнхий сайд хувийн хэвшлийн албан хаагчдын татварт төлөх байсан НДШ-ийн 50 хувийг 2022 оны дуустал иргэдэд буцаан олгоно мэдэгдсэн ч улс орны эдийн засаг ямар хүндрэлтэй байгаа тухай үнэнг ард түмэнд хэлэв.

Тэрбээр, Монгол Улс:

  • Тэтгэвэр, тэтгэмжид 13 орчим их наяд төгрөгийг
  • Хүүхдийн мөнгөнд 1.4 их наяд төгрөг
  • Цалинд- 3.1 их наяд төгрөг
  • Зээл тусламжаас санхүүжих урсгал зардлууд 227 тэрбум төгрөг.

Дээр нь хөнгөлөлтүүд, халамжийн зардал, татаас гэх мэтээр төсвийн мөнгө зарцуулагдаж байна.
Эдгээрээс бусад зохицуулалт хийж болох зардал нь төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаатай холбоотой зардал буюу 2.2 их наяд төгрөгт Монгол Улс эргэж байна.

Цалин нэмье, сургууль цэцэрлэг барья гэж хэлэх амархан. Энэ бүхнийг тулсан хэмжээнд хийх эдийн засгийн боломж байхгүй. Ер нь миний дүгнэлтээр бид улсаараа эдийн засгийн хувьд маш хүнд нөхцөлд орж байгаа.

Нийгмийн хэрэгцээ, иргэдийн тавьсан шаардлага, жагсаал цуглаан гэх мэт тухайн нөхцөл бүхэнд хариу үйлдэл үзүүлж, ингэж шийдэхгүй бол болохгүй гэж явсаар байгаад төр халамжийнхаа том урсгал, зардлыг дийлэхээ больж байгаа юм билээ. Нийгмийн даатгалын сан ч ялгаагүй.

Бид иргэддээ үнэнээ хэлж байхгүй бол өнөө маргаашийг өнгөрөөж явсаар бүр том асуудалд орохоор болсон. Энэ бол нуугаад байх зүйл биш, Сангийн сайд асуудлаа үнэнээр нь олон нийтэд мэдээлж байх хэрэгтэй.

Манай улс төсвийн орлогынхоо 50 орчим хувийг нүүрснээс бүрдүүлж байна. Сангийн сайд бол “Өдөрт хэдэн вагон нүүрс гарав” гэж тоолж байдаг хэмээгээд “Нүүрсний үнэ унавал яах вэ?” гэсэн асуултын тэмдэгтэйгээр яриагаа өндөрлөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *